Т.Батчимэг хошуучлагчдын эгнээнд

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг хошуучлагчдын эгнээнд

Хятадын Шенжень хотноо Дэлхийн оюутны 26 дугаар Универсиад наадам үргэлжилж байна. Универсиадын шатрын тэмцээнд оролцож буй 40 гаруй орны шатарчдын дунд Монгол Улсын оюутны шигшээ баг 2010 оны дэлхийн аварга гэдгээрээ ялгарч байгаа юм. Ноднин Швейцарт хувиараа дэлхийн аварга болсон Б.Мөнгөнтуул, багаараа өнгөлсөн Монголын бүрэлдэхүүн (их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер Б.Гүндаваа) тэр чигээрээ Шенженьд очсон тул бусад багийнхан эмээх нь аргагүй. Хятадууд дэлхийн аварга 17 настай Хоу Ифанийг Универсиадад оруулах гэсэн боловч насны доод хязгаарыг давж чадаагүй тул болсонгүй гэнэ. Оюутны наадамд 18-28 насны тамирчид оролцох журамтай аж.

30 орны 63 бүсгүй шатарч Шенжений үзэсгэлэн худалдааны төвд өрсөлдөж байгаагийн дотор их мастер 13, олон улсын мастер 14, ФИДЕ-гийн мастер цолтон 7 байгаа юм. Олон улсын чансааны 2457 оноотой манай их мастер Б.Мөнгөнтуул рейтингээрээ гуравт бичигдэж байгаа бол их мастер Т.Батчимэг 2313-аар 14-т, олон улсын мастер Д.Янжиндулам 2218-аар 24-т, залуу мастер Ө.Нямтуяа 1886-гаар 39-д тус тус эрэмбэлэгджээ.

“Гуанжоу-2010” Азийн наадамд (Шенжениэс ганцхан цагийн зайтай) медалиас шүүрээд алдсан Т.Батчимэг энэ удаа тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол багтаж байна. Тэрбээр таван өргийн дараа 4,5 оноотой хоёрдугаар байранд яваа бөгөөд зургаадахь тавилдаа тэмцээнийг хошуучлагч Оросын их мастер Ирина Василевичтэй тулалдаж байна. Багийн анд Янжиндулам, Нямтуяа нар нь түүнд хожигдсон болохоор даагаа хатуу нэхэх нь тодорхой. Батчимэг дөрөвдэх өрөгт Хятадын 2459-тэй их мастер Шен Яньтай оноо хувааснаас бусдад нь ялалт байгуулаад байгаа юм.

Тэмцээний эхэнд Индонезийн Ф.Трасено (1975)-той тэнцэж, Казахстаны Г.Даулетова (2264)-д хожигдож барцдаа арилгасан их мастер Б.Мөнгөнтуул дараалан гурав хожиж одоогоор 14 дүгээр байрт ахилаа. ОУМ Д.Янжиндулам 3 оноотой 21 дүгээрт, Ө.Нямтуяа 2 оноотой 38 дугаарт дундаж амжилттай явна.

Универсиадад ирсэн 34 орны 86 эрэгтэй шатарчны тал нь олон улсын цолтнууд цуглажээ. Үүний дотор олон улсын их мастер 23, олон улсын мастер 17, ФИДЕ-гийн мастер 6 байгаа бөгөөд 2700-гаас дээш чансаатай супер их мастер 2, 2600-гаас дээш чансаатан 8 байна.

Ийм хүнд өрсөлдөөн дунд Монголын дөрвөн залуу боломжийн тоглолт харуулсаар байна. Таван өргийн дараах байдлаар ФИДЕ-гийн мастер Н.Баттулга (2413), ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал (2327) нар 3,5 оноотой 17-18 дугаарт, олон улсын мастер Б.Гүндаваа (2480) 3 оноотой 30 дугаарт, олон улсын мастер Ц.Батчулуун 2,5 оноотой 51 дүгээрт явна. Б.Гүндаваа тэмцээнийг хошуучлагч Армений их мастер А.Григорян (2608), Хятадын Жоү Жяньчао (2636) нарт, Ц.Батчулуун Польшийн В.Моранда (2586), Оросын А.Рахманов (2586) нарт хожигдсон тул доохнуур заларчээ. Харин Н.Баттулга, Г.Мөнхгал нар тус бүр гурван их мастертай оноолт таарч, тус бүр нэгийг хожин нөгөөтэй тэнцээд буй.

Универсиадын шатрын тэмцээн швейцар системээр 9 өрөг тоглосны эцэст энэ сарын 21-нд хувийн дүн гаргахаас гадна багаар нь байр эзлүүлж медалиар шагнах юм. Одоогоор багийн дүнгээр БНХАУ тэргүүлж, ОХУ, Гүрж, Армен, Польш, Украины дараагаар Монголын баг жагсч явна.
 

О.Энэрэлт Шенжениэс мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж