Германы хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмжээний хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Леверкузен хотын “Бай-Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Байер Леверкузен болон Бавари Мюнхен багуудын хооронд боллоо. Хоёр багийн аль хожсон нь шигшээ тоглолтонд шалгарах чухал тоглолт байсан юм.
Гэхдээ тус тоглолтонд Германы цомын 18 удаагийн үнэмлэхүй аварга Бавари Мюнхен клубын эсрэг талбайн эзэд хүчин мөхөсдөж 6-2 харьцаатай хожигдлоо. Зочин баг Бавари Мюнхен клубээс Т.Мюллер 3 гоол, Р.Левандовский 2 гоол оруулсан бол Т.Алкантара 1 гоол оруулсан байна. Харин талбайн эздээс Л.Бендер болон Л.Байли нар тус бүр 1 гоол оруулсан ч баг нь хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Шигшээд шалгарсан Бавари Мюнхен клуб Германы цомын аварга шалгаруулах тэмцээний шигшээд 21 удаа шалгарахдаа 18-д нь түрүүлж байсан юм. Одоо тэд шигшээ тоглолтонд Шальке-04 болон Айнтрахт Франкфурт багуудын аль хожсонтой нь тоглоно.
Б.БЯМБАБАЯР