Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана
- Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.
- Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.
- Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.
- Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд зам тээврийн 1596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.
Нүүрсний тээвэрлэлтийн урт дарааллыг зохицуулах, жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, улсын хилийн зурваст газарт (48 га талбай) “Автозогсоолын цогцолбор” байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар өмчилж авах өргөдөл гаргах, түүнийг хянах, газар өмчлөгч иргэнд хориглох зүйл, иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон бүртгэл, хөдөлгөөний талаар тодорхой зохицуулалтуудыг нэмэх, өөрчлөн найруулах саналыг тусгажээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанд хуульд 7 удаа нэмэлт өөрчлөлт орж, үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгасан байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18,3, нийт өрхийн 62,54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолттой холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөговь, Дундговь аймагт энэ 12-14-нд ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
- Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх,
- Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах,
- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын тавьсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн болон нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн хэмжээг бууруулах” зэрэг саналыг судалж, шийдвэрлэх,
- Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны салбар эмнэлгийг байгуулах саналыг судалж хариу өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин, зарим шаардлагатай тоног төхөөрөмж олгох,
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах зардал болон тус шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт оруулж шийдвэрлүүлэх
- Дундговь аймгийн төвд 2010 оноос эхлэн шинээр баригдаж байгаад орхигдсон аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг дахин эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Товч мэдээ
-Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болно. Чуулганд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахална.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг 2018 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд Бүгд Найрамдах Социалит Вьетнам Улсын Данан хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын ногоон сангийн Азийн бүсийн зөвлөлдөх уулзалт”-д оролцохыг зөвшөөрч удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулагдах Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2018 оны Хаврын уулзалт, Нью-Йорк хотод энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалт, Филлипин Улсын Манила хотод ирэх сарын 3-5-нд болох Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 51 дүгээр жилийн уулзалтад оролцохыг зөвшөөрлөө.
-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 6-9-нд Бүгд Найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав.
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр болов.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд холбогдох саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.
-Ганболдын Ганбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ