Шинзо Абэгийн суудал ганхаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Шинзо Абэгийн суудал ганхаж эхэлжээ

Шинзо Абэгийн суудал ганхаж эхэлжээ

Японы олон нийтийн дунд явуулсан сүүлийн судалгааны дүн Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн улс төрийн  хямрал гүнзгийрснийг харуулжээ. Танил талаа дэвшүүлсэн дуулиан шуугианаас болж Шинзо Абэгийн рейтинг нэлээн буурч, ирэх зургадугаар сард огцорч ч магадгүй нөхцөл байдал үүссэн талаар Японы экс ерөнхий сайд Жуничиро Койзуми ярьсан байна.

Японы Консерватив Засгийн газрын Сангийн яамны өндөр албан тушаалтан сэтгүүлч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон нь засгийн газрын тэргүүний бас нэг толгойны өвчин болоод буй ажээ. Сэтгүүлч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт нэр холбогдсон Японы Сангийн яамны өндөр албан тушаалтан өчигдөр (2018.04.17) өөрийг нь гүтгэсэн хэмээн дээрх мэдээллийг цацсан сэтгүүлийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Шинзо Абэгийн рейтинг ингэж доошилж байгаа нь ирэх есдүгээр сарын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) тэргүүний хувиар гуравдахь удаагаа сонгогдож чадах эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлжээ. Ирэх зургадугаар сард болох намын их хурлын өмнө огцрохгүйн тулд түүний рейтинг өндөр байх шаардлагатай.

2012 оны арванхоёрдугаар сард Японы Ерөнхий  сайдаар хоёр дахь удаагаа сонгогдохдоо сульдсан  эдийн засгаа сэргээж, улсынхаа батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ гэж амласан Шинзо Абэ өнгөрсөн оны аравдугаар сарынх шиг ээлжит бус сонгууль зарлаж магадгүй юм. Тэр үед Шинзо Абэгийн рейтинг одоогийнх шиг уначихсан байсан билээ.

Өнгөрсөн ням гаригт Японы “Nippon” телевизийн сувгаар явуулсан олон нийтийн судалгааны дүнгээс харахад Шинзо Абэгийн рейтинг 26.7 хувиар буурч, 31 хувь болсон нь 2012 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа хүлээж авснаас хойшх хамгийн бага үзүүлэлт юм.

Шинзо Абэгийн рейтингэд нөлөөлж мэдэх өөр нэгэн том үйл явдал бол ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах уулзалт. Энэ уулзалтаар хоёр орны засгийн газрын тэргүүн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, цөмийн аюул заналхийлэл болон хоёр орны гадаад худалдааны тулгамдсан асуудлыг хөндөж ярилцах ажээ.

Шинзо Абэ Трамптай уулзахдаа Хойд Солонгосын яриа хэлэлцээ цаг үрсэн, аль аль талын хувьд бодит бус горьдлого тээсэн, эрсдэл өндөртэй гэж итгүүлнэ хэмээн найдаж буй. Ким Жон Уныг “барьцгүй” гэдгийг Шинзо Абэ, Трамп хоёрын хэн хэн нь сайн мэдэж байгаа. Японы ерөнхий сайд асан Жуничиро Койзуми долоо хоног тутмын “Aera” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Улс төрийн нөхцөл байдал маш ээдрээтэй болж эхэллээ. Парламентын чуулган өндөрлөх үед Шинзо Абэ огцорч ч магадгүй” хэмээн ярьсан байна.

Японы парламентын чуулган ирэх зургадугаар сарын 20-нд өндөрлөх ажээ. Койзуми 2011 оны Фукушимагийн цөмийн станцын сүйрлийн дараа цөмийн эрчим хүч ашиглалтыг нэмэгдүүлнэ гэсэн Шинзо Абэг шүүмжлэгчдийн нэг юм. Койзуми хэлэхдээ “Хэрэв Абэгийн рейтинг өсөхгүй бол ирэх жилийн парламентын сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) нэр дэвшигчдэд муу үр дагавар авчирна”  гэжээ.

Өнгөрсөн бямба гаригт Японы парламентын гадна Шинзо Абэг огцрохыг шаардсан эсэргүүцэгчдийн жагсаал болсон бөгөөд жагсагчид “Абэгийн карьер дууссан, огцор” хэмээн бичсэн лоозон барьсан байжээ.  Эсэргүүцлийн жагсаалд 50,000 гаруй хүн оролцсон тухай Японы хэвлэлүүдэд мэдээлсэн юм.

Японы “The Asahi” сонины уншигчдын дунд явуулсан судалгаа ч мөн олон нийтийн судалгааны дүнгээс хол зөрөөгүй, нийт сонгогчдын гуравны хоёр нь танил талаа өндөр албан тушаалд дэвшүүлсэн Шинзо Абэд итгэхгүй гэжээ. Шинзо Абэ өөрийг нь буруутгаж буй хэргүүд тухайлбал түүний найз Котаро Какэгийн үүсгэн байгуулсан мал эмнэлгийн сургуульд давуу тал олгоход нөлөөлсөн, эхнэртэй нь холбоотой Моритомо Гакуэн сургуульд төрийн өмчийн газрыг хямдралтай үнээр олгоход нөлөөлсөн зэрэгт огт хамаагүй гэж мэдэгдсэн юм.  Гэвч Японы ерөнхий сайдын албыг таван жил гаруй хаших ховорхон азтай Шинзо Абэ огцорлоо гэхэд түүний албыг хэн үргэлжлүүлэх тухай одоогоор хэн ч ам нээж зүрхлээгүй байна.

Шинзо Абэгийн дараа Японы ерөнхий сайд болох боломжтой хүн гэж харж буй улстөрчдийн нэг сайд асан Шигерү Ишибагийн рейтинг 26.6 хувьтай гарчээ. Мөн экс ерөнхий сайд Койзумигийн хүү, эрх баригч LDP намын залуу лидерүүдийн нэг Шинжиро Койзумигийн рейтинг 18.3 хувьтай байгаа юм.

Японы гадаад харилцааны сайд асан Фумио Кишида ч мөн дараагийн ерөнхий сайд болох магадлалтай улстөрчийн тоонд багтаж байгаа боловч 5.9 хувийн рейтингээр жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Гэвч эдгээр улстөрчдийн аль нь ч одоогийн засгийн газрын гол бодлого Абэномикс эдийн засгийн өсөлтийн стратегийг давах санал санаачилга дэвшүүлээгүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж