АНУ-ын хориг Оростой худалдааны дайн өдөөв үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын хориг Оростой худалдааны дайн өдөөв үү?

АНУ-ын хориг Оростой худалдааны дайн өдөөв үү?

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжсэнд буруутган АНУ-аас даваа гаригт Оросын эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авах болов. НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейли ОХУ цаашид Башар аль-Ассадын Засгийн газрыг өмгөөлсөөр байвал АНУ шинэ эдийн засгийн хориг тавина гэж мэдэгдсэн юм. Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилготой зургаан удаагийн тогтоолын төсөлд ОХУ хориг тавьсан гэж Никки Хейли мэдэгджээ. АНУ-ын шинэ хоригоос үүдэн Оросын Moex индекс даваа гаргийн үдэд 0,3 хувиар унажээ. Тус индекс өнгөрсөн гуравдугаар сараас хойш дөрвөн хувиар унаад байгаа юм. Үүнээс өмнө экс тагнуул Сергей Скрипалыг химийн бодисоор хордуулсан хэрэгт Москваг буруутган АНУ-аас дөрөвдүгээр сарын 6-нд Оросын 14 компани, 17 албан тушаалтныг хар жагсаалтад оруулж, ам.доллараар худалдаа хийх эсвэл тус улсын иргэдтэй бизнес хийхийг хоригложээ. Риа Новости агентлагт мэдээлснээр АНУ-ын хоригт багтсан Оросын компаниудад Засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлэх гэнэ.

Харин Вашингтоны шинэ хориг арга хэмжээ нь Москвад бус АНУ-д илүү хохирол учруулна гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков анхааруулжээ. Учир нь ОХУ-ын парламентын доод танхимын хууль тогтоогчид АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоох эсвэл хориг тавих талаар хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн аж. АНУ-аас эм, согтууруулах ундаа, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний импортод Оросын хууль тогтоогчид хориг тавихаар төлөвлөжээ. АНУ нь Оросын худалдааны дөрөв дэх том хамтрагч орон юм. АНУ өнгөрсөн 2017 онд 12,7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Оросоос импортолж, 17 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Үүний зэрэгцээ Оросын хууль тогтоогчид олон улсын валютын нөөц дэх ам.долларын хэт эрх мэдлийг хязгаарлахаар хэлэлцэж эхэлжээ. Мөн тогтоолын төсөлд Оросын компаниуд АНУ-ын оюуны өмчид бүртгэлтэй тодорхой бараа бүтээгдэхүүнийг хуулбарлахыг зөвшөөрөх гэнэ. ОХУ нь 2016 онд гадаадын оюуны өмчийг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд зориулан таван тэрбум ам.долларын төлбөр төлжээ.

Түүчнлэн Оросын хууль тогтоогчид өнгөрсөн баасан гаригт Оросын бүтээгдэхүүнээс хамааралтай АНУ-ын компаниудын эсрэг хориг тавихаар зэхжээ. Тухайлбал, АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компанид титан нийлүүлэх экспортыг зогсоох тогтоолын төслийг Оросын хууль тогтоогчид боловсруулсан аж. Оросын титан үйлдвэрлэлийн монополь “ВСМПО-Ависма”  компани нь дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэлийн титаны хэрэгцээний гуравны нэгийг нийлүүлдэг аж. Тус компани бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дэлхийн зах зээл дээр гаргадаг байна. Гэвч энэ нь Уралын бүс нутаг дахь 20 мянган ажлын байрыг эрсдэлд оруулж, хурдацтай хөгжиж буй титаны зах зээлээ алдах эрсдэлтэйг Оросын бизнесменүүд анхааруулжээ. “ВСМПО-Ависма” нь “Boeing” компанийн титаны хэрэгцээний 40 хувь, Европын “Airbus” компанийн 60 хувь, Бразилийн “Embraer” компанийн 100 хувь хэрэгцээг нийлүүлдэг байна. Boeing компанийн 787 Dreamliner нисэх онгоц гэхэд ОХУ-д үйлдвэрлэсэн 56 төрлийн титан эд ангийг хэрэглэдэг байна. Boeing компани ирэх арван жилд Оросоос 18 тэрбум ам.долларын өртөг бүхий титан худалдан авах тооцоог компанийн удирдлага өнгөрсөн жил мэдэгджээ. “General Electric”, “Boeing” зэрэг АНУ-ын томоохон компанитай Оросын худалдаа жилийн 30 тэрбум ам.доллараар хэмжигддэг аж. Түүнчлэн АНУ-ын баяжуулсан ураны хэрэглээний нэлээд хувийг нийлүүлдэг цөмийн эрчим хүчний монополь “Росатом” компани Вашингтоны эсрэг эдийн засгийн “дайралт”-д нэгдэж магадгүй аж. Оросоос нийлүүлдэг баяжуулсан ураны хэмжээ нь АНУ-ын эрчим хүчний хэрэглээний тав орчим хувийг хангахад зарцуулагддаг байна. Түүнчлэн тус компани нь АНУ-ын цөмийн эрчим хүчний компаниудтай цацраг идэвхт материалыг гуравдагч оронд боловсруулан эргэн авах зэргээр хамтран ажилладаг аж.  Одоогоор Росатом компани  атомын цахилгаан станц барих 34 төсөл дээр хамтарч ажиллахаар хэлэлцээрийн шатандаа яваа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж