Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Энхбаттай ярилцлаа
– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе? Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо сүүлийн үед төр засагт дуу хоолойгоо хүргэх, тулгамдаж байгаа асуудлаа хамтран ярилцаж шийдвэрлэх тал дээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа харагдаж байна?
Монгол улсын шилжилтийн хамгийн хүнд хэцүү үеийг эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулахад Монголын алтны салбар онцгой хувь нэмэр оруулсан. 1991 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай санаачлан 1992 оноос АЛТ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тухайн үед боломжийн гадаад валютын нөөцийг бүрдүүлж чадсан юм. Ингээд АЛТ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Алтны геологи болон техник технологийн судалгаа өргөжиж, алт ялгах, угааж баяжуулах техник технологи өргөнөөр нэвтэрч, сонголтын өргөн боломж нээгдсэн. Алт олборлох ашиглалтын систем, тоног төхөөрөмжийн өвөрмөц хослолуудыг өргөн хэрэглэдэг болсон. Ер нь бол орчин үеийн алт олборлолтын шинэ хуудас нээгдсэн юм. Харин 1992 оноос эхэлсэн алт үйлдвэрлэлийн салбарын хөгжил 2006 оноос эхлэн унаж эхэлсэн. 2005 онд Монгол Улс өнөөдрийг хүртэлх түүхэндээ хамгийн өндөр алт олборлолт буюу 24,1 тн олборлолт хийж тухайн жилийн экспортын орлогын 31,1%-ийг бүрдүүлж байсан юм. Харин 2006 оны 05 сарын 12-ны өдөр батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль буюу бидний нэрлэж заншсан “68%-ийн татвар” -ын бодлого хэрэгжиж эхэлснээс үүдэн Монголбанкинд тушаах олборлосон алтны албан ёсны тушаалт бараг алга болж олборлолтоос гарч байгаа алтыг бүрэн хэмжээнд цуглуулах боломж алдагдсан явдал юм. Хамгийн харамсалтай нь 2006 оноос дэлхийн зах зээл дээрх шар металлын үнэ тэнгэрт тулж эхлэхэд Монгол улс энэ алтан боломжийг ашиглаж чадаагүй. Ингээд унаж эхлээд буй салбарт дайр нь дээр нь давс гэдэг шиг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль энэ салбарыг бүрэн хэвтүүлэх алхам болсон юм. Энэ хуулийн хүрээнд Хавтгайруулж олон тооны лицензүүдийг хүчингүй болгосноор, нөхөн сэргээлтийн ажил зогсож, хариуцах эзэнгүй олон талбай бий болсноор “Нинжа” гэх үзэгдэл хүрээгээ улам бүр тэлж, алтны нөөцийн хөдөлгөөн хяналтгүйгээр хөгжин цэцэглэх болсон.
– Энэ хуулиуд өнөөдрийн алтны салбарт үүсээд байгаа нөхөн сэргээлт, нинжа гм мэт үзэгдлийг бий болгосон гэж ойлгож болох уу?
Бололгүй яах вэ. 2005 он хүртэл хурдтай хөгжиж байсан Монголын алт үйлдвэрлэлийн салбар “популист” улс төрчдийн тоглоом болж, 2012 он гэхэд элгээрээ хэвтсэн. Олон “популист” хууль батлагдаж хэрэгжсэний үр дүнд юу болов. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэх таатай олон боломжуудаа алдсан, байгаль орчноо хамгаалах бус сүйтгэх нөхцөлөө бүрдүүлж, ямар ч хариуцлага хүлээхгүй “нинжа” гэгчийн үйл ажиллагааг дэлгэрүүлсэн. Олон компаниуд хаалгаа барьж, энэ салбарт ажиллаж байсан геологичид, мэргэжилтэй ажилчид хоолгүй хонох шахсан үе тохиж байсан шүү дээ.
2013 оноос салбартаа үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 5 аж ахуйн нэгжүүд нэгдэж, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоог байгуулсан. Энэ холбоо байгуулагдах үндсэн шалтгаан нь 1-т энэ салбарыг эргэж хөл дээр нь босгох, энэ салбараас хоолоо олж иддэг 10,000 гаруй мэргэжилтэн, ажилтнуудыг ажилтай болгох, 2-т Монголын алтны салбарт “хариуцлагатай уул уурхайг” бий болгож хөгжүүлэх, ямар нэгэн иргэний хөдөлгөөнүүд, төрийн байгууллагуудаар шахаж шаардуулж, нөхөн сэргээлтээ хийх биш, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэг нэгэндээ үлгэр дууриал болж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд чиглэгдэж байлаа. Манай холбоо байгуулагдсан цагаас хойш бид төрийн хууль тогтоох байгууллагаас нь эхлээд хууль хэрэгжүүлэх байгууллагуудтай олон удаагийн яриа, хэлэлцээрийг хийж энэ салбарын хөгжилд чөдөр тушаа болж байгаа хуулиудыг өөрчлүүлж, олон жил хийгдээгүй байсан нөхөн сэргээлтийн ажлуудад зоригтой хөрөнгө оруулж чадсан. Үүний үр дүнд 2012 оноос эхлэн Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ тогтвортой өсч 2017 онд бид 20,1 тн алтыг Монголбанкинд тушааж чадсан нь сүүлийн 10 гаруй жилд байгаагүй амжилттай ажилласан. 20,1 тн алтыг Монголбанкинд тушааснаар бид Монгол улсын валютын нөөцийг 700 сая ам.доллараар нэмэгдүүллээ.
– Одоо нэг үеэ бодоход алтны компаниуд байгаль орчин бохирдуулж байна, Алт хууль бусаар гадаад руу их гарч байна гэж ярих нь харьцангуй бага болсон байна?
Холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн Алтны салбарыг нийгэмд “муухай харагдуулж” байгаа олон асуудлуудыг шат дараатайгаар, төрийн байгууллагуудтайгаа хамтран шийдэж байгаагийн хүчинд нэг үеэ бодвол иргэд алтны салбарын Монгол орны эдийн засагт оруулж буй хувь нэмрийг ойлгодог болсон. Холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд Байгаль орчин хамгааллын чиглэлээр бодитой олон ажил хийж байгаагийн үр дүнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтүүдийг чанартай хийж гүйцэтгэдэг болсон. Холбооны санаачлагаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Ашигт малтмал ашигласны төлбөр буюу бидний хэлдгээр Роялти 2,5% болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ байнга өсөлттэй байгаа. Харин энэ хуулийн үйлчлэх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох юм. Гэвч татварын багц хуулийн шинэчлэлийн ажлын хүрээнд хуулийн хугацааг сунгах байх гэж бид найдаж байгаа.
– Монгол улсын сангийн яамны боловсруулж байгаа Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо тодорхой санал өгсөн үү? Алтны салбарт татварын орчны нөлөөлөл хэр байгаа вэ?
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо хуулийн хэлэлцүүлгийн явцад үндсэн 2 санал сангийн яаманд хүргүүлсэн. Нэгд, одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ААНОАТ -ын тухай хуулийн 17,1 дэх заалт буюу аж ахуйн нэгжийн борлуулалтын жилийн орлого 3 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 25%-ийн татвар төлөх зохицуулалт байдаг. Энэ борлуулалтын дүнгийн босгыг бид өсгөх саналаа хүргүүлсэн. Та 2017 оны Монголбанкинд тушаасан алтны статистикийг харвал нийт тушаасан алтны 60% гаруйг иргэдийн нэр дээр тушаасан алт эзэлж байгаа. энэ статистик дүн бол миний хэлсэн борлуулалтын дүнгийн босго маш бага байгааг нотолж байна. Үүнээс үүдэн зарим аж ахуйн нэгжүүд хувь хүний нэр дээр алтаа тушаалгах байдал байгааг гэрчилсэн үйл явдал болсон. Алт бол онцлог метал, овор хэмжээ бага, үнэ цэнэ өндөр. Өнөөдөр Монгол улсын алтны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 орчим аж ахуйн нэгж байгаа бөгөөд эдгээр компаниудын цар хүрээ, хэмжээ харилцан адилгүй. 3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого гэдэг бол 30кг-аас дээш алт л Монголбанкинд тушаах дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл маш жижиг аж ахуйн нэгжийн олборлох хэмжээ юм. Хуулийн босго батлагдах үед Монгол улсын эдийн засаг 3-4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд байсан бол өнөөдөр Монгол улсын эдийн засаг 11 тэрбум ам.доллар болчихсон байна. Тиймээс бид энэ босгыг өсгөх зайлшгүй шаардлага тулгарсан байна гэж бид дүгнэж байна. Мөн энэхүү босгыг өсгөх бас нэг үндэслэл нь 10 жилийн өмнө 3 тэрбум төгрөгийн босгыг давахын тулд одоогийнхоос 7,1 дахин их хэмжээний алт олборлож тушаах шаардлагатай байсан. Учир тухайн үед алтны дэлхийн зах зээлийн үнэ 500 орчим ам.доллар, ам.долларын ханш 1200 төгрөг буюу өнөөдрийнхтэй харьцуулахад 2 дахин бага байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид ч гэсэн дэлхийн зах зээл дээр алтны ханш тогтвортой өсөхөөс гадна ам.доллар буцаад 1200 болох магадлал тун бага байна. За тэгээд хэрэглээний үнийн индексийн өсөлтийг бодоод үзэх юм бол энэ босго цаг үеэсээ хоцорсон байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна.
Хэрэв бид энэ босгыг өсгөхгүй бол ирээдүйд ямар дүр зураг биднийг угтах вэ? Алт олборлогч аж ахуйн нэгжүүд иргэдийн нэр дээр алтаа тушаасаар л байх болно. Үүнээс үүдэн алтны гарал үүслийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байх болно. Монгол улс Алтны нөөцийн хөдөлгөөндөө хяналт тавьж чадахгүй байдал мөн үргэлжилсээр байх болно. Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хэдхэн жилийн өмнөх шигээ буцаад далд байдалд шилжинэ. Энэ байдал нь даамжирч Монгол улсын эдийн засагт бодит хохирлууд учирч эхэлнэ. Өнөөдөр алтны компаниуд хөл дээрээ бат зогсож чадахгүй байгаагийн хамгийн том чөдөр, саадуудыг нэг нь энэхүү татварын босгын дүн болчхоод байна.
– Танай холбоо саналдаа энэ босгыг хэд болгож өөрчлөх санал хүргүүлсэн бэ?
Бид саналаа боловсруулахдаа миний дээр хэлсэн хэд хэдэн гол үндэслэлүүдийг тусгасан үүнд Хэрэглээний үнийн индексийн өсөлт, дэлхийн алтны зах зээлийн үнийн хөдөлгөөн, валютын ханшны өөрчлөлтүүдийг үндэслэн энэхүү босгыг 20 тэрбум төгрөгт хүргэх санал хүргүүлсэн. Босгыг 20 тэрбумд хүргэснээр аж ахуйн нэгжүүд дээр ирэх татварын дарамт багасахаас гадна. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо өсч , татварын бааз суурь нэмэгдсэнээр алтны салбараас татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн өсөх юм. Энэхүү бидний хүргүүлсэн саналыг Уул уурхайн яам, ашигт малтмал, Газрын тосны газар гэсэн салбарын төрийн захиргааны байгууллагууд бүгд дэмжиж байгаагаа илэрхийлж, сангийн яаманд ч энэ тухайгаа мэдэгдээд байгаа.
Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой бидний дараагийн хүргүүлсэн санал бол Ашигт малтмал ашигласны төлбөрийг 2,5% д байлгах хуулийн хугацааг сунгах асуудал байгаа. Монгол улсын алт үйлдвэрлэлийн салбар АЛТ 1 хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн 1992 оноос хойш 300 тн орчим алт олборлож Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрээ оруулсаар байна. 2005 он хүртэл Монгол улсын алт үйлдвэрлэлийн салбарын хөгжил түүхэнд дээд хэмжээндээ хүрч 25 тн-д хүрч байсан юм. Гэвч 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж эхэлснээр 2006 онд 130 үйлдвэрээс 9,024.4 кг, 2010 онд 106 үйлдвэрээс 2,116.6 кг алт худалдан авсан нь алт олборлогчид Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассан.
Харин 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”-ийг хүчингүй болгож, “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулсан нь Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ хэмжээ 5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-ээс 5 хүртэл хувьтай тэнцүү байхаар болгосон боловч Монголбанкинд тушаах алтны хэмжээ тодорхой хэмжээгээр өссөн ч төлөвлөсөн үр дүнд хүрээгүй учир Монголын Алт Үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлага гарган тухайн үеийн засгийн газар холбогдох бусад яам, агентлагуудтай хамтран “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулан ажилласны үр дүнд “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар зааж 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр 2014 оноос эхлэн алт худалдан авалт эрс өссөн үзүүлэлттэй байгаа
Тиймээс энэхүү хуулийн хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Харин Монголбанкны зүгээс энэхүү хуулийн хугацааг 2024 он хүртэл сунгахыг хүссэн албан тоотоо Сангийн яаманд мөн хүргүүлээд байгаа. Манай холбооны уриа бол “Монголын алт Монголдоо” гэсэн байдаг. Тиймээс бид бүхий л боломжоороо Монголын алтны салбараас Монгол улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийн хамгийн өндөр төвшинд байлгах арга замыг төрийн байгууллагуудтайгаа хамтран эрэлхийлж ажилладаг.
– Ярилцсанд баярлалаа.