"Эрдэнэт"-ийг аваръя цуглаан болж, шүүгчдийг огцруулах шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийг аваръя цуглаан болж, шүүгчдийг огцруулах шаардлага тавив

"Эрдэнэт"-ийг аваръя цуглаан болж, шүүгчдийг огцруулах шаардлага тавив

Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр /2018.04.17/ “Эрдэнэт” үйлдвэрээ аваръя цуглаан боллоо.

“Эрдэнэт” үйлдвэрээ аваръя хөдөлгөөнөөс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд “Мафийн гар хөлсөн болсон шүүгч нарыг, банкны барьцаанд орсон шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлье” гэсэн шаардлага мөн тавьж буй аж.

Цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас авсан тул хуулийн дагуу энэ үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна гэдгийг тэд онцоллоо.

Энэ үеэр Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян цуглаанд оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “Олон улсын Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ маргааныг заавал Монгол Улсын шүүхээр заавал хянаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэлсэнчлэн гарын үсгийг нь худлаа зурсан байвал түүнийг нь шийдэх бүрэн эрх нь олон улсын Арбитрын хуульд бий.  Энийг мэдсээр байж, худлаа мэдэн будилж байна. Дундаас нь мөнгө  зувчуулсан хүмүүс бий. Тэр хүмүүс энэ хэргийн үнэн мөнөн учрыг олох сонирхолгүй байна.

“Эрдэнэт” бол 100 хувь Монголын ард түмний өмч, энд хэсэг бүлэг хүн эзэн суух ёсгүй. Энийг цаад талд нь хаацайлж байгаа хүмүүс нь шүүгч. Шүүх байгууллага иргэний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн эрх сэргээдэг байгууллага биш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэйгээ хонгилоороо дамжуулж тодорхой бизнес бүлэглэлийг хамгаалдаг бүтэц болсон. Хамгийн улстөржсөн шийдвэр гаргадаг болсон. Улс төрийн намуудыг будилуулдаг, сонгуульд хэн орох, орохгүйг шийддэг. Гэмт хэрэг гарахад танил талтай, мөнгөтэй талд нь үйлчилдэг байгууллага шүүх болсон. Шүүг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн насаараа томилогддог бүрэн эрхтэй.

Багш, эмч хэн ч байсан  Хөдөлмөрийн гэрээгээ нэг жилээр байгуулаад сунгадаг. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Гэтэл шүүгч нар насаараа сонгогддог бүрэн эрхтэй.  Буруу юм хийсэн ч өөрийнх нь дэргэд байгаа шүүгч нараас өөр хэн ч шүүхгүй. Ийм даварсан тогтолцоо үйлчилж байна. Шүүгч нар ард түмнээс сонгогдох ёстой юм байна. Коммунист нийгэмд монголчууд шүүгч нараа ард түмнээс сонгодог байсан. Манай МАХН-ын  боловсруулсан Үндсэн дээд хуулийн төсөлд шүүгчийг  орон нутгаас нь ард түмэн сонгодог байя гэж заасан. Ийм бүрэн эрхийг ард түмэнд Үндсэн хуулиар нь дамжуулж олгох ёстой” гэлээ. 

Дараа нь зохион байгуулагчид талбайд цугласан иргэдийн хамтаар Улсын дээд шүүх рүү алхлаа.

Тэд УИХ, Улсын дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж буй юм. Нэгдүгээрт,  Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

Г.ХОРОЛ

  Гэрэл зургийг М.БАТМӨНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж