Хонинд чоно бэлэглэсэн нь

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Хонинд чоно бэлэглэсэн нь

Хонь, өвгөн хоёр ярьж байна гэнэ.
Өвгөн нэг их өглөгч зан гаргаад л “Хонио, надад номхон хүлцэнгүй. Хэлсэн бүхнийг биелүүлдэг. Ус ууж, өвс иддэг. Амьтны махнаас гарч цагаан хоолтон болсон 20 чоно байна. Хонь та 20 чононы хэдийг нь авах вэ” гэжээ. Хонь нэг их учир начрыг нь тунгаан бодолгүйгээр үнэгүй юманд нугасгүй гэгчээр “Над руу дайрахгүй юм бол би өвс хадуулж, өвөлдөө нөмөрт нь амарч болох нь ээ. Бүгдийг нь өгвөл бүгдийг нь л  авчихмаар байна. Нэгийг өгвөл нэгийг л авахаас. Гэхдээ арай ч бас нэгийг өгөхгүй биз дээ” хэмээв. Өвгөн ч ихэд баярлан “Гай, хөөнөөс салах нь. Авсан хойноо энэ гэнэн хонь ч удаан амьдрахгүй л байх даа. Ядаж идэш ууштай нь ойртуулаад өгвөл эргэж надтай ноцолдохгүй амар биз” гэж бодоод бүгдийг нь өгчихөж.

Их удалгүй хонины “Амь авраарай” хэмээн майлах чимээ дуулдах үед өвгөн “Нөгөө улстөрчид ард түмнээ хуурч, арван цагаан буяны эзэн болж жүжиглэдэг шиг л юм боллоо доо” хэмээн инээд алдан алхах нь тэр. Тэгээд “Зурагтаар ард түмнийг ца­гаан цаас гээд яриад байсан чинь хонь л байсан юм байна шүү дээ” гэсэн том дүгнэлт хийгээд пээдгэр гэгч нь алхав. Гэхдээ түүний бодол үүгээр дууссангүй.

“Очиж, очиж чоныг яаж махнаас гарч, өвсөөр хооллодог цагаан хоолтон болсон гэж хонь итгэж чадав аа. Би ч гэж би. Ичих ч үгүй хүн итгэмээргүй худлаа зүйл яриад 20 чоныг хонинд өгч л байдаг. Хониноос өөр амьтан таарсан бол ч арга заль минь баригдаж, айхтар эвгүй байдалд орох байсан даа. Гэхдээ ч арга нь байхад учир нь олддог гэдэг ч үнэн байна шүү” хэмээн өөрийгөө тайвшруулах нь тэр.

Энэ бол миний дэвтэрт амилж буй эмгэнэлт инээд­мийн жүжгийн товч агуулга. Хонины дүрд жирийн ард, өвгөний дүрд олон жилийн настай ах намын дарга, харин чононы дүрд архаг улстөрч өвгөн улстөрч тоглох юм. Жүжгийн нээлтэд хүрэлцэн ирэхийг хүсвэл ойн жимд оройн цагаар ирээрэй.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж