АНУ-ын “Старбакс” кофены сүлжээ тавдугаар сарын 29-ны үдээс хойш АНУ дахь 8000 салбар дэлгүүрээ хааж, 175,000 ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг сургалт явуулах гэнэ. Өнгөрсөн ням гаригт (2018.04.15) Филадельфи дэх “Старбакс”-ын нэгэн салбарт сууж байсан хар арьстай хоёр залууг цагдаа нар тус газраар үйлчлүүлэх эрхгүй гэж үзэж баривчилснаас энэ хэрэг манджээ. Хар арьст хоёр залууг баривчилсан энэ явдлыг гэрчлэн нэгэн үйлчлүүлэгч гар утсандаа бичлэг хийн цахим сүлжээнд тавьсан нь олон нийтийн эгдүүцэл, дургүйцлийг төрүүлсэн юм.
“Старбакс” корпорацийн зүгээс мягмар гаригт мэдэгдэл гаргаж, нисэх буудал, хүнсний зах дахь тус компанийн лицензтэй 6000 гаруй газрын ажилтнуудад ч мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг сургалт явуулна гэжээ. “Старбакс” корпорацийн гүйцэтгэх захирал Кевин Жонсон “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хандлагын эсрэг бид Старбаксын ажилтнуудын дунд сургалт явуулаад зогсохгүй нийгэмд илүү чиглэсэн арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.
Кевин Жонсон “Старбакс”-ийн нэгэн салбараас хоёр хүнийг баривчилсан энэ хэргийн төлөө олон нийтээс уучлал гуйж, хар арьст хоёр залуутай өөрийн биеэр уулзсан байна. “Старбакс”-т кофе уух гэж орсныхоо төлөө баривчлагдсан хоёр залууг цагдаа нар ял шийтгэлгүй суллан явуулсан гэнэ. “Старбакс”-ын нэгэн менежер цагдаа дуудаж, “Хоёр жентельмен худалдан авалт хийхгүй, бас гарахаас татгалзсан” тухай мэдээлснээс энэ хэрэг үүджээ. Цагдаа дуудсан менежерийг ажлаас нь халсан гэнэ.
Эх сурвалж: Reuters