Д.Баярсайхан: Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Д.Баярсайхан: Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөхгүй

Д.Баярсайхан: Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөхгүй

Төрийн банкнаас өнөөдөр /2018.4.18/ Э.Сүрэнгийн нэхэмжлэхтэй холбоотой шүүх хурлын талаар мэдээлэл хийлээ. Иргэн Э.Сүрэнгийн нэхэмжлэхтэй холбоотой шүүх хурал өчигдөр /2018.4.17/ Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “Бид хоёр зүйлд үндэслэн шүүхэд хүсэлт гаргасан. Нэгдүгээрт, 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд тайлан балансаа шилжүүлсэн хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана гэдгийг тогтоолгох.  Үүний дагуу тогтоож өгсөн. Шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 2013 онд гарсан шийдвэрийг дахин хянаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Хоёрдугаарт, танай тайлан баланст Э.Сүрэнтэй холбоотой өр авлага шилжиж ирсэн эсэхийг албан бичгээр асуусан. Тэднийхээс Хадгаламж банкнаас Э.Сүрэнтэй холбоотой аливаа зүйл ирээгүй гэдгийг нотолсон. Тиймээс ийм нотлох баримт ирсэн учир үүнийг шинээр илрүүлэх нөхцөл байдлын улмаас шүүхэд хандсан. Энэ хүсэлтийг шүүх хангаагүй орхисон. Гэтэл энэ шийдвэрийг ‘Төрийн банк өр төлөхөөр боллоо’ гэж зарим сонинд бичжээ. Энэ нь буруу. Улсын Дээд шүүхийн 2018 оны хоёрдугаар сарын 5-нд гарсан нэг тогтоол байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, Төрийн банкаар өр төлбөрөө барагдуулахгүй ээ, “Жаст” компаниар өрөө барагдуул гэсэн тогтоол. Тэгэхээр 2013 онд гарсан шүүхийн шийдвэр ч ‘Жаст’ компаниар төлүүлэх ажиллагаа эхний ээлжид явагдана.

Шалгалтаар Э.Сүрэнгийн талаас гаргаж өгсөн бүх нотлох баримт хуурамч гэдгийг тогтоосон. Бидэнд энэ асуудлаар маргах боломж өгөхгүй байна. Яагаад гэхээр, 2013 онд давж заалдаагүй. Гэхдээ хуурамч нотлох баримтууд гараад ирснийг АТГ, Прокурорт  өгсөн. Төрийн банктай холбогдсон Ш.Батхүүгийн асуудал “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай нэгтгэгдчихээд байгаа тул тус тусад нь авч хэлэлцэхгүй байгаа юм. Миний хэлэх зүйл гэвэл, Төрийн банк ямар нэгэн өр, төлбөр төлөхгүй, ямар нэгэн төлбөрт унасан зүйл байхгүй. Төрийн банк аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэлээ.

Шүүх хурлын нэхэмжлэх нь ‘Жаст групп’ ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Э.Сүрэнгээс авсан 51 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк төлөх асуудалтай холбоотой юм. 2010 онд “Жаст групп” иргэн Э.Сүрэнгээс 32 сая 855 мянган ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн юм байна. Ингэхдээ зээлийн эрсдэл даах баталгааг ‘Хадгаламж’ банк Э.Сүрэнд олгожээ. Гэвч Хадгаламж банк 2013 онд дампуурч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулж, тус банкийг ‘Төрийн банк’-нд шилжүүлсэн юм. Харин Э.Сүрэн шүүхэд хандсанаар Төрийн банк зээлийг төлөх шийдвэр гарснаар маргаан үүсээд байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж