Сайн засаглал хямд санхүүжилт "даллана" | News.MN

Сайн засаглал хямд санхүүжилт "даллана"

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Сайн засаглал хямд санхүүжилт "даллана"

Сайн засаглал хямд санхүүжилт "даллана"

Дотоодын 15 орчим компани 32 тэрбум төгрөгийн бонд босгожээ

Хөрөнгийн зах зээлд үгүйлэгдэж байсан компанийн бонд эргэн ирлээ. 2000 оны эхээр эрчимжиж байсан компанийн бонд сүүлийн хэдэн жил татарсан. Харин өнгөрсөн оноос үндэсний хэд хэдэн компани дотоодод өрийн бичиг гаргаж, санхүүжилт татлаа. Зөвхөн 2017 онд дотоодын аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн зах зээлээс нийт 8.8 тэрбум төгрөгийн бонд босгожээ. Харин энэ он гарсаар Монголын хөрөнгийн биржид компанийн бондын хүсэлт ирээгүй байна. “Гэхдээ компаниуд бонд гаргахаар зэхэж байгааг үгүйсгэхгүй” гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэллээ. Харин гадаад зах зээлээс Монголын хувийн хэвшлийн төлөөлөл Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сард 500 сая ам.долларын санхүүжилт татсан. Бондын эргэн төлөлтөө хугацаанд нь амжилттай хийж байгаа билээ. Үүнээс гадна Монголын тэргүүлэх компанийн нэг “Монголын алт компани” (МАК) энэ оны эхээр бондын танилцуулгаа олон улсад хийж эхэлсэн юм. Гэвч МАК-ийн шинэ бонд тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг МАК-ийн зээлжих зэрэглэлийг “ССС+” түвшинд баталгаажуулсан байна. Тус агентлаг МАК-ийн зээлжих зэрэглэлийн урт хугацааны төлөвийг эерэгээр үнэлсэн бөгөөд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын зардлаа танаж чадна гэж дүгнэжээ.

Ингэснээр тус компанийн үнэт цаас гаргах үйл явц хурдсах төлөвтэй байна. МАК ойролцоогоор 200 сая ам.доллараар хэмжигдэх бондын хөрөнгөөрөө банкуудаас авсан зээлээ эргэн төлөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буй тус компанийн ам.доллараар нэрлэсэн шинэ бонд таван жилийн хугацаатай байх аж. Компанийн бонд нь бага зардлаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчид найдвартай өгөөж хүртээхээс гадна санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгодог. Компанийн бонд нь хувьцаатай харьцуулахад өгөөж доогуур ч эрсдэл багатай. Одоогоор аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг дунджаар 19-25 хувийн хүүтэй татаж байгаа. Харин хөрөнгийн зах зээлд компанийн бонд гаргаснаар бусад санхүүжилтийн өртгөөс 2-6 хувийн хүү хэмнэх боломжтой. Тухайлбал, өнгөрсөн онд “Сүү” хувьцаат компанийн босгосон зургаан тэрбум төгрөгийн бонд 12 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй байв. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дунджаар жилийн 17-19 хувийн хүүтэй компанийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргажээ.

Тиймээс аж ахуйн нэгжүүд санхүүжилтийн өртөг, барьцаа хөрөнгө зэрэг зээлийн шалгуураас зугтан дотоод болон гадаад зах зээлээс санхүүжилт татах хандлагатай байна. Гэхдээ ийн хямд санхүүжилт татахад компанийн засаглал чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулж байна. Үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн хүчин чадлаараа дотоод төдийгүй гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд өнгөрсөн 30 орчим жилд Монголд бий болсон. Гэсэн ч орчин цагийн бизнесийн тулах цэг болох компанийн засаглалыг нь сайжруулах шаардлага тулгарсаар байгааг салбарынхан хэлж байна. Учир нь 2011 онд шинэчилсэн Компанийн тухай хуулиар Хязгаарлагдмал хариуцлагатай компани хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татахыг хориглосон. Тиймээс компанийн засаглал, санхүү, үйл ажиллагааны ил байдал нь Монголын хөрөнгийн биржийн шаардлагад нийцсэн компаниудад бонд босгох боломж нээлттэй байгаа юм. Үүний нэг жишээ нь “Сүү” компани.

• Он гарсаар Монголын хөрөнгийн биржид компанийн бондын хүсэлт ирээгүй байна.

• Компанийн бонд нь хувьцаатай харьцуулахад өгөөж доогуур ч эрсдэл багатай.

• Компанийн бонд гаргаснаар бусад санхүүжилтийн өртгөөс 2-6 хувийн хүү хэмнэх боломжтой.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтдаг тус компани 2017 оны зургадугаар сард 10 хүрэхгүй хоногийн дотор зургаан тэрбум төгрөгийн компанийн бонд босгож байв. Тус бондын андеррайтераар ажилласан “Голомт капитал” үнэт цаасны компанийн мэдээлснээр “Сүү” бонд эрэлт өндөр байсан бөгөөд саналыг нь 13 хувиар давсан захиалга хөрөнгө оруулагчдаас иржээ. 2001 оноос эхлэн дотоодын компаниуд Монголын хөрөнгийн зах зээлд бонд гарган хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байдаг. Компанийн анхны бондыг “Барилга корпораци” хувьцаат компани гаргаж байжээ. Үүнээс хойш дотоодын 15 орчим компани 32 тэрбум төгрөгөөр хэмжигдэх бонд босгосон байна. Нөгөө талд, дотоодын бондыг шингээх орон зай хөрөнгийн зах зээлд үүсээд буй. Учир нь бондын зах зээлийн гол тоглогч болох Засгийн газар сүүлийн хэдэн сар дотоодод бонд гаргахгүй байгаа. Тэгвэл энэ орон зайг нөхөх боломж байсаар байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны 91 хувийг Засгийн газрын болон компанийн бонд бүрдүүлсэн бөгөөд үнийн дүн нь 782 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдсэн юм. Өөрөөр хэлбэл, компанийн засаглалаа сайжруулж, бизнесийн зарчмыг дээшлүүлж чадвал хөрөнгийн зах зээлээс хямд өртгөөр санхүүжилт татах боломж байсаар байгаа аж. Түүнчлэн дотоодод босгосон бондын өгөөжийг монголчууд хүртдэг. 2015 онд гэхэд “Эрчим инженеринг” компани 500 сая төгрөгийн “Эрчим” бонд босгосон. 18.5 хувийн хүүтэй бондын эргэн төлөлтийг тус компани зургаан сарын дараа хийсэн бөгөөд өгөөжийг нь 100 гаруй монгол хүн хүртэж байсан юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж