ОХУ гадаадад суралцаж буй оюутнуудаа эх орондоо ирэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

ОХУ гадаадад суралцаж буй оюутнуудаа эх орондоо ирэхийг уриалав

ОХУ гадаадад суралцаж буй оюутнуудаа эх орондоо ирэхийг уриалав

Лондон болон барууны орнуудтай харилцаа муудаж буйгаас ОХУ-ын Засгийн газрын Россотрудничество агентлаг гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудаа эх орондоо эргэн ирж, үргэлжлүүлэн суралцахыг уриалж эхэлжээ. Россотрудничество агентлаг энэ сарын 16-наас эхлэн гадаадад, тэр дундаа найрсаг бус харилцаатай Их Британи болон барууны бусад улс орнуудад суралцаж буй орос оюутнуудыг эх орондоо эргэн ирэхийг уриалсан кампанит ажил өрнүүлжээ.

Тус агентлагийн нэгэн мэргэжилтэн хэлэхдээ “Бидний харж байгаачлан зарим улс орны ялангуяа Европын орнуудын улс төрийн дотоодын байдалд Орос иргэдийн эсрэг чиглэсэн хандлага улам нэмэгдэж байна. Бид Оросыг эсэргүүцсэн хандлагын сөрөг үр дагаврын талаар иргэддээ анхааруулах үүрэгтэй” хэмээн Риа-Новости агентлагт мэдээлсэн байна. ОХУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2014 оны тоо баримтаар ОХУ-ын 60,000 гаруй оюутан гадаадын их дээд сургуульд суралцдаг ажээ.

ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс үүдэлтэй ОХУ-Барууны таагүй харилцаанд өнгөрсөн сард Их Британид Оросын экс тагнуулчийг хордуулсан хэрэг сэв суулгасан билээ. Москва хэдийгээр энэ хэрэгт хамаагүй хэмээн мэдэгдсэн ч Их Британи болон барууны бусад орнууд ОХУ-ыг энэ хэргийн ард байгаа гэж сэжиглэж байгаа юм. ОХУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд, бизнесийн элитүүдээс гадаадын их, дээд сургуульд хүүхдүүд нь суралцдаг. Тухайлбал, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Төрийн Думын гишүүн Сергей Зелезняк, Кремльтэй холбоотой банкир Петр Авен, Михайл Фридман нарын хүүхдүүд гадаадад суралцдаг ажээ.

Эх сурвалж: rferl.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж