“МИАТ” ТӨХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийдвэрлэжээ. Д.Баттөр нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг томилох нь гэсэн яриа нэг сар орчмын өмнөөс дуулдаж, төд удалгүй Т.Тамир захирал өргөдлөө өгсөн тухай мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаас харагдах болсон. Ямартай ч өчигдөр “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ, өнөөдөр Засгийн газар хуралдаж Д.Баттөр албан ёсоор ажлаа эхэлж байгаа аж.
“МИАТ” ТӨХК-ийн шинэ захирал Д.Баттөр нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Засгийн газар бүрдэх үеэр өмнөх Засгийн газраас ганцаараа суудалдаа үлдсэн төрийн нарийн бичгийн дарга гэж олон нийтэд тод танигдсан гэдэг. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улааны “хүн” гэдэг. Үүгээрээ ч одоогоор Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж эхлэх болсон нэг ч гэсэн тулхтай хүнийг “өөртөө татлаа” гэх таамаглал оргүй байж мэднэ. Харин Засгийн газрын хүрээнд түүний дэмжигдсэн шалтгаан нь тендер, концессыг шийдэхэд тааралдах гажуудал, төрийн өмчит байгууллагын хэт тансаг, үрэлгэн байдалтай тууштай дэмжигч чанар нь биз ээ.
Тэгээд ч Зам тээврийн хөгжлийн сайд, тухайн үед С.Батболдын Засгийн газарт ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “нэг ангийн ТНБД” болох Ж.Бат-Эрдэнэтэй нэлээд дотно, санал их нийлдэг гэдгийг эрхэм сайд өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Ийнхүү тал талын дэмжлэгтэйгээр Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.