Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар өргөтгөнө

Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар өргөтгөнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зуржээ. Айлчлалын үр дүнд Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу зургаан гарцаар буюу дунджаар 800 орчим нүүрс тээвэрлэгч машин зорчиж эхэлжээ. Цаашид Гашуунсухайт боомтыг өргөжүүлэх, БНХАУ-ын хилээр нэвтрэх нүүрс тээвэрлэгч машиныг тоог 1200 хүргэхээр ажиллаж байгаа юм байна. 

Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.  2017 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнээс 6.7 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ноогдож байна.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгджээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж