Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал нэн чухал байна

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал нэн чухал байна

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал нэн чухал байна

‘Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал сэдэвт үндэсний форум’ өнөөдөр (2018.04.16) Корпорэйт Конвеншн төвийн 5 давхарын хурлын танхимд болж байна. Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм.

Форумын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт, цаашид авах арга хэмжээ зэрэг сэдвээр ХХААХҮЯ, МХЕГ-ын холбогдох албаныхан илтгэл хэлэлцүүлж, агрономич, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, үйлдвэрлэгч, импортлогч болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Манай улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний бүтцэд ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн зонхилдог. Тодруулбал, бид жилд дунджаар 313 мянган тонн төмс, хүнсний ногоо, 166 мянган тонн жимс жимсгэнэ, 83 мянган тонн буурцагт ургамал, 23 мянган тонн ургамлын тос, 72 мянган тонн будаа, 92 мянган тн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэж байна. Эдгээрээс, төрөл бүрийн будаа, буурцагт ургамлын хэрэгцээний 100 хувь, жимс жимсгэний 94 хувь, хүнсний тосны 92 хувийг импортоор авдаг. Үүнээс үзвэл, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тус салбарт тэргүүний техник технологи нэвтрүүлэх, импортыг орлох экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Одоогийн нөхцөлд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар, гарал үүсэл, бүртгэл баталгаажаагүй, зохист дадал нэвтрээгүй, хүнсний эрүүл ахуй, бүтээгдэхүүний шошгожилт хангалтгүй, хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан, ургамал хамгааллын бодисын хэрэглээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан зэрэг нь асуудлыг форумд оролцогчид дэвшүүлэн тавьж байлаа.

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ургамал хамгаалал, хөрсний үржил шимд анхаарах, энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын түвшинг тодорхойлох, химийн бус хэрэглээг дэмжих, ургамал хамгааллын бодис, бордооны үлдэгдлийг хянах, эрсдлийг үнэлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэж байна.

ХХААХҮЯ-ны зүгээс ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидын жагсаалт, хэрэглэх хэмжээ, ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын жагсаалтыг тус тус баталсан. Мөн тариалангийн газарт гурван жил тутамд судалгаа хийлгэн, дүгнэлт боловсруулж, ургамал хамгаалахад ашиглах бодис импортлох, борлуулах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр пестицид олгож байна.

Ургамал хамгааллын тухай хуульд “ургамал, ургамлын гаралтай түүхий эдийг тээвэрлэх, борлуулахдаа тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ” гэж заасан байдаг бөгөөд хэрэв гарал үүслийн гэрчилгээ аваагүй бол зах зээлд худалдан борлуулахыг хориглодог. Түүнчлэн ургамал хамгаалах бодис үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх технологи, стандартыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулж байна.

Цаашид таримал ургамлын үр сортын тухай, Тариалангийн даатгалын тухай, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслүүдийг батлуулах, хөдөө аж ахуй, эрүүл ахуй, үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ ХХААХҮЯ-ны Ургамал хамгаалал, хөрсний үржил шимийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг мэдээллээ.

‘Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал’ үндэсний форум үргэлжилж байна. Маргааш буюу 4 дүгээр сарын 17-ний өдөр Ази, номхон далайн орнуудын хүнсний аюулгүй байдалд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ургамал хамгааллын зохистой дадал-ХБНГУ-ын туршлага, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх шатанд эрүүл, аюулгүй байдлыг хянах тогтолцоо, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи ба хүнсний аюулгүй байдал, боловсон хүчний чадавхийг сайжруулах зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж