У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах уу?

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах уу?

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, Мэргэжлийн Засгийн газраа огцруулж, Ардын засаг байгуулснаас хойш хагас жил өнгөрч байна. УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн засгийн газар ажил хийхгүй байна, хариуцлага тооцох тухай асуудал ч хөндөгдөж буй.  Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Засгийн газрыг огцруулна гэдэг яриа гарах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрыг огцруулна гэдэг яриаг анх удаа чамаас сонсч байна. Засгийн газар ажлаа хийгээд л явж байгаа шүү дээ. 

-Зарим сайд нарыг ажлаа хийж чадахгүй бол огцруулах хэрэгтэй гэж Н.Номтойбаяр гишүүн хэлсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ажлаа хийж чадахгүй бол огцруулах нь зөв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Засгийн газар ажлаа муу хийсэн бол огцруулах нь зөв. МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Өөрсдөө Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг асар өндөр хувьтай дүгнэх байх. Би тэгж бодохгүй байна. Нийт 3.4 тэрбум долларын зээл тавьсан байна. Энэ зээлээр нэг ширхэг байшин барьж, нэг километр замыг тавиагүй. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Засгийн газрын огцруулахтай холбоотой “бор шувуу” л хэвлэлээр яваад байгаагаас биш тийм явдал болоогүй. Өнөөдрийн байдлаар над дээр огцруулах бичиг барьж орж ирсэн хүн алга. Ам дамжсан цуу яриа.Би өмнө нь Засгийн газрыг гэхээс илүү зарим нэг сайдыг шүүмжилсэн. Миний шүүмжлэл дунд зарчмын асуудал нэлээд  яригдсан. Гишүүдийн болон иргэдийн дунд ч зарим сайд асуудалтай байна гэдэг яриа бий. Энэ бол Засгийн газрыг бүтнээр нь шүүмжилж байгаа асуудал биш. Зарим сайд нар салбарынхаа ажлыг мэдэхгүйн зовлон байгаа. Одоо ажилтайгаа танилцаад хагас жилийн нүүр үзэх гэж байна. Зарим сайд нартай холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээгээр Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал яригдаж эхэлж байна. Зарим сайдад хэрэг үүсчихсэн шалгаж байгааг АТГ мэдээлсэн. Дээр нь Ерөнхий сайд ажил авах үедээ сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл зарим сайд салбараа нэлээдгүй бужигнуулсан асуудал байгаа. Угтаа бол Ардын намын нэг Засгийн газар  Ардын намын өөр нэг Засгийн газраар л солигдсон шүү дээ. Гэтэл эсрэг намынхан шинээр Засгийн газар байгуулсан юм шиг зарим яам дээр халаа сэлгээ, хууль зөрчсөн томилгоо хийгдэж байна. Энэ бол тухайн салбартаа болон нийгэмд ч сөргөөр л харагдана.
-Хэн нэгэн сайдыг огцруулах асуудал яригдаагүй. Ийм асуудлыг мэдээж намын бүлэг, Удирдах зөвлөл дээр ярьж байж процесс цааш явна шүү дээ. Гэтэл албан ёсоор тийм зүйл болоогүй. Хэвлэлээр бол таамгийн шинж чанартай мэдээлэл л цацагдаж байх шиг байна. Ер нь хавар болохоор л хариуцлага тооцно, огцруулна гэдэг яриа гардаг ш дээ. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан бол тухайн сайдтай хариуцлагын асуудал яригдах нь зарчмын асуудал. 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш  үргэлж л ийм яриа гарч байна. Гарын үсэгтэй цаас сошиалаар яваад л байна. Удахгүй хэн нэгнийг дараагийн Ерөнхий сайд болгож зарлана, хэн нэгнийг сайд болгож зарлана. Иймэрхүү улс төрийн акцууд явна. Гэхдээ МАН, МАН-ын төр тогтвортой байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. МАН 2016 оны сонгуульд орохдоо ард түмэндээ хамгийн их амалсан зүйл бол улс төрийн тогтвортой байдал. Харамсалтай нь бид энэ амлалтаасаа ухраад нэг удаа Засгаа огцруулсан. Дахин алдаагаа давтах ёсгүй. Засгийн газар сайн ч бай, муу ч бай сайн дэмжих ёстой, шахаж шаардах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Сайд нарыг ажлаа хийж чадахгүй бол солих хэрэгтэй. Өнөөдөр чуулган дөнгөж л эхэлж байна. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлээд намын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаад эхэлнэ. Асуудлуудаа ярина. ‘Эрдэнэт’, ‘Оюутолгой’-гоос эхлээд улс төрд үүсч байгаа маш олон асуудал байна шүү дээ. Хамгийн гол нь УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангаад байгаа юм бэ, эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх хөтөлбөр гээд л Их хурлаас баталсан зүйлүүд бүгдээрээ цаас болж хувираад байна. Энэ олон хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар яаж хангаж байгаа юм бэ. Тэр болгоныг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж