“Би гал тавьсан, хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ”

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

“Би гал тавьсан, хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ”

“Би гал тавьсан, хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ”

Баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 13-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67 дугаар байранд гал гарч V давхрын мансард шатсан хэрэг гарсан. Энэ талаар сурвалжиллаа.

Биднийг очиход тус байрны дээвэр харлаж, хэдэн хэсэг болсон төмөр нь салхины аясаар хөдөлж, хяхтнасаар байв. Мөн байрны эргэн тойронд галын улмаас шатаж, харласан зүйлс хөглөрч байлаа. Байрны нэг давхрын нээлттэй хаалгаар ортол ундуй сундуй болсон өрөөнд 60 орчим насны хоёр хүн сууж байв. Тэд галд өртсөн айлын эзэд аж. “Галд өртсөн айл байна. Үнэлгээний компанийн хүмүүс үү” гэсээр биднийг угтав. Эзэгтэйгээс галын талаар тодруулсан юм. Тэрбээр нэрээ нууцалсан бөгөөд, зургаа даруулахыг хүссэнгүй. Тус байрны V давхарт хоёр айл байжээ. Нэг нь байрны эзнийх, нөгөө нь бидний ярилцаж буй хүнийх аж. Галын дараа эзнийх нь дэлгүүрээ суллаж, бидний ярилцаж буй эгчийн галаас үлдсэн юмыг оруулжээ.

-Тэр өдөр яг юу болсныг тайлбарлахгүй юү?

-Дөрөвдүгээр сарын 12-нд манай хадам хүнд хагалгаанд ороод манай нөхөр III эмнэлэг дээр ээжийгээ сахин хонож, би гэртээ ганцаар хоносон юм. Өглөө нь эмнэлгийн хэддээ хоол цай бэлдэхээр эртлэн боссон юм. Тэр өдөр 07.00 цагт боссон. Хоол цайгаа хийгээд байж байтал гэнэт утаа үнэртэж, ажиглах зуур л их хэмжээний утаа хаалгаар орж ирж байсан. Хаалгаа онгойлготол бөөн хар утаа өөдөөс нөмөрсөн. V давхарт хоёрхон айл байдаг юм. Айлаас утаа гарч байсан. Буцаж ороод цүнхээ авч, орны даавуугаар толгойгоо боогоод, гутлаа углаад гарч гүйсэн.  

-Юунаас үүдэн гал гарсан юм бол?

-Санд мэнд гарч иртэл манай айлын хоёр маргалдаад зогсож байсан. Залуу хүмүүс байдаг юм. Эрэгтэй нь “Би гал тавьсан. Хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ”гэхийг нь сонсоод би “Та нар өөрсдөө гал тавьсан юм уу? Яаж байгаа юм бэ?” гэсэн. Эхнэр нь “Манай нөхөр гал тавьчлаа” гэхэд нь би “Яаж тэр вэ?” гэсэн. Эхнэр нь “Цагаан хэрэглэлээ овоолж байгаад шатаасан” гэсэн. Би “Та нар манайхыг давхар шатаачлаа шүү дээ” гэхэд залуу “Би байрны эзэн байна. Хохирлыг чинь барагдуулна. Би чадна” гэсэн. Ингээд би нөхөр рүүгээ залгаад юу болсныг хэлээд “Хурдан ир” гэсэн. Бас хоёр хүүхдэдээ энэ тухайгаа дуулгаад байж байтал галын машин гарч ирсэн.

-Галын зургаан машин ирсэн ч хоёр нь л гал унтраасан гэсэн үү?

-Энэ хавь огт төлөвлөлтгүй. Өөрсдийн дураар хашааныхаа газар дээр дөрвөлжин юм босгоцгоосон. Галын аюул болбол хэрхэн ажиллах төлөвлөгөө байхгүй. Галын машин орж ирэх гэж нэлээд юм болсон. Орох газар олдохгүй тойрч явсаар зургаан машинаас хоёр нь ороод хашаа дүүрсэн. Гал сөнөөгчид угсардаг шат тавин дээш гарч, их хурдан, маш сайн ажилласан. Дээврийг хуулж, ус цацсан. Наашаа орж ирэх л гэж цаг алдсан. Манай хотод төлөвлөлт гэж зүйл огт алга.

-Гал гарч байгааг та өөрөө мэдсэн гэхээр хөршүүд тань танд хэлээгүй юм уу?

-Тийм. Гал гарч байгааг мэдэж байгаа мөртлөө надад хэлээгүйд би их гомдсон. Хэрэв би хөл, гар муутай байсан бол угаартаад үхэх байсан.

-Танайх энд удаж байна уу. Даатгалтай байсан уу?

-Гал тавьсан залуугийн ээж, аав нь хашааныхаа газар дээр энэ байрыг бариулсан юм шиг байна лээ. Эгч нь хөдөөнөөс орж ирсэн. “Хохиролгүй болгоно, уучлаарай” гэсэн. Гурван жилийн өмнө манай охин энэ байрыг авсан. Охин өөр газар руу нүүхээр болж, өвгөн бид хоёр энд амьдраад хоёр жил болж байна. Үнэлгээний компани дуудсан. Шатаагүй ганц нэг зүйл нь шалба норж, мөн тортог болсон. Хүн хэрэглэх зүйл үлдсэнгүй. Дайны дараа л ийм байдал үүсдэг байх даа.

Ингээд эзэгтэйг дагуулан шатсан давхарт очив. Эргэн тойрон харлаж, алхам бүрд дутуу шатсан мод шаржигнан гишгэгдэнэ. Мөн хөлийн аясаар үнс бургиж байв. Эзэгтэй “Болгоомжтой. Цаашаа хамаагүй явах хэрэггүй. Дээрээс чинь нурж магадгүй” гэв. Энэ орчинд оёдлын машин содон харагдав. Эзэгтэйгээс “Та оёдол хийдэг юм уу гэхэд “Тийм ээ,  хүн оёулахаар захиалсан юмны материал, загвар гээд олон зүйл байсан” гэв.

Энэ хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Тиймээс тус хэсгийн  байцаагч М.Мөнх-Эрдэнээс энэ талаар асуухад “Хэрэг шалгагдаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх ямар ч боломжгүй” гэлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж