"Татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, чанартай үйлчлэх боломж бүрдсэн"

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

"Татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, чанартай үйлчлэх боломж бүрдсэн"

"Татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, чанартай үйлчлэх боломж бүрдсэн"

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд 5117 хувь хүний орлогын албан татвар, 1431 үл хөдлөх хөрөнгийн албан татвар, АТБӨЯХ-ийн 16660, давхардсан тоогоор нийт 20 гаруй мянган татвар төлөгчид үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн тус аймгаас НӨАТ-ын сугалаанд 1132 азтан тодорсон байна. Энэ талаархи мэдээллийг тус аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батболд “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцох үеэрээ танилцуулсан юм.

Тэрбээр энэ үеэр орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулсан болон Монголын Татварын албанаас дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөснөө дуулгасан. Тодруулбал, тус хамт олон ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Төрийн алба-сахилга хариуцлага” төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд 10 албан хаагчийг хамруулан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг мэдээллийн цагаар 25 албан хаагчид танилцуулан 16 сумын Татварын улсын байцаагч, Татвар хураагч нарт  мэдээллийг хүргүүлжээ.

Үүнээс гадна 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, хамт олноо манлайлж, хариуцсан ажилдаа амжилт гаргасан, төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж ажилласан тэргүүний гурван байцаагчийг шалгаруулан, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар урамшуулжээ. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батболд “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний  хүрээнд ТЕГ-аас ирүүлсэн төлөвлөгөөг  үндэслэн 18 заалт бүхий авлигын төлөвлөгөөг боловсруулан 57  албан хаагчид танилцуулан биелэлтийг дүгнэж, ТЕГ-ын ТЗУГ-т хүргүүлсэн. Мөн албан хаагчдын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний заалт болгон оруулж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласнаас гадна 2017 оны арваннэгдүгээр сард тус аймагт ажилласан АТГ-ын ажлын хэсэгт авлигын талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан болон төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, танилцуулан сайн дүнтэй дүгнэгдсэн.

Аймгийн БОАЖГ, МХГ, Цагдаагийн газартай хамтран тус аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын усны нөөц ашигласны төлбөр, газрын төлбөрийн ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийлээ.  Шалгалтад нийт 78 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж шалгалтын хугацаанд усны нөөц ашигласны төлбөрт 14 иргэдээс төлбөрт 47792.3, 21 ААН-ээс 132775.4, нийт 35 аж ахуйн нэгж, иргэдээс 180567.7 мянган төгрөгийн татварыг хурааж, аймгийн төсөвт  төвлөрүүлсэн нь өмнөх оныхоос тухайн төрлийн татвараар төсөвт төвлөрүүлсэн орлого нэмэгдсэн” гэсэн юм.

Цаашид авах арга хэмжээний талаар тэрбээр “Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар аймгийн Засаг даргад хүсэлт тавьсан. Үүний дагуу аймгийн ИТХ-аас 2017 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэн татварын улсын байцаагч болон татвар хураагчдын ажиллах нөхцлийг сайжруулсанаар татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай хүргэх боломж бүрдсэн. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд аймгийн татвар төлөгчдийн нэгдсэн зөвлөгөөн, “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлүүлэн ажиллалаа. Цаашид Монголын Татварын албанаас дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд санал, санаачилга дэвшүүлэн ажиллана” хэмээсэн юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж