Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Энэ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг дахин 20 хувиар нэмэгдүүлэх тухай асуудал юм. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувь нь хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Энэ төслийг дэмжиж байна. Ер нь бол хүүхдийн мөнгө олгож эхэлсэн цагаас Монголын төсөвт ямар хүндрэл учирсан талаар их ярьж, улстөрждөг халуун сэдэв. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байх үед улсын төсөвт үлдэгдэл болгож 13-17 хувь хүүхдийн мөнгөө авдаггүй. Үүнийг тухайн яам, банк санхүүгийн байгууллага буруу зүйлд зарцуулж, идэж, уух, мөнгийг эргүүлэх арга хэмжээнд ашиглаж байсан. Тиймээс өнөөдөр нийгмийн халамжийн бодлогыг үнэхээр орлого багатай хүмүүст олгох нь зөв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг 20 хувь нэмэгдүүлнэ гэхээр 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах вэ. Төсөвт тодотгол хийх үү?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Төсөв тодотгохын тулд төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгасан нөхцөл байдал бүрдэх ёстой. Гэтэл энд заасан нөхцөл байдал бүрдэхгүй байгаа. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас нэмэлт халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнд ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тавигдсан юм байна лээ. Энэ хөрөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан нь хамгийн зөв алхам гэж харж байгаа.
-Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл хүүхдийн мөнгөө олгохын тулд хүнсний талон олгохоос татгалзаж байна гэсэн үг үү. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуулийн 6.2.5 дугаарт зааснаар орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тусгадаг байх гэсэн заалт бий. Энэ заалт зөрчигдөөд байна. 2018 оны төсөв батлагдаад 49 хоног өнгөрөөгүй байхад таван хууль өөрчилсөн ч төсөвт ямар ч тодотгол хийгээгүй. Хууль зөрчигдөөд байна шүү Хүрэлбаатар сайд аа.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Тэр таван хуулийг чинь Хүрэлбаатар ганцаараа батлахгүй. УИХ баталсан байх гэж би бодож байна. 2018 оны төсвийн орлого давж биелнэ. Татварын багц хуулийг өргөн барина. Үүнээс төсвийн орлого дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр тодотгол хийх шаардлагагүйгээр хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
‘Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй’
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-‘Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй.
Үүний дараа Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ тогтоолын төсөл нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай асуудал юм. Гэвч гишүүд дэмжээгүй бөгөөд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Т.НОМИН