Анна Хазари нь өдгөө 74 настай, гэр бүлгүй нэгэн аж. Түүнийг Энэтхэг улсад “Буруу бүхнийг илчлэгч” хэмээн хочилдог бөгөөд өөрийн хуримтлуулсан ихэнхи хөрөнгийг нийгмийн сайн, сайхний төлөө зориулж, дунд сургуульд жил бүр тодорхой хэмжээний хандив өгдөг уламжлалтай аж.
Энэтхэг улсын Цагдаагийн албанаас түүнийг баривчилсны дараа иргэд ихэд дургүйцэн эсэргүүцлийн жагсаал хийж эхэллээ. Түүнийг дэмжигчид Аннаг “Баривчлах үндэслэлд үндэслэл байхгүй. Энэ бол эрх чөлөөт Энэтхэг улсад шударга ёс гэж үгүй болжээ хэмээн эсэргүүцсээр байна. Өнгөрсөн лхагва гарагт хүчний байгууллага, жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж хэдэн арван хүн гэмтэж, арав гаруй хүн амиа алдсан нь олон улсын хэвлэлийн анхаарлын төвд орсон юм.
Өнөөдрийн байдлаар Анна Хазар өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд эмчийн үзлэгээр “Бие нь сульдаж эхлэж байгаа” гэсэн онош гарсан талаар BBC агентлага мэдээллэв. Түүнд одоо ч Энэтхэгийн ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт гэдгээ илэрхийлж, жагсагчид түүний хоригдож байгаа газрын гадаа дэмжлэг үзүүлэн жагсч байгаа аж.
Энэтхэг улсын сэтгүүлч Соутик Бисвас “Энэтхэг улсын Засгийн газрын эсрэг ард түмний шинэ давалгаа үүслээ. Эрх баригчид үйлдэл болгондоо хянамгай хандаж, үг болгоноо цэгнэж эхэлсэн нь Анна Захаригийн нийгмийг чиглүүлэх нөлөө нь хэдий хэр том цар хүрээтэй болохыг нотолсон хэрэг болж байна” гэжээ. Мөн тэрбээр “Асуудал энэ байдлаараа үргэлжилбэл Энэтхэг улсын хүмүүсийн тал нь “Хоёр дахь тусгаар тогтнолын өдрийг эхлүүлэх” болно. Тиймээс эрх баригчид болон хүчний байгууллага гарцаагүй түүнийг сулласан нь зөв шийдвэр болох болов уу” хэмээн Анна Захариг өмөөрсөн нийтлэлүүд бичсээр байгаа талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.
Мөн Энэтхэг улсын хэвлэлүүдээр энэ талаар хурц нийтлэлүүд бичсээр байгаа аж. Жишээ нь өдөр тутмын “АссамТрибун” сонины “Засгийн газар Аннагаар оролдсоноор Б төлөвлөгөөнд шилжих болсон уу”, мөн “AsianAge” сонины “Буруу хүнээр буруу цагт оролдсон нь хамгийн том алдаа” гэх мэт нийтлэлүүд энэтхэгчүүдийг улам бүр хурцалж байгаа аж. Олон нийт ийнхүү бухимдаж байгаад Энэтхэгийн Ерөнхий сайд санаа зовинож буйгаа өчигдөр мэдэгдсэн юм. Ямартай ч холбогдох албаныхантай хэрэг явдлын талаар ярилцах болно гэдгээ амласан билээ.
Анна Захарийг дэмжигчид энэ тал дээр өөрсдийн сэтгэгдлийг орон нутгийн “Indianvoices” радиогоор дамжуулсан байна. Иргэд “Бидний жагсаал, Аннагийн өлсгөлөн бүгд шударга ёстой холбоотой учир ийнхүү бурханы зарлигаар Ерөнхий сайд нааштай хариу хэллээ” гэжээ. Шударга ёс, эв нэгдэлийн билэгдэл болгож “Үнэнийг бид дэмжинэ” нэртэй иргэний хөдөлгөөн шинээр байгуулагдсан талаар “AhmedabadMirror” сонин мэдээлэв. Ямартай ч эрх баригчдын зүгээс эцсийн шийдвэр гартал, жагсагчид өөрсдийн байр суурийг хадгалан суулт хийж, жагсаалаа үргэлжлүүлэхээ амласан билээ.
"Улс төрийн тойм" сонин