"Зодолдох, зодуулах гэмт хэргийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ их хийдэг"

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

"Зодолдох, зодуулах гэмт хэргийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ их хийдэг"

"Зодолдох, зодуулах гэмт хэргийн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ их хийдэг"

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнөөдөр /2018.04.18/ нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хууль анх 2009 онд батлагдаж, хүрээлэн байгуулагдаж байх үед хүрээлэнгийн хэмжээнд нийт шинжээчид 44307 шинжилгээ хийж байсан бол 2017 онд 65526 гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсрэх төхөөрөмж, дүр зураг, дүрс бичлэг, авто техник, компьютер судлал, дуу авиа, материал судлал, хими, физик, биологи, ДНХ, бактериологи, гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн болон нас тогтоох, хавтаст хэргийн материал, эд эс, цогцост задлан шинжилгээг тус тус хийсэн бөгөөд 21219-р буюу 47.89 хувиар өссөн дүнтэй байна. Мөн тус байгууллага өнгөрсөн таван жилийн хугацаанд хэн болох нь тодорхойгүй, эзэн холбогдогчгүй 921 цогцост шинжилгээ хийжээ. Үүний 423 цогцсыг хэн болохыг тогтоож, ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Мөн өдөрлөгийн үеэр ажлын болон лабораторийн хэрэгцээ шаардлага хангасан таван ширхэг “УАЗ-Фургон” маркийн автомашиныг хүлээн авлаа. Эдгээр машиныг алслагдсан орон нутгийн шүүхийн шинжилгээний албадуудад хуваарилан өгсөн аж. Тухайлбал, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний алба, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шүүхийн шинжилгээний хэсэг, Шүүх эмнэлэг, Криминалистикийн албыг хангахаар болсон гэдгийг дуулгалаа.

Шүүх эмнэлэг үндсэн гурван төрлийн шинжилгээ хийдэг

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд

  Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдтой цөөн хором ярилцлаа.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хэчнээн төрлийн шинжилгээг ямар байдлаар авч байна вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь үндсэн дөрвөн төрлийн шинжилгээний газартай. Үүнд Криминалист шинжилгээний газар, Шүүх шинжилгээний газар, Эдийн засгийн шинжилгээний газар, Тусгай шинжилгээний гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шүүх эмнэлэг үндсэн гурван төрлийн шинжилгээ хийдэг. Нэгт, хүний биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн маргаантай асуудал шийдвэрлэх, эрүүл мэндийн байдал тогтоох, хоёрт, нь цогцост шинжилгээ хийдэг. Тухайлбал, гаднын нөлөөтэй нас баралтуудад эмнэлгийн бус нөхцөлд нас барсан, эмнэлэгт эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нас барсан тохиолдлуудад шинжилгээ хийгдэж байна. Гуравт, иргэний болон эрүүгийн хэргийн материалаар, эмнэлгийн бичиг баримтаар шинжилгээ хийгдэж байгаа. Мөн Физикийн шинжилгээний хэсэг нь санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх төрлийн шинжилгээг хийдэг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийгддэг бүх шинжилгээ нь хуулийн байгууллагын тогтоол шийдвэрээр хийгддэг юм. Ингэхдээ мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээ хийгддэг. 

-Шүүхийн шинжилгээний хариу удаашрах тохиолдолд байдаг шүү дээ. Ямар асуудлаас болж шинжилгээний хариу хойшлогддог вэ?

-Хуулийн байгууллагын шинжилгээ хийхэд заасан хугацаанд дүгнэлт гаргана гэж Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан боловч бидэнд тухайн шинжилгээг хийх жишиг хугацаа байдаг. Шинжилгээ болон харилцан адилгүй цаг хугацаа зарцуулдаг. Тийм учраас аль болохоор өөрсдийн баримталдаг жишиг хугацаанд дүгнэлтийг гаргах чиглэл барьж ажилладаг. Зарим тохиолдолд тодорхой хугацаагаар шинжилгээний хугацаа удах тохиолдол байдаг. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, ирүүлсэн материалын тоо хэмжээ, эсвэл аргачлал, техник тоног төхөөрөмжийн бололцоог хамааран харилцан адилгүй байгаа.

-Манай улсад техник технологийн хүрэлцээ байхгүйн улмаас хийгддэггүй шинжилгээ байдаг юм болов уу?

-Бид нар өөрсдийн байгаа тоног төхөөрөмжийн хүрээнд л шинжилгээг хийж байгаа. Аль болох тоног төхөөрөмжөө сайжруулах дэвшилтэт технологийг оруулж ирэхийг зорьж байна. Шүүхийн шинжилгээний байгууллагад  байгаль, орчин экологийн шинжилгээ, барилга байгууламжтай холбоотой шинжилгээг хийхэд тоног төхөөрөмж дутмаг байна. Мөн боловсон хүчин дутагдалтай  байгаа учраас эдгээр шинжилгээг хийх боломжгүй байна.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ямар төрлийн шинжилгээ зонхилж хийгддэг вэ?

-2017 оны байдлаар Шүүхийн шинжилгээний байгууллага 68 мянга орчим шинжилгээ хийсэн байна. Үүний 58 орчим хувийг шүүх эмнэлгийн шинжилгээ эзэлж байна. 30 хувийг криминалистикийн шинжилгээ, 20 гаруй хувийг тусгай шинжилгээ, 5-6 хувийг эдийн засгийн шинжилгээ эзэлж байна. Ер нь жил бүр гэмт хэргийн гаралт ихэсч, хийгдэх шинжилгээ нэмэгддэг.

-Шүүх эмнэлгийн шинжилгээ 58 хувь гэхээр хамгийн их хийгддэг байх нь?

-Шүүх эмнэлэгт  жилдээ 60 мянга орчим шинжилгээ хийгддэг. Үүнээс 30 мянга орчим нь хүний биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн маргаантай асуудал шийдвэрлэх, эрүүл мэндийн байдал, нас тогтоох гэсэн шинжилгээ хийгдэж байна. Хамгийн их хийгддэг шинжилгээ бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодолдох, бусдад зодуулах гэмт хэргийн, гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ л их хийгдэж байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван аппаратыг суурилуулсан

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин 

-Хүрээлэнд хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх шинэ төрлийн багажийг суурилуулсан гэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өссөнтэй холбоотой юу?

-Сүүлийн жилүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байна. Үүнтэй холбоотой шинжилгээний тоо ч дагаад өсч байгаа. 2017-2021 оны хооронд хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбогдуулан тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторид хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван аппаратыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч суурилууллаа.

-Энэ төхөөрөмж нь олон улсад хэр өргөн хэрэглэгддэг вэ. Багаж техникийг ашиглах мэргэжилтний хувьд?

-Энэ багажаар мансууруулах төрлийн бүх бодисыг гаргаж ирнэ. Үүнийг дэлхийн 50 гаруй улс оронд ашиглагдаж байна. Одоогоор ОХУ-аас мэргэжилтэн ирээд сургалт судалгаа хийж байгаа. Үүний дараа Герман улсаас мэргэжилтэн ирж, сургалт явуулна. Үндсэндээ ирэх сарын сүүлээр шинэ төхөөрөмжөө ашиглана.

-Өнгөрсөн жилд хар тамхи мансууруулах, бодистой холбоотой нийт хэчнээн шинжилгээ хийсэн бэ?

-Мансууруулах бодисын хэрэглээ тасралтгүй өсч байна. Өнгөрсөн онд 486 орчим хар тамхитай холбоотой шинжилгээг хийсэн. Он гарснаас хойш 200 гаруй объектын 100 гаруй шинжилгээ хийсэн. Урьд нь манай нутагт ургадаг “олсны ургамал” гэж яригддаг ургамал их байсан. Сүүлийн жилүүдэд сентитик төрөлтэй мансууруулах бодис гэж яригддаг “ICE”  буюу мөс их илэрч байгаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж