Байт харвааны тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Байт харвааны тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ

Байт харвааны тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ

Монголын байт харвааны тамирчид 2018 он гарсаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болсон Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнээс холимог багийн (recurve 70м) төрөлд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг, ОУХМ Жанцангийн Гантөгс нар хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэй багийн (recurve) төрөлд ОУХМ Жанцангийн Гантөгс, Баасанхүүгийн Адьяасүрэн, Баатархуягийн Оюунболд нар мөнгөн медалийн эзэд болж, олон улсын тэмцээний салхийг амжилтаар эхлүүлсэн билээ. Байт харвааны тамирчдыг энэ жил олон тэмцээн хүлээж байгаа бөгөөд тэр хэрээр бэлтгэл хангамжийг эрчимжүүлж байгаа аж.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөлтэй танилцсан байна.

Санамж бичгийн хүрээнд Монголын байт харвааны тамирчид 2020 оны ‘Токиогийн олимп’-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтыг Оказаки хотод Японы тамирчидтай хамт хийхээр болжээ.

380 мянган оршин суугчтай Оказаки хот байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагч, сургалтын байгууламжаараа улсдаа тэргүүлдэг юм байна. Өдгөө Японы улсын тамирчид олон улсад хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг билээ.

‘Токио 2020’ олимпийн наадмын өмнө байт харвааны тамирчид хамтарсан бэлтгэлийг Оказаки хотод хийхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж