Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын гэргий, хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 14-ний өдөр боллоо. Тус Элчин сайдын яамны байранд болсон арга хэмжээнээс цугласан хандив “Лотус” хүүхдийн төвийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжихэд зарцуулагдах юм байна. Хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байгаа аж. Учир нь түүний нөмөр хоёр ч удаа Иракт томилогдон ажиллажээ. Тэд ханилаад арван жил болж байгаа ч хамтдаа байсан хугацаа нь дөрвөн жил аж. Сайым Язал Туркийн анхны хувийн их сургууль болох Билкентийн их сургуулийн Бизнесийн сургуульд хүний нөөцийн удирдлагын хичээл зааж, 14 жил орчмыг өнгөрүүлжээ. Үүний дараа Голландад 3-4 жил багшилсан байна.
Хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал 1990-2006 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Монголд иржээ. Тэрбээр энд гэр бүлтэйгээ хамт байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан юм. Тиймээс хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж, зочдоо өөрийн бэлтгэсэн хоолоор дайлснаа хэлж байв. Ингээд Элчин сайд М. Ахмет Язал, гэргий, хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал нарын сэтгэгдлийг сонслоо.
МОНГОЛд ГЭР БҮЛЭЭРЭЭ АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОНд их баярладаг
Элчин сайд М. Ахмет Язал:
-Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр авч үзэх юм бол дэлхийд хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн орнуудын тэргүүн байранд Турк улс бичигддэг. Энэ арга хэмжээний хүрээнд Элчин сайдын яамны үүд хаалгыг нээж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх байдлаар тусаллаа. Арга хэмжээг эхнээс нь дуустал гардан хийж байгаа хүн бол эхнэр маань юм. Тэр зочдыг ирэх хүртэл гал тогооны өрөөнд байлаа. Их олон хоног бэлдсэн. Бид нарын хувьд их, бага хэмжээгээр ч хамаагүй хүмүүнлэгийн тусламж хүргэж байдаг. Энэ бүгдэд бас хэрэгтэй хүндээ хэрэг болох юм. Турк хүн бүр тусламж хэрэгтэй хэнд ч туслахыг хүсдэг. Монгол ахан дүүсийн хувьд ч энэ зан адил. Энэ нь манай хоёр улс эрт дээр үеэс хаяа дэрлэн амьдарч байсантай холбоотой байх.
Хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал
-“Лотус” хүүхдийн төвтэй хамтраад Элчин сайд болон гэр бүлийн зүгээс тусламж үзүүлж байна. Энэ удаа яамны байранд хандивын арга хэмжээг зохион байгууллаа. Би өөрөө хоолоо бэлтгэж, дөрөв хоног гал тогоонд өнжсөн. Монголд ирсэндээ би сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл надад гэр бүлээрээ амьдрах боломжийг олгосон. Манай нөхөр болох Элчин сайдын ажлын онцлогоос шалтгаалаад тус тусдаа амьдардаг байсан. Монгол Улс Турк өвөг дээдсийн амьдарч байсан нутаг гэдгээрээ их ойр байдаг. Би амьдралынхаа турш үргэлж нартай, хүссэн цагтаа морь унадаг тийм газар ирэхийг хүсч байсан. Гэр бүл бол амьдралын утга учир шүү дээ. Бусдад тусалж дэмжих нь миний хийх дуртай ажил. Би Мишель сантай хамтран ажиллаж байгаа. Хүүхдийн төлөө их ажил хийх юмсан гэж хүсдэг болохоор надад зорьсон ажил олон бий. Монголчууд их сайхан хүмүүс. Өнгөрсөн жил говийн нутаг, Өгий нуурт очсон. Энэ жил Орхоны хөндий очих бодолтой байгаа.