Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй АНУ болон холбоотон орнууд Сирид цохилт өгсөн явдал бол “эрхзүйн үүднээс ч, ёс зүйн үүднээс ч зөв зүйл” хэмээн парламентад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ. Гэвч Сирид цохилт өгөх шийдвэр түүний шийдвэр байсан уу, эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр байсан уу гэдэг асуулт түүнийг тун эвгүй байдалд оруулжээ.
Холбоотнууд Сирид агаараас хамтарсан цохилт өгснөө Дума хотод Башар Аль-Ассадын цэргүүд босогчдын эсрэг химийн зэвсэг ашигласны хариуд өгч буй зохих ёсны шан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Тереза Мэй парламентад хэлсэн үгэндээ “ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн учраас бидний шийдвэрт хориг тавих боломжтой байсан учраас бид асуудлыг ингэж шийдсэн’ гэжээ.
Тэрбээр мөн ”Бид Сирид дахин химийн зэвсэг хэрэглэх явдал гаргуулахгүйн тулд өөрсдийн эрх ашгийг хамгаалж ийм шийдвэр гаргасан. Тэд Сирид ч, Английн аль нэг гудамжинд ч тэр химийн зэвсэг хэрэглэх ёсгүй гэдэг дэлхийн улс орнуудын зөвшилцлийг бид хамгаална” гэсэн юм.
АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнууд Сирид цохилт өгсний дараа англичууд Ерөнхий сайдаа Трампыг даган дуурайсан гэж хурцаар шүүмжилсэн.
Харин Тереза Мэй парламентад хийсэн мэдэгдэлдээ “Трамп тэг гэж хэлсэн учраас Сирид цохилт өгсөн юм биш.” гэжээ.
АНУ тэргүүтэй холбоотон орнууд Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага (ОСРW)-ын шинжээчид Сирид очихоос нэг өдрийн өмнө Сирид агаараас пуужингийн цохилт хийсэн юм.
Сирийн Засгийн газар тус улсад химийн зэвсэг ашигласан гэдэг мэдээллийг худал цуурхал хэмээн мэдэгдсэн ч АНУ болон Их Британийн Засгийн газрууд Башар Аль-Ассадыг энэ хэргийн ард байгаа гэж хардаж байгаа билээ.
Эх сурвалж: Russia Today