Сошиал  шүтэх нь төрийн бодлого мөн үү

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Сошиал  шүтэх нь төрийн бодлого мөн үү

Сошиал  шүтэх нь төрийн бодлого мөн үү

Нийслэл хот сая давсан иргэнтэй мегаполис хот болоод 10 жилийн нүүр үзжээ. Хоёр хүн тутмын нэг нь автомашин хөлөглөж, 600 мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа. Ийм том хотод урьд өмнөхөөс илүү бүтээн байгуулалт, зам, гүүр, гүүрэн гарц хэрэгтэй. Эдгээр ажил энэ зунаас улам эрчимжинэ. Замын цагдаагийн өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажил эхэллээ. Яармаг, Сонсголонгийн гүүрнүүдийг шинэчлэх ажил өрнөж байна. Урьд өмнөхөөс ялгаатай нь шинэ гүүр, гүүрэн гарцууд найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай. Гэтэл гадаад явахаараа л түгжрэлгүй, цэгцтэй, жигдхэн урсгалтай давхар замуудыг харж шогшрох атлаа Улаанбаатарт ийм зам барих болохоор олон нийтийн сүлжээгээр шүүмжлэгсдийн дон шүглэж эхлэв ээ. Хөгжилтэй том орны хотууд төвөө бетонддоггүй л гэнэ. Давхар зам хотын төвдөө барих нь хоцрогдсон явдал л гэнэ. Сүүлийн үед Бээжин, Вашингтон хотууд давхар замаа буулгаж, нийтийн хэрэглээний газар болгож байгаа юм байх. Бодвол хотын төвдөө машины хөдөлгөөнгүй, явган явдаг болж байгаа юм байлгүй.

Харамсалтай нь мөнөөх сошиалчид замын түгжрээн дунд гиюүрч бачимдах зуураа эдгээрийг бичиж суугаа хэрэг л дээ. Бүр замын “тооцоо, судалгаа”-г нь хийчихсэн гэж байгаа. “Дөрөвхөн эгнээтэй гүүр 47 сая ам.доллараар гэхээр замаас 190 дахин өндөр өртгөөр босох гээд байгаа юм даа. Өөрөөр бодвол аравхан алхам (10м) бүр нь л 1 сая ам.доллараар үнэлэгдэх гээд байна. Дөрөвхөн алхам (4м) бүр нь 1 тэрбум төгрөг гээд бод доо” хэмээн шогшрогч гараад ирж. Тэдний ийнхүү замд түгжирч, бөглөрч, гиюүрч бачимдахдаа утас самардаж суугааг болиулах гэж л зам, гүүрнүүд, гүүрэн замууд барих байгаа хэрэг л дээ.

Хэсэгхэн зуур, хэдхэн газарт хаалт хийж зам, гүүр барих хооронд тэвчээр алдан төр, засгийн хийж буй руу шуурч суугаа сошиалчдын үгийг хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл шүүрч аван эгээ л Засгийн газрын шийдвэр мэт сурталчлах болжээ. Сошиалаар бүтээн байгуулалт хийх эсэхээ шийддэг юм бол Монголд төр, засаг гэж байх хэрэг алга. Нийгмийн сүлжээнийхэн хөрөнгө босгоод хотоо түгжрэлгүй, хоггүй, ухаалаг болгочихдог бол тэдэнд засгийн эрх бариулчихад болохгүй гэх газаргүй. Гэвч сошиалчид бүтээх босгох цагаа утас, компьютерийн ард шүүмжлэх ажлаар үрж суугаагаа сэхээрэх завгүй л байна. Ийм хүнийг монголчууд “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг дээ.

Хэрэв 1950-60-аад онд, Улаанбаатар хотод бүтээн босголт ид өрнөж байх үед сошиалчид байсан бол “Аман хуур”-ын Дарь гуай хүрээний хашир найзуудтайгаа нийлэн фейсбүүк, твитердэж, 40, 50 мянгатуудыг таг гацаан дааман хаалгатай өндөр шургааган хашаандаа өдийг хүртэл сууж байх байсан ч бил үү. Сошиалчид минь хошуу уралдуулахаа түр азнаж, бүтээн байгуулалтынхаа ажилд тэсвэр, тэвчээрээ хэсэгхэн зориулбал бөглөрөл дунд утсаа оролдон бачуурч суудаг цаг хойно хоцорч, бүтээн байгуулалтынхаа үр дүнг үзэх цаг холгүй л байна. Тэгсэн хойно харин утас самардах зав олгодоггүй замын түгжрэлгүй болгосон төр, засгаа хэрхэх нь тэдний хэрэг.

Эзэнгүй хаягууд хүчирхийлэлд уриалж байна. Сошиалд хэн нь мэдэгдэхгүй буух  эзэнгүй хаягууд их байдаг. Хүнийг гутаадаг, муулдаг, адаг сүүлдээ цаазал хэмээн  хашхирах эзэн биегүй хаягууд байх юм. Энэ хаягийн ард их мөнгө урсдаг гэж нэгэнтээ  УИХ-ын гишүүн  Л.Эрдэнэчимэг хэлсэн. Тэд төлбөртэйгөөр улстөрчдийг намнах ажил хийдэг байж болно, харин бүтээн байгуулалтыг харлуулах шаардлага байхгүй юм. Төрийн бодлого цахим ертөнцөд дутагдаж байгааг ч үгүйсгэх аргаггүй.  Гэхдээ доллар биш бүх хүнд таалагдахын тул түүнд л анхаарлаа хандуулаад байвал ажил явахгүй. Тиймээс л бодлого шийдвэрээ гаргаад, аль болох богино хугацаанд, бага хөрөнгөөр асуудлаа шийдэх нь чухал. Газаргүй болтлоо шигүү суурьшсан хотод гүүрэн зам барихгүйгээр өөр асуудлаа яаж шийднэ гэж…

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж