Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө

Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө

СЭТГЭЛИЙН АНИР МУСК-г шүүмжлэхүй
ЗОХИОЛ Э.Чинзориг
КИНО СТУДИ Point Production, Logic Film production
НАЙРУУЛАГЧ Э.Чинзориг
ЖҮЖИГЧИД О.Долгор, Э.Мөнхтөр, О.Үржинханд, А. Баттүшиг
КИНО ТЕАТР Бүх кино театруудаар

ЗОХИОЛ
Бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа Э.Чинзоригийн хувьд анхны кино зохиол. Энэ зохиолыг бичихийн тулд илүү цагаар судалгаа хийж, суралцахыг шаардсангүй. Гагцхүү сэдвээ өөрийнхөөрөө харж, харсныгаа зохиол болгон буулгаж чадсанаараа л Уран Сайхны Кино болсон болов уу. Гоц гойд онцгойрох зөрчилгүй, ахуйгаас алсрах зорилгогүй болохоор амьдралын төлөө тэмүүлж яваа залуу хүн бүхний сэтгэлд ойр бууна. Буусан сэтгэлээ сийчих увдистай содон зохиол.

Хүмүүн гэгч бодгаль амьтан нэгнээ ойлгох, энэрэх, хайрлах сэтгэлээрээ адгууснаас ялгарна. Энэ чанар нь дутвал мэдээж адгууснаас ялгаагүй болно. Хүсэл ухамсар хоёрын алиных нь зоон дээр хүний хувь тавилан тогтож, хүн төрөлтөн үлдэж ирсэн тухай далд өгүүлэх ухамсарт зохиол.

Сэтгэлийн Анир киноны зохиолыг бичиж найруулсан жүжигчин Э.Чинзориг

НАЙРУУЛАГЧ

MNB телевизийн “Тусгай салаа” олон ангит кино, “LOVERS” МУСК-нд тоглож уран бүтээлийн замналаа эхлүүлсэн залуу уран бүтээлч Э.Чинзориг нь POINT PRUDOCTION-ийг үүсгэн байгуулсан. Энэ бүтээлийн зохиолоо өөрөө бичиж, өөрөө Ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. Анхных гэхэд энэ бүтээл арай л хүнддээгүй юу?… гэж бодмоор. Хийчихсэнийг нь үзэхээр дараагийн бүтээлийг нь хүлээмээр санагдах. Энэхүү кино нь хорон муу санаатай, эсрэг талын гэх дүргүй хэрнээ киноны үргэлжлэх хугацаа буюу 100 гаруй минут тэр чигтээ тэмцэл, найдлага, зөрчил дүүрэн байлаа. Аз жаргалын агууламжийг учир шалтгаантай нь, үр дагавартай нь, бас бодогдуулах зүйлтэй нь 100 гаруйхан минутанд багтаан боловсруулж, хүний ухамсарт цутгаж байгаа нь найруулагчийн ур юм. Хэн муу хүн юм, хэн буруутай юм гэдгийг үзэгч бүхэн өөрийнхөөрөө дүгнэх боломжийг үлдээж бас ч үгүй сэтгэлгээгээ илэрхийлж муугүй найруулсан санагдана. Ямартаа ч Э. Чинзориг гэх залуу Монголын кино урлагийн энэ цаг үеийн хөгжилд өрсөлдөн тоглохоор орж ирлээ. Түүний гарт “Түз” хөзөр бий. Тэр нь МУСТА О.Долгор.


КИНОНЫ АГУУЛГА (товч)
Жижиг тосгонд томилолтоор очиж ажиллах болсон залуу эмч Төгсөөгийн гэр бүлийн харилцааны тухай өгүүлнэ. Кино эхлэхэд ‘Сходны событ’ буюу өмнө нь болсон үйл явдалд хосуудын амьдрал ямар байдалтай байсан нь ойлгомжтой байлаа. Хөдөө тосгонд нөхрийгөө дагаж ирсэн эхнэр эр нөхөртөө:

-Харин ч бид хоёр энэ суурин газар бие, биедээ гаргах цаг бүр ч их гарах байх…

гэх нь залуу гэргийн амьдралаа аз жаргалтай байлгах найдлага. Хөл хөдөлгөөн багатай төмөр замын нэгэн зогсоол бүхий жижиг өртөөнд аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх зорилготой ирсэн ажлын хэнхэг залуу эмчийн хувьд өөрийг нь түшсэн ханьдаа цаг зав, анхаарал халамжаа зориулах боломж нь энэ байв.

Харамсалтай нь бүсгүйн хүсэл мөрөөдөл, найдлага өөрөөр эргэсэн учир шалтгааныг эрхэм үзэгч та ӨӨРӨӨ ҮЗЭЖ, тунгааж бодсон нь зөв биз ээ.


Сэтгэл хямралыг зогсоохгүй бол түүний туйлд
сэтгэцийн өөрчлөл байгаа тухай

Там, диваажин хойт төрөлд биш
сэтгэл дотор байдаг
Алинд нь оршихоо хүн өөрөө шийддэг тухай

Архи хүнийг зоригжуулдаггүй.
Зөвхөн алдаанд хүргэж байгаа тухай

агуулга доторх агуулга юм уу гэмээр арвин өгөгдлүүд олонтаа. Үзэгчиддээ зориулсан ач холбогдлын санаагаа жижигхэн өртөөнд өрнөх үйл явдлаар дамжуулан романтик хэлбэрээр тод хүргэж чадсан Сэтгэлийн драм.

ХЭЛБЭРИЙН ШҮҮМЖ
Дүн өвлөөр гүн хөлдсөн голын усан дээр тоглож байгаа хүүхдүүд. Нэг хүүхдийг даалгүй мөс гэнэт цөмөрч байгаа нь логикгүй. Яг ийм мөсөн дээр үзэгч би хүүхэд байхдаа гулгаж тоглодог байсан болохоор яагаад энэ хүүхдийн хөл доорх мөс тэрүүхэн хавьдаа цөмөрсөн тухай бодоод ойлгосонгүй. Артур Хаан кинон дээр хуяг дуулга, зэр зэвсэг агссан хэдэн зуун цэргийг даахгүй голын мөс цуурах гэж байгааг анзаарсан Артурын дайчин эр урдаас нь гүйж очоод мөсийг хэдэнтээ цавчин хагалж цөмөлдгөөс эхлээд ер нь яавал ингэж цөмөрч болох тухай бодов. Найруулагч Э.Чинзоригийн мөс байгалийн хуулийг зөрчин тэрүүхэн хавдаа, яг тэр өдөр хүүхдийн зулай шиг болчихоогүй л бол яагаад ч цөмрөхгүйг үзэгчид мэднэ. Уг нь мөс цөмөрсөн зөрчил нь дүрийн онцлогоос эхлээд үйл явдлын өрнөлийг тодотгосон боловч идэр есийн өдөр хүүхдийн хөл доорх мөс цөмрөх ёстой бол шалтгаан заавал байх ёстой.

Хамт тоглож байхад нэгнийх нь хөл доорх мөс цөмрөөд амь тэмцэн орилж байхад яг дэргэд нь хөдөлгөөнгүй харж зогсох хүүхдүүд. Найруулагчийн өнцгөөс бодвол айсандаа шоконд орсныг харуулж байгаа юм болов уу? Гэхдээ бас л логикгүй. Ямар ч хөдөлгөөнгүй харж зогсох хоёр хүүхэд харь гарагаас ирсэн биет хүний биед нуугдаж байсан, эсвэл гэнэт юу юугүй зомби болоод хувирчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсныг нуулгүй бичье.

Гал усны ямар ч аюул, намаг шаврын алинаас нь ч амьд гарахгүй байх эрсдэлийг бодохгүйгээр, нэгнээ аварч чадна гэх зоригт шийдвэр, гэнэн тэнэглэл хүүхдээс л гардаг. Бүр хаа хамаагүй ан амьтныг аврах зориг томчуудаас илүү хүүхдүүдээс л хурдан гардгийг олонтаа сонсож байлаа. Хүүхдийн сэтгэхүйн онцлог тийм гэнэ. Хөшиж зогсох шалтгаанаас илүү дэргэд нь байгаагүй шалтгаан үнэнтэй илүү ойр байх байж.

Мөн хот газраас ирсэн уяхан туяхан Анир хатгаа аваад хэдэн өдөртөө хэвтэрт орчихмоор үзэгдэл хэд хэдэн удаа гарсан ч цөмөрсөн гол руу орсон шөнийн халуурахыг эс тооцвол ганц ч ханиалгаж, үгүй ядахнаа хамар нь ганц удаа ч болов шуухитнаж дээ гэж харагдсангүй. ‘Холливуудын техник хийц өөр’ гэж барьцахгүйгээр шийдэж болох байсан өөрсдөөс шалтгаалсан гэнэрхэлүүдийг эс тооцвол энэ кинонд шүүмжлээд байх зүйл алга. Үзэгчдийн итгэл үнэмшилд хүрдэг Уран Сайхны Киноны ‘Оньс’ болох дээрх логикийн алдаануудаа дараа, дараагийн бүтээлдээ анхаарч байхыг сануулъя. Гэхдээ энэ кино алдаанаас илүү агуулгыг үзэгчийн сэтгэлд үлдээж байгаа болохоор үзэгч миний бие өөр шалдар булдар алдааг анзаарах сөхөө байсангүй.


ЖҮЖИГЧИД

Жүжигчин Э.Мөнхтөр

Төгсөө эмч.
Гол дүр болох Төгсөө эмч анхны паланаас л ямархуу хүн болох нь мэдэгдэнэ. Муу хүн биш ч гэсэн хэт социалист гэмээр хүмүүжилтэй, хөндий харьцаатай, хэдэр яхир ааштай, инээж, баярлахыг мэдэхгүй мэт хүйтэн нөхөр. Ажлынхан нь хөдөө гарч хорхог хийж, архи ууж хонохоор болоход машиныг нь аваад шөнө давхисаар гэртээ ирж хонож байгааг нь харахад наргиа цэнгээнд дургүй, хөнгөн явдалгүй хүн гэдгийг нь улам тодотгоно. Дахин хэлье. Төгсөө эмч лав муу хүн биш. Гэхдээ энэ зохиолын бүхий л зөрчил, тэмцэл Төгсөө эмчээс л үүдэлтэй. Энэ дүрд Монголын энэ үеийн царайлаг залуу жүжигчдийн нэг Э.Мөнхтөрийг сонгосон нь оновчтой сонголт санагдав. Миний бие жүжигчнийх нь хувьд түүнд ‘сайн’ дүн тавьдаг бөгөөд энэ удаад ч дүрийнхээ онцлогийг чадварлаг сайн тоглож харуулжээ.

МУСТА жүжигчин О.Долгор

Анир.
Эр хүн бүхний мөрөөдлийн гэмээр гэргийн дүр. Үүрэг хариуцлага, сэтгэлгээ, хандлага, гоо үзэсгэлэн, хөнгөн сээтэгнүүр зангүй, зөв дадал зуршил, ухамсар гээд эмэгтэй хүний сайхан чанаруудыг цогцлоосон дүрд жүжигчин О.Долгор тоглосон байна. Бас нэг азгүй хувь тавилантай гэгээн дүр нь “Үл таних бүсгүй”-гээр дамжин үзэгчдийн сэтгэлд гүнээ хоногшиж үлдсэн болохоор Анирыг үзэгчид киноны турш хайрлаж үзнэ. Хөдөө тосгоны нэг амбаараас илүүгүй оромжинд чамтайгаа л байвал аз жаргалтай байна хэмээн найдсан түүний хувьд байдал өөрчлөгдсөнгүй.

Анир үнэхээр хайртай хүнтэйгээ л байвал уулын мухарт ч гэсэн аз жаргалтай байж чадах дэндүү гэгээхэн, ховорхон тэмүүлэлтэй бүсгүй юм. Ийм бүсгүйг Төгсөө хайрлах л ёстой. Тийм үү…

Уурын зуухны галчийг налан тэврэхээс өөр сонголтыг түүнд хайрт нь өгөөгүй юу? Ер нь Төгсөө өөрт нь хайртай юу? Анирын хүсэл мөрөөдөл үзэгч таны хүсэл мөрөөдлөөс юугаараа өөр, юугаараа адил болохыг та гарцаагүй тунгааж бодно. Тэгээд Анир эр нөхрөөсөө, урвасан уу, тэр нүгэл хийсэн үү… гэдгийг өөрийнхөө хувьд дүгнээрэй.

Энэ кино нь сээтэгнүүр хүүхэн нууц амрагтай болж нөхрөө хуурч байгаа нүгэлт үйлдэлийн тухай огт биш гэдгийг урьдчилан хэлж, онцолъё.


Сувилагч.
“Эм хүн өгзгөө шарвахгүй бол эр хүн шиншлэхгүй” гэх томъёог Төгсөө эмчийн туслах сувилагчийн дүрээр тодорхойлно. Залуу жүжигчин Э.Билэгтмаа оногдсон дүрээ элдэв янзын хэтрүүлэггүй энгийнээр гаргасан санагдав.

Жүжигчин О.Үржинханд

Бурмаа.
Налсан бүхэнтэй наалдахаас буцахгүй, хавь ойрдоо хов ярьж хутгаж явдаг хөнгөн явдалтай эмэгтэйчүүд эргэн тойрондоо ямар гай тарьж, яаж нөлөөлдгийг хөрш Бурмаагийн дүрээр харуулжээ. Залуу жүжигчин О.Үржинхандыг чадварлаг гэхийг нь олонтаа сонсож байсан ч тодорхой дүрийг нь үзэж байгаагүй болохоор сэтгэлд хүрсэн тоглолт байв. Цаашдаа О.Үржинхандыг кино болгон дээр нь буланд шахаж Бурмаа шиг дүр дээр хүчиндсээр байгаад нахаал Навчаа гэдэг шиг тодорхойлолтонд үлдээчихгүй бол шүү дээ…

Жүжигчин А.Баттүшиг

Уурын зуухны галч.
Чухал оролцоогүй хэрнээ чухалчилж анзаарахаар түүхтэй дүр. Ер нь өмнө нь хэн байсан юм бол, яагаад энд галч болчихсон юм бол, тэр гэрэл зураг дээрх хүмүүс яачихсан юм бол, гитар хөгжим тоглохоос өөр юуг чаддаг бол, бас сэтгэлийнхээ мухарт байгаа ямархан нандин бодлуудыг өдөр бүр уурын зуухандаа өрдөн шатаах мэт хэрхэн ганцаарддаг бол гэж бодохоор. Энэ дүрийг урласан жүжигчин бол орчуулгын киноны мастер, янгир мэт өөр, янгир мэт ховор жүжигчин А.Баттүшиг.

ҮЗЭГЧИЙН ДҮГНЭЛТ

Кино бол харах, сонсох мэдрэмжүүдээр дамжиж сэтгэлд хүрдэг урлаг.

Уянгалаг хөгжим, уран яруу үг ишлэл олон тусмаа
онилсон байгаа онодог болов уу. Харин энэхүү кино нь:

Үг яриа, хөгжим чимэг цөөтэй хэрнээ эхлэлээсээ төгсгөл хүртэлээ
сэтгэл аргамжсан бүтээл болсоноороо өдөр бүхэн шахуу кино театруудад
нээлтээ хийдэг бөөний кинонуудаас илтэд ялгарна.


Хайртыгаа хүлээж нойргүй хонож үзсэн хүний сэтгэлийн аниргүйн гүнд юу оршихыг хүлээлгэсэн хүн нь мэддэг болов уу. Тэр сэтгэлийн Аниргүйн гүнд орших хүслэнт хонгор нь эр хүн та байж чаддаг болов уу. Бүсгүй хүн ямар эр хүнийг хүсдэг бол… ОРЧЛОНГИЙН ХАМГИЙН УРТ ШӨНӨ ЧАМГҮЙ ШӨНӨ хэмээн үзэгчийнхээ сэтгэл зүрхийг хайр энэрэлээр дүүргэн төгсөх “Сэтгэлийн Анир”-ыг хайртай хосууд халуун гараа атгалцаад хамт үзвэл зохих ухамсарт түвшний нийгмийн хариуцлагатай бүтээл болсон гэж би дүгнэнэ. Яагаад гэвэл энэ кино өөрөө бодит амьдрал.

Нартай бороо намуухан шиврээд
Насны минь хань намайгаа хайрлана
Хөрстэй газар хөлөөс минь түшинэ
Хүсэлт хонгор минь намайгаа хүлээнэ

Хань, ханиа мөрөөднө өө
Хайр, хайраа түшинэ ээ

Ийнхүү кино урлагийн хөрсөнд, үзэгч таны мэлмийн өмнө POINT PRODUCTION үрээ суулгав.

Тэр үр нь нүдэнд харагдах дүрсгүй, гарт баригдах биегүй ‘СЭТГЭЛ’ гэгчийн 

тухай байв. Ийм хоосон зүйлсийн холбогдох зэлийг, тэр зэл хаа хүртэл 

сунах, хаана тасрах гэж байгааг дэлгэцэнд харуулж чадсан үр байв. Та 

“Сэтгэлийн Анир” МУСК-г үзээрэй.

МОНГОЛЫН КИНО УРЛАГ ХӨГЖИЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж