Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэглэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэглэх ёстой гэв

Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэглэх ёстой гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2018.04.17/ хуралдаж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Хуулийн төслийн талаар ажлын хэсгээс өгсөн горимын саналууд тус бүрээр санал хураасан. Хуулийн төслийг 2019 оны долдугаар сарын 1-ээс эхлэн дагаж, мөрдөх горимын санал гаргасан ч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал гаргаж, саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны эрх бүхий байгууллага баяжуулсан хүнснээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд хэрэглэх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Бид хүн амынхаа эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулах хуулийн төсөл хэлэлцэж байна. Хуулийн төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоолны цэсэд баяжуулсан хүнсээр хангах асуудлыг тусгах нь зүйтэй. Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн нэг ангийг баяжуулсан хүнсээр хангасан үдийн хоолоор хангаж байсан нь маш үр дүнтэй байсан. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол болон амьжиргааны түвшингээс доогуур өрхөд олгодог хүнсний талон, хүнсний бүтээгдэхүүнд заавал баяжуулсан хүнс оруулах нь зүйтэй гэж санал оруулж байгаа гэв. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хууль батлагдсан бол шууд хэрэгжиж эхэлнэ. Гэтэл баяжуулсан хүнс үйлдвэрлэдэг албан ёсны үйлдвэр тун цөөхөн байгаа. Эдгээр үйлдвэрүүд нь бүх нийтээр нь хангаж, хэрэгжүүлж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоолонд баяжуулсан хүнс оруулах асуудлыг журмаар батлах нь зүйтэй байх. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хоолонд зайлшгүй баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах, бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдээ ашиглах нь зүйтэй болов уу. Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаа ч одоогийн бодит байдалдаа үндэслэх нь нэн чухал юм гэлээ.  Хуулийн төслийн хүрээнд хөтөлбөр боловсруулах, баяжуулсан хүнс үйлдвэрлэх шат дамжлага гэх мэт олон бэлтгэл ажил байгаа. Тэр бүхнийг бодолцох хэрэгтэй гэв. 

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулж, байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж