УИХ дээр Оюутолгойн халз мэтгэлцээн үзье!

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

УИХ дээр Оюутолгойн халз мэтгэлцээн үзье!

УИХ дээр Оюутолгойн халз мэтгэлцээн үзье!

Ардчилсан намын үед чуулганы хуралдаан их үзүүштэй болдог байж дээ. Бодлогын төвшний томоохон асуудлууд ч яригдана, богино хэмжээний инээдмийн драм ч болно. “Хүүхнүүд эрчүүдэд зодуулаад дургүй болдог, эрчүүд нь бас хүүхнүүдэд дээрэлхүүлээд дургүй болдог. Ингээд гомо, лесби нар үүсч байна. Би энийг шинжлэх ухааны үндэстэй хэлж байна” ч юм уу “Н.Алтанхуяг сайд Алтантуяа нэрээ хуяг болгоод Ерөнхий сайд болсон” эсвэл “Би өөр юм ярьж байгаад сүүлийн хоёр секундэд л асуудалтайгаа холбоно”, “Чиний яриа таалагдахгүй” байна гэхчилэн чуулганы хуралдаан үнэхээр уйдаадаггүй байж.  

Тэр үед С.Ганбаатар гэж нэг гишүүн байлаа. Одоо МАХН-ын дэд дарга. Чуулганы хуралдаан дээр үг хэлэх болгондоо босч зогсоно. Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээг үргэлж шүүмжилдэг.  Оюутолгойн гэрээ яагаад муу вэ гэхээр л “Монголд ашиггүй болсон” гэж хэлдэг. Ингэж ярьдаг  хүмүүс УИХ-д өнөөдөр ч цөөнгүй байгаа,Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан нараас эхлээд.

Оюутолгойн төсөл муу болсон гэж одоо бүр гудамжны архичин, захын таксичин хүртэл муулах болж. Тэднээс энэ гэрээг яаж, хэн хийсэн бол ашигтай байсан бэ гэхээр олигтой тайлбар өгдөггүй, “34 хувиа зүгээр авах ёстой” байсан л гэнэ. Тийм боломж байсан эсэхийг, ерөөсөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний талаар шоронд хоригдогсод ба шоронд хоригсдын өөр өөрсдийнх нь тайлбар, үгүйсгэл нотолгоог үзүүлсэн халз мэтгэлцээнийг УИХ дээр үзмээр байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Д.Дамба-Очир, Н.Амарзаяа нараар шалгуулахаар болсон.  Гэрээг алхам тутамдаа үгүйсгээд байдаг Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун нь ажлын хэсэгт алга. Яагаад өөрсдийн хүсэлтээр “би шалгаад өгье” гээд орсонгүй вэ?

2009 онд, Монголын эдийн засаг  хямралд орж, татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь /57%/ хаалгаа барьжээ. Долларын ханш огцом өсч, ядуурал 39 хувьтай, 77 мянган хүн ажлын байраа алджээ. Албан ёсны  статистикт дурдсан тоонууд. Эдийн засаг хасах 1.6 хувьтай гарч, товчхондоо Монголын эдийн засаг бүрэн утгаараа дампуурсан. Яг энэ үед Оюутолгойн гэрээ хэлэлцэл ид өрнөж байв.

Мэдээж, хөрөнгө оруулагчид Монголд буян үйлдэж, бурхан тахих гэж ирэхгүй нь тодорхой. Тэд хүслээ тулгана, бид хүслээ тулгана. Ингээд ямар ч байсан 2009 оны намар Оюутолгой гараанаас гарч, Монгол  дэлхийн анхаарлын төвд орж ирлээ. Дэлхийн уул уурхайн салбарын шинэ тоглогч нэр ч зүүсэн.  Хямрал заримдаа сайн талтай байдгийн  нэг баталгаа бол Оюутолгойн төсөл.  Энэ төсөл 2009 онд хөдлөөгүй байсан бол яг Тавантолгой шиг хараал хүрэх байлаа гэдэгт харин ч  нэг эргэлздэггүй.

Яг энэ үед Дэлхийн банкнаас бидэнд анхааруулга өгсөн нь “Уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлт нь голланд өвчний эрсдэл бий болгож, өмнөх үеийн хавтгайрсан популист үзлийг дахин дэвэргэж болзошгүй”. Найман жилийн өмнө олон улсын шинжээчид найман жилийн дараах монголчууд бидний дүр төрхийг ганцхан өгүүлбэрт багтаагаад оношилчхож.

Оюутолгойн төсөл 11 мянган монгол, 1700 Монгол компанийг тэжээн амьдарч байна. Зүгээр л жишээ ярихад, ханган нийлүүлэлтийнх нь компанид ажилладаг үйлчлэгч  хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай. Ийм цалинтай багш Монголд байна уу. Ингэхэд С.Баярын Засгийн газар зориглоогүй, С.Баярцогт энэ төслийг барьж аваагүй, Ч.Сайханбилэг Дубайд очоогүй бол лав 11 мянган хүн ажилгүй байх байжээ. Нэг их олон аргачлал, тооцоолол, ашиг ярилгүй энгийн жишээг бодоод үзэхэд л ийм дүгнэлт хийж болно. Улсын төсвийн орлогын 100 төгрөг тутмын 10 төгрөгийг “Оюутолгой” компани одоогоор бүрдүүлж байна. Хэрэв Оюутолгой хөдлөөгүй бол 180 мянган төрийн албан хаагчийн цалинг хаанаас тавих вэ гэж У.Хүрэлсүх өнөөдөр толгойгоо гашилгаж суугаа нь лав. Төсөл хөдөлснөөс хойш Монголын эдийн засаг арав дахин ‘томорчээ’.  Айл болгон нэг машинтэй, хүн болгон бараг айфон барьж байгаа нь Оюутолгой төслийн үр дагавар. Өөх идсэн хүн өглөө босоод заргалдана гэгчээр, АТГ-ын даргын авдаг цалинг ч Оюутолгойн татвараас өгч байгаа. Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарынхыг бас.

 АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үндэслэлээр С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарыг хорьсон. 11 мянган хүнийг ажил амьдралтай болгож өгсөн тэднээс би нэг зүйлийг асуумаар байна. Оюутолгойн гэрээ байгуулсандаа одоо ч бахархаж байна уу гэж? Яагаад Оюутолгойн гэрээг хийхээр болсон, яагаад манай эдийн засагт ач холбогдолтойг нь, энэ гэрээ хөдлөөгүй бол эдийн засаг ямар байх байсныг тэд эдийн засгийн онолоор юу гэж тайлбарлах нь, эсрэгээрээ энэ гэрээ яагаад Монголд ашиггүй болсныг яаж хийвэл ашигтай байх талаарх Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир нарын үгүйсгэл нотолгоог нь сонсох нь сонирхолтой байна. Тиймээс тэднийг шоронд байцаах биш УИХ дээр байцаая. Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд нийгэм, эдийн засгийн том шуугиан болоод байгаа Оюутолгойн гэрээний талаарх баримт тайлбар, үгүйсгэл, шүүмжлэлийг сонсох эрхтэй, иргэд бид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж