Олны нэрлэж заншсанаар ТБД андуудын эсрэг талын автобусны буудалд уржигдар өглөө 07.30 цагийн орчимд “Мах импекс-Улаан хуаран” чиглэлийн автобус ирж зогсоход зорчигчид хуйлран гүйв. Гэвч автобус дүүрэн зорчигчтой тул таваас илүү хүн багтсангүй. Хичээлдээ яарсан оюутнууд хаалганаас нь зүүгдэн багтаж орохыг хичээсэн ч автобусны жолооч “Үхэхийг хүсээгүй бол үлд” гэж зандарснаар буулаа. Жолоочийн шаардлага зөв. Хаалга ч хаах боломжгүй байхад сууна гэж зүтгэх нь зорчигч өөрийгөө аюулд оруулж байгаа үйлдэл юм. Харин дараагийн автобус хэдэн минут хүлээлгэхийг хэлэхэд бэрх.
Энэ буудалд 07.00 цагаас эхлээд автобус хүлээн сууж чадаагүй зорчигчийн нэг нь би. Эцсийн буудлаас өглөөний 06.45, 06.30 цагаас зорчигчоо суулган хөдөлсөн эхний автобус, троллейбус дээрх буудалд 07.25 цагийн орчимд ирдэг бол хоёр дахь рейсийн автобус нь 07.35 цагийн орчимд ирдэг аж. “Улаанчулуут-МУИС” чиглэлийн 57 дугаартай автобус буудалд ирж зогсоход, арайхийн багтаж суулаа. Хоёр дахь рейс нь аж. Түгжрэл бага тул цагийн хуваарийн дагуу саадгүй зорчиж яваа гэдгээ хянагч эмэгтэй хэлсэн ч баруун дөрвөн замаас түгжрэл эхлэв. Таг ч зогсчхоогүй тул автобус урагшилсаар. Гэвч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ард ирэхэд автобус эвдэрч зогсох нь тэр. Дараагийн автобус Бөмбөгөр худалдааны төв рүү ирж яваа сураг гарсан ч автобус дүүрэн зорчигчид багтахгүй нь ойлгомжтой тул зорчигчид бууж, алхлаа. Оюутнуудаас зарим нэг нь гар утсаараа найз нөхөдтэйгээ холбоо барин хичээлээсээ хоцрох болсноо учирлана. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх албатай аав, ээж нар такси барихаар гар өргөх ч зогсох авто машин ховор аж.
Ер нь бол автобус эвдрэх, автобусаа 30-40 минутаар хүлээх, автобусандаа багталцахгүйгээс дараагийнхыг нь хүлээх зэрэг бол нийтийн тээврээр үйлчлүүлдэг зорчигчдын хувьд туулаад л өнгөрдөг асуудал юм. Тэр болгон автобус компани, нийслэлийн Тээврийн газрынхны чихэнд хүрч, асуудал болдоггүй л болохоос биш. Гэвч ийм байдлаар нийтийн тээврийнхэн зорчигчдод үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна.
Эхний ээлжинд автобус компаниудын үйлчилгээнд гарах цагийг 06.00 цаг болгож, өөрчлөлт оруулах. Мөн оргил цагаар үйлчилгээнд гарах автобусны тоог нэмэх. Зөвхөн нэгдүгээр эгнээгээр автобус зорчих журмаа хэвшүүлэх зэрэг хэд, хэдэн ажлыг хийхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй нь. Хэдий болтол үхэхээр нь айлгаж, орхиж явах вэ дээ. Цагийн хуваарийн буруу төлөвлөлт эцсийн дүндээ нийтийн тээврийн үйлчилгээг унагаж байна.
Гомдлын дагуу арга хэмжээ авдаг уу?
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 937 бага, дунд оврын автобус гардаг аж. Нийтдээ 88 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 540 мянган хүнд үйлчилдэг гэх тоо ч гарчээ. Үүгээр бол нийслэлчүүдийн 40 орчим хувь нь өдөр тутам автобусаар үйлчлүүлж байна. Энэ том ажлыг орон нутгийн өмчит компаниас гадна хувийн хэвшлийн автобус компаниуд ч үүрэлцдэг.
Гэвч орон нутгийн өмчит компанийн автобусных нь үйлчилгээ хувийн хэвшлийнхнээсээ тааруу. Зорчигчоо 30-40 минутаар хүлээлгэх нь байдаг л үзэгдэл болж хувирсан тухай иргэд ярьж байна. Энэ байдлыг үл тэвчсэн нэг нь нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт хүлээн авах 326352 дугаарт холбогдож хэлдэг ч эргээд хариу өгдөггүй. Уг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэднийг цалинжуулж, 326352 дугаарыг ажиллуулдаг нь эцсийн дүндээ нийтийн тээврийн ажлыг л сайжруулах зорилгод чиглэдэг байлтай.
Төлбөрөө бэлнээр төлсөн хэвээр байна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх шаардлага тавигдсанаас хойш нэг жил болж буй. Гэвч зорчигчдын дунд бэлнээр төлбөрөө хийж үйлчлүүлэх тохиолдол хэвээр байна. Хөдөөнөөс ирсэн иргэд, мөн тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй иргэд энэ төрлийн зөрчлийг олонтаа гаргадаг гэж хэлж болно.
Мөн өглөө эрт U-money карт цэнэглэх зарим цэгүүд ажилладаггүй, эсвэл карт цэнэглэх боломжгүй болж төхөөрөмж нь ажиллахгүй болох зэрэг алдаа гарсаар байна. Нийтийн тээврийн үйлчилгээг цахим картад шилжүүлснээр кондуктор, жолооч хоёр нийлж, орлогоосоо хумсалдаг гэх хардлагад цэг тавих боломжтой болгосон юм. Нөгөөтэйгүүр, нийслэлийн нийтийн тээврийн орлого кондуктор ажиллуулж байсан он жилүүдтэй харьцуулахад өссөн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд гаргасан. Тиймээс нийслэлийн тээврийн үйлчилгээг цахим картад бүрэн шилжүүлэхэд зорчигчдоос бүрэн хамаарах болж буй юм.
Г.ХОРОЛ