Хуулийн мухардлыг арилгах төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Хуулийн мухардлыг арилгах төсөл өргөн барилаа

Хуулийн мухардлыг арилгах төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаагүй. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн ‘Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт’, ‘УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална’ гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж өгсөн. Энэ хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байна” гэв. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокуророос түдгэлзүүлэх саналыг УИХ хүлээж авах эсэх нь тодорхой болох юм. 

Хуулийн төсөлд дараах өөрчлөлт оруулж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.”

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны … дүгээр сарын … -ны  өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж