Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байв уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байв уу?

Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байв уу?

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унаж нэг хүн бэртсэн хэрэг өчигдөр \2018.04.16\ 17:30 минутийн орчимд гарсан.

Манай сурвалжлах багийг 19 цагийн үед очиход кран зогсоол дээр байсан приус маркийн хоёр машины эх биен дээр унасан байв. Дээрх машинуудад азаар хүн байхгүй байсан хэдий ч кранд байсан жолоочийг түргэн тусламж ирж авч явжээ.Тэнд харж байсан хүмүүсийн хэлснээр кран унахдаа хажуугийн байранд тулсан ч тогтолгүй доошоо унасан гэцгээж байлаа. Шороо тоос бужигнаж, тэр хавийн талбай эмх цэгцгүй замбараагүй байдалтай байв.

Хэргийн газар үзлэг хийж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэж “Алтай констракшн” компанийн хамгаалагчид бололтой хэдэн том биетэй залуус “Ямар ч хүн гэмтээгүй” хэмээн хөөж туун, камер зэргийг булааж авах гэж оролдсоныг нуух юун.

Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байв уу?

Баянмонгол хорооллын 410 дугаар байрны оршин суугч ийн ярилаа. Тэрбээр “Гэнэт л газар хөдөлж байгаа юм шиг нүргэлээд ирсэн. Тэгээд цонхоороо харсан чинь барилгын кран шууд газар унасан байсан. Азаар эргэн тойронд нь хүүхэд, хөгшид явж таараагүй. Харин кран дотор байсан эрэгтэйг хоёр туслах ажилтан шууд кранаас гаргаж байгаа харагдсан. Бид шууд л түргэн тусламж дуудсан ч ирэхгүй цаг гаруй болсон. Цагдаагийн байгууллага ч мөн адил цагийн дараа ирсэн. Гэтэл түргэн тусламж ирэхтэй зэрэгцээд бэртсэн залууг үүрээд нөгөөх хоёр залуу хойшоо барилга руугаа аваад гүйсэн. Хэрэв энэ том кран нураад хажуу талын барилга руу ороод ирсэн бол хэчнээн иргэдийн амь нас эрсдэх байсан бол. Амьд явах баталгаа алга. Тэр хүн хэрэвзээ өөд болсон бол харамсалтай байна. Аврагдах боломж их байсан. Хамаг юмаа хаагаад л эргэн тойрны хүмүүсийг хөөгөөд байсан. Хүчтэй бороо орж салхи салхилахаар энэ кран хөдлөөд ганхдаг байсан. Краны дээд талын толгой нь нугарахаар муу төмөртэй, тэр  хэсгээрээ хугараад унасан юм шиг байна лээ. Кран нь насжилт өндөртэй, дээрээс нь энэ баригдаж байгаа барилгын хундамыг усан дээр цутгасан гээд л бодчих” гэв.

Харин өөр нэг оршин суугчийн хэлснээр бол кранаас жолоочийг унах үед хоёр залуу кабинаас нь гаргаж овоолсон элсэн дээр тавиад, барилгын цаад талаас нь хоёр хөөсөнцөр авчраад налуулж хэвтүүлсэн гэнэ. Тэгээд барилга руу оруулжээ. Хамгийн сонирхолтой нь түргэн тусламж ирчхээд хүний нүднээс далдуур тойрч орж ирж бэртсэн залууг авсан нь олон хүний гайхширлыг төрүүлээд байгаа юм байна.

Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байсан эсэхийг шалгалтын явцад илрүүлнэ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг “Алтай констракшн” компанийн барилгын объектод 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр хяналт шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан. “Алтай констракшн” компанид тухайн мэдэгдлийг гуравдугаар сард хүргүүлсэн. Өнөөдрийн /2018.04.16/ 20.00 цагийн байдлаар хяналт шалгалт хийгдэж байна. Илүү  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Миний авсан мэдээллээр бол краны жолооч бэртсэн эмнэлэгт хүргэгдсэн байдалтай байна. Краны ашиглалтын хугацаа хэтэрсэн байсан эсэхийг шалгалтын явцад илрүүлнэ” гэв.

2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас “Алтай констракшн” компанид хүргүүлсэн албан шаардлагад:

  • Барилгын орц, гарц, стандартын бус шат, хүн унаж болох нэвт хонгилууд, барилгын захын хийцүүдэд ямар нэг хамгаалалт, хашлага хийц хийгдээгүй,

  • Урьдчилан сэргийлэх дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хашилт хийгээгүй,

  • Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангаагүй гэх зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс

“Уг барилга дээр 2017 оны наймдугаар сараас эхлээд холбогдох шаардлагыг байнга хүргүүлж байсан. Ер нь осол эндэгдэл гарч байгаагийн дийлэнх шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байдаг. Урьдчилсан байдлаар харахад краны техникийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байх шиг байна. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад явах байх” гэв

Цаг минут өнгөрөх тусам осол болсон газар олны хөлд дарагдаж орхих нь тэр. Зураг авч, бичлэг хийх хүмүүс ч олон байсан юм. Хүмүүс өөр хоорондоо “барилгын кран унаж хүн бэртсэн” гэнэ хэмээн шивэр авир хийлдэх аж. Харин машинаа кранд даруулсан иргэдийн зүгээс хэвлэлд яриа өгөхийг хүссэнгүй. Биднээс аль болох зайгаа барьж байв.

Дашрамд дурдахад, тус барилга дээр ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөр хамгааллыг сахидаггүй, ямар ч бэхэлгээгүйгээр ажлаа гүйцэтгэж байгаа тухай энэ хавийн оршин суугчид ярьж байлаа. Түүнчлэн ихэнх ажилтан нь хятад хүмүүс байдаг гэлээ.

Эргэн сануулахад, 2014 оны долдугаар сарын 10 буюу наадмын үеэр 20 настай цэл залуухан н.Ням-Очир хүү харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Тэр өдөр тус компанийн барилгын В1 блокны дээрээс төмөр унаж түүний амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Энэ явдал хүний амь эрсэдсэн нэг удаагийн хэрэг биш. Үүнээс гадна, 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр яг энэ барилгын есөн давхраас 36 настай Б гэдэг эрэгтэй ажилчин унаж нас барсан гэж байгаа юм. Лифтнийх нь хонгилд өргүүр ажиллуулан, есөн давхар руу тоосго зөөж явтал өргүүрийн ган трос тасарчээ. Үүнээс болоод есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ‘Б” осолдож нас барсан юм. Барилгын салбарт хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журам зөрчигдсөнөөс эрдэнэт хүний амь нас эрсэдсэн олон жишээг бид мэднэ. Хотоор дүүрэн чихэлдэн баригдаж буй барилгуудыг зарим нь ‘үхлийн авс” гэх болсон нь үнэний ортой бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж