FIBA 3×3: Сагсчид ОХУ, БНСУ-ын багийг хожжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

FIBA 3×3: Сагсчид ОХУ, БНСУ-ын багийг хожжээ

FIBA 3×3: Сагсчид ОХУ, БНСУ-ын багийг хожжээ

Манай улсын шигшээ багуудыг энэ онд олон тэмцээн хүлээж байгаа бөгөөд сагсчид Сөүлийн гранпри тэмцээнд оролцох талаар бид мэдээлж байсан.

ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн ангиллаар тэмцээн зохион байгуулдаг. 3х3 төрлийн мэргэжлийн ангиллын тэмцээний шинэ улирал өнгөрөгч амралтын өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод эхэллээ.

Сөүл хотод болсон тэмцээнд “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” гэсэн мэргэжлийн хоёр баг оролцож, тав болон есдүгээр байрт орлоо. Тус гранприд тэмцээнд АНУ, Канад, Серб, Япон, Монгол зэрэг 16 орны баг өрсөлдсөн.

“Ховд” баг урьдчилсан хэсгийн эхний тоглолтоо Японы Токио хотын багийн эсрэг хийж 20:17-оор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлсэн. Тэд хоёр дахь тоглолтоо ОХУ-ын Москва хотын багийг 21:19-өөр хугацаанаас нь өмнө хожиж шилдэг 12-т багтжээ.

Улмаар үндсэн хэсэгт Канадын Саскатоон, Сербийн Белград багуудтай нэг хэсэгт орсон. “Ховд” баг эхний тоглолтоо дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдсэн Сербийн Белград багийг хожсон ч (17:16) дараагийн тоглолтдоо дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдсэн Канадын Саскатоон багт 21:10-аар хожигдсон байна.
Манай багийн хувьд Саскатоон болон Белград багуудын тоглолтоос хамааран хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэх байв. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо Саскатоон баг 17:15-аар Белград багт хожигдож оноо тоолж манай баг хэсгээсээ гарч чадалгүй тус тэмцээний есдүгээр байрт шалгарсан юм.

Харин дэлхийн чансаанд 12 дугаарт эрэмбэлэгдэж буй “Улаанбаатар Гаруда” баг тэмцээний эхний тоглолтоо БНСУ-ын Сонгпа багийн эсрэг хийж 18:15-аар хожиж, дараагийн тоглолтдоо дэлхийн аваргын мөнгөн медальт Амстердам багт 21:15-аар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд гарсан юм. Улмаар хасагдах шатанд АНУ-ын Принцетон багтай тоглож 21:19-өөр хожигдон тэмцээний тавдугаар байрт шалгарсан юм.

Манай мэргэжлийн багуудыг энэ сарын 21-22-нд Нанжины Гран при тэмцээн хүлээж байна.

Дашрамд мэдээлэхэд, “Токио-2020” зуны олимпийн наадмын үндсэн төрөлд сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж