Ш.Батхүү өвчнөөсөө болж хоол идэхгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү өвчнөөсөө болж хоол идэхгүй байгаа гэв

Ш.Батхүү өвчнөөсөө болж хоол идэхгүй байгаа гэв

Жаст группийн захирал асан Ш.Батхүүг баривчлаад нэг сар зургаан хонож байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас 109 сая ам долларын зээл авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Ш.Батхүү хоригдсон цагаас хойш анх удаа Төрийн банкинд холбогдох шүүх хуралд оролцож, мэдүүлэг өглөө. 

Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк ‘Жаст’ группийн үүсгэсэн өр зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү нь өчигдөр /2018.04.17/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Алтжин’ группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралд оролцлоо. Шүүх хурал 14.00 цагт эхэлж оройн 19.40 цагт өндөрлөв. Шүүх хурлын дараа Ш.Батхүүг Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн машинд суулган авч явлаа. Түүний өмгөөлөгч н.Баатарсайханаас сэтгүүлчид тайлбар авах гэсэн боловч татгалзав.

Ш.Батхүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаас хойш биеийн байдал нь муудаж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн учраас эмчийн хяналтад байгаа гэж мэдээлж байсан. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ш.Батхүүгийн чихрийн шижин өвчин нь хүндэрч хоол идэж чадахгүй байгаа гэдгийг хэлэв. Шүүх хуралд Ш.Батхүү өглөө ирэхэд хоёр гар нь боолттой байсан юм. Гэвч гарч явах үедээ гараа хүрмээрээ дарсан байлаа. 

Шүүх хурлын тухай тодотгоход, өнгөрсөн хугацаанд шүүхээс Төрийн банкийг Э.Сүрэнд 51.6 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байдаг юм. ‘Жаст’-ын Ш.Батхүү өмнө нь Хадгаламж банкны эзэн байхдаа түүгээрээ баталгаа хийн, Э.Сүрэнгээс гурван удаагийн гүйлгээгээр нийт 51.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар ‘Хадгаламж банк’-ийг албадан татан буулгаж, ‘Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Төрийн банкинд шилжүүлсэн. Иймээс Э.Сүрэн Төрийн банкнаас 51.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх ч Төрийн банкийг Э.Сүрэнд 51.6 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргахдаа дээрх хөрөнгө шилжүүлэх гэрээг үндэслэл болгосон. Гэвч Төрийн банк дээрх төгрөгийг төлөөгүй. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Төрийн банкнаас Э.Сүрэнгийн эсрэг гаргасан хүсэлтийг хэлэлцээд ‘Хүлээн авах боломжгүй’ гэж үзжээ. Шүүхийн захирамж албан ёсоор долоо хоногийн дараа албажиж гарна гэсэн мэдээллийг холбогдох албаны хүн өглөө. 

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж