Трамп, Ким Жон Ун нарын уулзах боломжтой таван газар байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Трамп, Ким Жон Ун нарын уулзах боломжтой таван газар байгаа гэв

Трамп, Ким Жон Ун нарын уулзах боломжтой таван газар байгаа гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой гэж үзэж буй таван газар байгаа тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгджээ. Дональд Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Флорида дахь төрийн зочлол хүндэтгэлийн ордонд хүлээн авч, Хойд Солонгосын талаар болон хоёр орны худалдааны тулгамдсан асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын дараа Трамп хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын удирдагчтай уулзах уулзалтыг зохион байгуулах таван өөр газрыг сонгосон гэжээ. Гэвч тэдгээр газрын нэг нь ч АНУ-ын нутаг дэвсгэрт биш гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна.

Трамп мөн АНУ-ын Төрийн департамент Хойд Солонгосын засгийн газартай дээд түвшний яриа хэлэлцээ явуулж эхэлснийг онцлоод Хятад Пхеньянд шахалт үзүүлж эхэлсэн хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Трамп “Дэлхийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх том боломж гарч ирж байна. Энэ бол АНУ-ын юм уу Японы асуудал биш. Энэ бол дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал” гэжээ.

Түүний мэдэгдсэнээр Хятадын дарга Ши Жиньпин НҮБ-аас Хойд Солонгост хориг тавихад чухал үүрэг гүйцэтгэснийг дурдсан байна. АНУ авторитари дэглэмтэй, дэлхийн улс орнуудаас тусгаарлагдсан Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга зам хайж буй. Энэ асуудлаар Хойд, Өмнөд Солонгосын засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-нд хоёр улсын хилийг заагласан Цэрэггүй бүсэд зохиогдох юм. АНУ-д хоёр өдрийн айлчлал хийж буй Шинзо Абэ Трампыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дээд хэмжээний уулзалт явуулах саналыг хүлээж авсныг сайшаасан байна.

Трамп, Ким Жон Ун нарын уулзалтаар Японы аюулгүй, бүрэн бүтэн байдалд аюул заналхийлж буй Хойд Солонгосын богино болон дундын тусгалт пуужингийн асуудлыг авч хэлэлцэхгүй байж магадгүй хэмээн санаа зовниж байсан Шинзо Абэ “Хойд Солонгосын удирдагчийн дээд хэмжээний уулзалт зохион явуулах саналыг хүлээж авсан Трампын зоригийг би үнэлж байна” гэжээ.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж