Улаанчулуутад 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Улаанчулуутад 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно

Улаанчулуутад 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шав тавих ёслол өнөөдөр /2018.04.17/ болж өндөрлөлөө. Тодруулбал, тус хороо нь 20 мянган хүн амтай бөгөөд цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэд бий ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 26-р  хорооны засаг дарга Э.Ууганцэцэг

Шав тавих ёслолын үеэр тус хорооны засаг дарга Э.Ууганцэцэгтэй хэсэг хором ярилцлаа. Тэрбээр “Манай Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо нь түр оршин суугчидтайгаа нийлээд 20 гаруй мянган хүн амтай. Хороо байгуулагдсанаас хойш 10 гаруй жил цэцэрлэггүй явсан. Өнөөдөр их баяртай үйл явдал болж байна. Энэхүү цэцэрлэг нь Нямбаатар сан, Вээлий сантай хамтарч баригдаж байгаа. Тус цэцэрлэг нь зөвхөн зорилтот бүлгийн буюу Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаа өрх айлын хүүхдүүдийг хамруулах онцлогтой. Өдөрт манай хорооны хогийн цэг дээрээс амьдарлаа залгуулдаг олон өрх бий. Тухайлбал, өдөрт 150-200 орчим хүн энд ажил, хөдөлмөр эрхэлдэг. Нийтдээ бүртгэлтэй 390 иргэн байдаг.

Энэ цэцэрлэг баригдсанаар туслах багш, ажилтан, үйлчлэгч, манаач гэсэн ажлын байрны орон тоо гарна. Үүн дээр хорооныхоо ажилгүй иргэдийн ажиллуулах хүсэлтийг Нямбаатар санд тавьсан. Энэ бүхнийг хэрэгжүүлж, хүлээж авсан ‘Нямбаатар сан’, ‘Вээлий сан’-д баярлалаа гэж хэлмээр байна. Тус цэцэрлэг нь  ирэх есдүгээр сарын нэгэнд ашиглалтад орох тул бид зогсоо зайгүй ажиллаж байна даа” гэж ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны иргэн А.Энхтуяа

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны иргэн А.Энхтуяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Манай ач 26-р хорооны хажууд байдаг цэцэрлэгт явдаг.  Ирэх намраас энэ цэцэрлэгт өгөх санаатай сууж  байна. Өнөөдөр шинэ цэцэрлэгийн шавь тавих ёслол болж байна. Энэ хороонд нэлээд цэцэрлэг, сургууль баригдах гэж байгаад эгч нь маш их баярлаж байгаа” гэв.

А.Баасандорж “Нарны хүүхдүүд” боловсрол сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч

-“Нарны хүүхдүүд” төслийн хүрээнд хоёр цэцэрлэг баригдах гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Хэзээ ашиглалтад орох вэ? Хэдэн хүүхэд хүлээн авах чадалтай вэ?

-“Бид нар ‘Нарны хүүхдүүд” нэгдүгээр цэцэрлэгийг бариад хүлээлгэн өгчихсөн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулагдсан. Тус цэцэрлэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тусламжаар Сонгинохайрхан дүүргийнхэнтэйгээ хамтраад байгуулсан. Харин яг өнөөдрийн байдлаар Нямбаатар сантай хамтраад “Нарны хүүхдүүд” хоёр цэцэрлэг байгуулах гэж байна. Үүнд маш их баяртай байна. Бид нар Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүүхдүүдийг цэцэрлэгтээ үнэ төлбөргүй сургана. Цаашид энэхүү цэцэрлэг өргөжин 150 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай болох байх. Удахгүй цэцэрлэгээс гадна сургалтын төв хажууд нь барих төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгож, ажилд зуучлагдах боломжийг хангаж өгнө гэсэн үг юм.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж