"IPTV хэрэглэгчдээс сар бүр есөн тэрбум төгрөг авдаг"

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

"IPTV хэрэглэгчдээс сар бүр есөн тэрбум төгрөг авдаг"

"IPTV хэрэглэгчдээс сар бүр есөн тэрбум төгрөг авдаг"

Монголын телевизүүдийн чуулга уулзалт өнөөдөр /2018.4.17/ тав дахь жилдээ болж байна. Чуулган энэ удаа “Үзэгчийн эрх ашиг” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм.

Уулзалтаар өнгөрсөн жилийн Монголчуудын телевиз үзэлтийн талаарх судалгааг танилцуулж, зах зээлийн шинэ мэдээллүүд болон салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм. Энэ үеэр мэргэжилтнүүдээс зарим зүйлийг  тодрууллаа.

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ АДИЛХАН ӨДӨРТ 3.6 ЦАГ ТЕЛЕВИЗ ҮЗДЭГ

Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн мэргэжилтэн Н.Тогтохсүрэн

Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн мэргэжилтэн Н.Тогтохсүрэн

-Танай хороонд ихэвчлэн ямар гомдол ирдэг вэ. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Үзэгчдээс телевизийн агуулгатай холбоотой гомдол их ирдэг. ХХЗХ нь тэр бүр рүү орж ажиллах газар нь биш.

-ХХЗХ-ноос телевизүүдэд ямар шаардлага тавьдаг вэ. Телевизүүд шаардлагыг биелүүлж чадаж байна уу?

-Манай хорооноос монгол нэвтрүүлэг тухайн телевизээр гарч буй контентын 50 хувийг эзлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд үүнийг сайн биелүүлдэг.

-Телевизүүдэд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хомс байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Манай судалгааны дүнгээс харахад нийт нийлүүлэлтийн ихэнх хувийг уран сайхны кино, дуу хөгжим, мэдээ мэдээлэл эзэлдэг. Судалгааны дүнд солонгос кино, реклам, зар сурталчилгааг хэрэггүй гэж үзсэн бол хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг нийлүүлэлт багатай ч, хэрэгтэй байна гэж үзсэн. Монгол хүүхдүүд эцэг, эхтэйгээ адилхан өдөрт 3.6 цаг телевиз үздэг. Тэд ихэвчлэн кино суваг үзэж байна. Тэдгээр сувгуудад хүүхдийн нэвтрүүлэг байдаггүй. Хүүхдийн болон танин мэдэхүйн нэвтрүүлэг хийх нь телевиз болгоны үүрэг биш. Гэхдээ энэ талд анхаарал хандуулах ёстой.

-Өргөн нэвтрүүлгийн хүрээнд хүүхдийг зохисгүй контентээс хэрхэн хамгаалах вэ?

-Эцэг, эхчүүдээс өргөн нэвтрүүлгээр гарч байгаа кино, дүрс бичлэгийн талаар маш их гомдол ирдэг. Бид тухайн гомдолтой холбогдуулан телевизүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Телевизүүд Хүүхэд хамгаалах тухай хуульд заасан хэм хэмжээний хүрээнд зохисгүй контентынхоо хэм хэмжээг тогтоож, тодорхой дүрэмтэй болох ёстой. Эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөлөх агуулгатай кино, дүрс бичлэг гаргасан бол тухайн телевизэд гомдол гаргах, хэрэв шийдэж чадахгүй бол манай байгууллагад хандаж болно.

IPTV-ийн үйлчлүүлэгчид энэ намраас арай өөр үйлчилгээ авна

Монгол ТВ-ийн стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал  Г.Бат-Эрдэнэ

Монгол ТВ-ийн стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал  Г.Бат-Эрдэнэ

-Телевизийн салбарт  тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Сонин өөрсдийн уншигчаасаа төлбөр авдаг. Бид ийм асуудлыг дэвшүүлж байгаа юм. Хэрэв үзэгчид нэвтрүүлэг таалагдсан бол давтан үзэхдээ одоо телевиз үзэхээр төлж буй мөнгөнөөсөө тодорхой хэмжээг нь телевизүүддээ шилжүүлж өгөхгүй бол салбар доройтох гээд байна. Салбар доройтоход хэдэн хүний бизнес доройтож байгаа биш соён гэгээрүүлэх үйл унаж байгаа юм. Ингэснээр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, залуусын бодол сэтгэхүй, дэлхийд өрсөлдөх чадварт нөлөөлнө. Бодлого тогтоогчид, салбарын бүх хүн анхаарлаа хандуулаасай. Тэгэхгүй бол оройтох гээд байна.

-Салбар доройтож байгаа нь стандарт байхгүйгээс олон телевиз бий болж байгаатай холбоотой байж болох юм. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Айлд аав нь тоглоомын дүрмийг зохицуулдаг шиг Монголд төр нь үүнийг зохицуулах ёстой. Ардчилсан байдлаар давамгайлсан БНСУ, Япон зэрэг оронд өргөн нэвтрүүлгийн 5-10 телевиз, спорт, урлаг зэрэг чиглэлээр дагнасан цөөн кабелийн телевиз байна зэргээр энэ асуудлыг аль хэдийнэ зохицуулсан байдаг. Ийм зүйл байхгүй болохоор манай улсын телевизийн салбар нурж унах нь ээ.

-Үзэгч таалагдсан нэвтрүүлгээ давтан үзэхдээ мөнгө төлдөг болох тухай ярьж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг ухрааж үздэгийг зогсоосон. Энэ нь маш их бухимдал дагуулсан. Уг нь Монгол ТВ нэвтрүүлгээ ухрааж үзэхийг зогсоосон юм биш. Монгол ТВ болон бусад телевизийн эфирийг зөвшөөрөлгүй ухраадаг байсан олон сувгийн үйлчилгээ буюу IPTV-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон юм. Телевизийн салбарт шууд нэвтрүүлгийн зардлыг зар сурталчилгааны байгууллага төлдөг. Тодруулбал, “The Voice of Mongolia”-ийн зардлыг Mobicom, Хас банк зэрэг байгууллага төлдөг. Хэрэв давтан үзэх бол төлбөрийг үзэгч төлөх ёстой. Үүн дээр бид нэмэлт төлбөр авъя гэхгүй байгаа. IPTV-ийн 300 мянга гаруй хэрэглэгч сар бүр 30 мянган төгрөг төлдөг. Олон сувгийн үйлчилгээ үзүүлэгчид сар бүр есөн тэрбум төгрөг хэрэглэгчдээс авдаг гэсэн үг. Есөн тэрбум төгрөг гэдэг нь маш их мөнгө. Үүнийхээ тодорхой хувийг рейтингээс нь хамааран телевизүүддээ хувааж өгөх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр сайн, муу  бүтээлүүд нь ялгарна. Олон үзэгчтэй болохын тулд уран бүтээлчид илүү бүтээлчээр сэтгэж, чанартай нэвтрүүлэг хийх суурь тавигдах юм.

-Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг хэзээ IPTV-ээр үздэг болох бол?

 -Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь телевизүүдийнхээ саналыг сонсож байгаа. Ухрааж үздэг үйлчилгээний төлбөрийг энэ намраас телевизүүдтэй хуваадаг болохоор ярилцаж байгаа. Тиймээс IPTV-ийн үйлчлүүлэгчид энэ намраас арай өөр үйлчилгээ авах байх. Телевизийн өргөн нэвтрүүлгийн хууль гээд маш том хууль Засгийн газраар батлагдаад, удахгүй Байнгын хороогоор орох гэж байгаа. Хуульд санал зөрөлдөөд байдаг зүйлийг нэг мөр болгож, дэлхийд өрсөлдөхүйц телевизийн салбарыг бий болгохоор болж байгаа юм.

-Монголын телевизүүд улс төрөөс хараат бус байж чадаж байна уу?

-Монголын ардчилал бүс нутагтаа манлайлдаг. Манай телевизүүд улс төрөөс хараат бус. Харин санхүүгээс хараат. Монголын сэтгүүл зүйг “Үзэл бодлоор хараат бус. Санхүүгээр хараат гэж” Б.Галаарид гуай хэлсэн байдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэхийг бид өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.

Олон ангит кино телевизийн нэвтрүүлгийн 40 орчим хувийг эзэлдэг

Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан

Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан

“Орон нутгийн телевиз нь өдөрт зургаан цагийн эфир явуулдаг. Үүнд орон нутгийн мэдээ, мэдээлэл хоёр цаг орчмыг эзэлдэг. Олон ангит кино телевизийн нэвтрүүлгийн 40 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн үед өргөн нэвтрүүлгийн телевизүүд, студи, продакшнуудтай хамран ажиллаж байгаа” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж