Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл УИХ дээр бүдрэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл УИХ дээр бүдрэх үү?

Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл УИХ дээр бүдрэх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Тэрбээр хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, баян, ядуу гэж ялгаварлан гадуурхахгүйгээр 100 хувь олгох ёстой гэж үзсэн. Яг үүнтэй зэрэгцэн Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоолын төслийг мөн л  өргөн барив. Гэхдээ Засгийн газар нийт хүүхдүүдийн 80 хувьд олгох саналтай. МАН-ын бүлэг өчигдөр /2018.04.16/ хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, Засгийн газраас 80 хувьд нь олгох гэсэн хоёр тогтоолын төслүүдийг нэгтгэх, хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох асуудлыг ярилцжээ.

  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ны тогтоолын төсөл  /2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
  • Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өмнө нь  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоо болон 2017 оны төсвийн тодотголд хориг тавьж байсан. Гэвч олонхын бүлэг хоёр хоригийг хоёуланг нь хүлээж аваагүй. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс анхны хуулийн төслөө боловсруулан, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл өргөн барьж байгаа нь энэ. Гэвч МАН-ын бүлгийн зүгээс ОУВС-тай тохиролцсон, эдийн засгийн боломжоо харгалзан үзэж хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох нь зүйтэй гэж үзсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ, Эдийн засгийн өсөлт 5,1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан улсын өр авлага барагдуулах чиглэлд тодорхой зарлага гарч байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор байсныг 80 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газар гаргаж чадсан. Энэ чиглэлээ баримталж ажиллана. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад нийт хүүхдийн 90 хувь л авдаг байсан гэсэн судалгаа байсан. Түүний хэлсний дагуу МАН-ын бүлэг хуралдаж, олонхоороо хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох гэсэн шийдэлд хүрсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үү, хэлэлцсэн ч олонхын бүлэг дэмжихгүй бололтой. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хүүхдийн мөнгө олгох Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж