Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  2018 оны эхний улирлын салбарын  статистик тоон  мэдээллийг танилцууллаа.


Тухайлбал, 2018 оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.3 их наяд төгрөгт хүрчээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72,2 хувийг уул уурхай, олборлох салбар эзэлж байна. Үүнээс  уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

  • Нүүрс-11.2 сая тонн

  • Зэсийн баяжмал-330.1 мянган тонн

  • Алт-1.9 тонн

  • Молибдений баяжмал-1.3 мянган тонн

  • Төмрийн хүдрийн баяжмал-790.0 мянган тонн

  • Хайлуур жоншны баяжмал-13.0 мянган тонн

  • Цайрын баяжмал-23.4 мянган тонн

  • Газрын тос- 1.7 сая баррель

  • Катодын зэс-3.6 мянган тонн

2018 оны эхний улирлын байдлаар  уул уурхайн салбараас улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.  Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн байна.Үүнээс:

  • Алт-6.5 тэрбум төгрөг

  • Нүүрс-151.6 тэрбум төгрөг

  • Цайр-22 тэрбум төгрөг

  • Зэс – 242.5 тэрбум төгрөг

  • Төмөр-6.1 тэрбум төгрөг

  • Жонш-3.4 тэрбум төгрөг

  • Бусад -16.1 тэрбум төгрөг

1,1 сая тонн газрын тос олборложээ

Мөн 2018 онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  Үүнээс дөрвөн сарын байдлаар 1.93 сая баррель  буюу 262 мянган тонн тос олборлож, 1.85 сая баррель буюу 251 мянган тонн экспортолсон байна. Эхний улирлын байдлаар газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

Гуравдугаар сард ашиглалтын хоёр зөвшөөрөл шинээр олгожээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ашигт малтмалын 3333  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1697, ашиглалтын зөвшөөрөл 1636 байна. Үүнээс гуравдугаар сард шинээр хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бол 37 аж ахуй нэгжийн хугацааг сунгасан, 30 зөвшөөрлийг цуцалсан, 26 зөвшөөрлийг нөхөн олгосон, 11 зөвшөөрлийн талбайг буцаан өгсөн тоон мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж