Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргана

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргана

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргана

“Соманг плаза”–гийн нэг давхарт өнгөрсөн амралтын өдрүүдэд хо­ли­мог тулааны сонир­хогчдын цөсийг хөөргөсөн кикбоксын 60 кг–ын аваргыг шалгаруулах “Shinobu fight” 2018  тэмцээн болж өндөрлөлөө.

Б.Амарбаясгалан, Б.Ганзориг нарын үзүүлэх тоглолт

16 тамирчнаас шалгарч үлдсэн дөрвөн тамирчины аваргын төлөө  тоглолт болов. Тулааны салхийг “Шандас ММА” клубын тамирчин О.Пүрэв, “Парк жим” клубын тамирчин П.Сүхмягмар нар хагалсан ч харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй.

Д.Түвшинтөгөлдөртэй хийсэн тулааны нэг агшин.

О.Пүрэв хүнд гэмтэл авснаар тулааныг орхисон юм.  Үзэгчдийн ихэнх нь дэмжиж байсан тулаанч нь бэртэл авсанд харамсч байв. Ингэснээр олон улсын мэргэжлийн боксын шүүгч Д.Сүх­баатар шүүгчээр нь ажилласан тулаанд тамирчин П.Сүхмягмар ялалт байгуулж аваргын төлөө тоглохоор боллоо. “Мандал fight”  клубын  тулаанч Б.Алтандөлгөөн, “Ирээдүй ММА” клубын Д.Түвшинтөгөлдөр на­рын хоо­ронд болсон дараагийн  тулаан эхнээ­сээ ширүүн өрсөлдөөнтэй явагдав.

Б.Алтандөлгөөн, П.Сүхмягмар нарын аваргын төлөөх тулаан эхэллээ.

Хажуугийн шүүгчид тэднийг тэнцсэн гэж үзсэнээр тоглолтын цагийг сунгаж нэг үе нэмж тоглосон юм.  Нэмэлт цагт Б.Алтандөлгөөн өрсөлдөгчөө ялж аваргын төлөө тоглох болзлыг хангаж чадлаа. Тулааны ерөнхий шүүгч Ө.Саруул–Од “Мэргэжлийн тулаан нь гурван үе гурван минут үргэлжилдэг. Харин хажуугийн шүүгчид хоёр тамирчныг тэнцсэн гэж үзвэл гурван минутаар хоёр үе нэмж сунгаж болдог гэв. Мөн энэ нь мэргэжлийн тулаан учраас нээлттэй сорилго зарладаг. Ирсэн тулаанчдын дундаас наймыг нь шалгаруулж тулалдуулдаг.

Техни­кийн давуу байдлыг харуулан П.Сүхмягмарыг яллаа.

Шалгарсан дөрөв нь тухайн жиндээ аваргын төлөө тулалддаг” хэмээн тулааны дүрмийг тайлбарлав. Аваргын төлөөх тулааны өмнө дуучин Э.Агиймаа тэргүүтэй уран бүтээлчид үзэгчдийн сонорыг мялаав. Мөн тулаанч Б.Амарбаясгалан, Б.Ганзориг, А.Энхбаяс­галан, Б.Баттөр нарын тоглосон тулаан үзэгчдийг уйдаасангүй. Үзүүлэн тоглолтын туршид гайхамшигтай чадварлаг тулалдсан “Ангууч” хочит Б.Баттөр яллаа. Түүнд шагналыг тэмцээнд уригдан ирсэн хүндэт зочдын нэг ОУХМ, боксын гавьяат дасгалжуулагч Б.Ганбат гардуулсан юм. Кикбоксын 60 кг–ын аварга шалгаруулах тэмцээнд боксын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, дэлхийн холимог тулааны аварга Ж.Нарантунгалаг зэрэг  боксчдыг хүндэт зочноор урьжээ.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч аваргын төлөөх тулаан эхлэхэд Б.Алтан­дөлгөөн, П.Сүх­мягмар нар хүч чадал, ур чадвараа шавхан тулалд­лаа. Шүүг­чид тоглолтын техни­кийн  давуу байдлыг харуулан тулалдсан гэж үзэн тулаанч Б.Алтандөлгөөнийг тэмцээний аваргаар шалгаруулсан юм. ОУХМ, боксын гавьяат дасгалжуулагч Б.Ганбат болон тэмцээнийг зохион байгуулагч, мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Ц.Амар­баясгалан нар аваргын төлөө өрсөлдсөн тулаанчдад цом, мөнгөн шагналыг нь гардууллаа.Шинэ аварга Б.Алтандөлгөөн “Их сургуулиа төгсөөд тулаанаа хэсэг үргэлж­лүүлнэ. Мөн Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргана” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

“Shinobu fight” группийн захирал Ц.Амарбаясгалан  тулааны дөрвөн жинд түрүүлсэн аварга тулаанчдаа наймдугаар сард болох тэмцээнд урьж байгаагаа дуулгав. Мөн тэрээр “Ялангуяа 60 кг–д хоёр удаа хийсэн сорил шалгаруулалтад олон залуус өрсөлдсөний эцэст шинэ аварга маань тодорлоо. Б.Алтандөлгөөн олон тулаанаас гарч ирсэн шилдэг аварга гэсэн юм.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж