Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан сардаа ямар ч байсан нэгээс хоёр удаа хэвлэлийн бага хурал хийдэг “хоббитой” болсон. Тэрбээр ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр /2018.04.16/ хийж, авлигын эсрэг ард түмний индэр болж, хошуучлан ажиллахаа мэдэгдсэн. Энэ хурлын үеэр сэтгүүлчид түүнд хандаж, “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуулт тавихад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэсэн товчхон хариу өгсөн байна.
УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Үүний хариуд АТГ-ын дарга Х.Энхжаргал сэтгүүлчдийн тавьсан асуултад “За яахав ээ, бүгдээрээ л тэгж байгаа ш дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажлаа явуулж байгаа. Үүнийг хэн яаж дүгнэх нь тухайн хүмүүсийн л асуудал” гэсэн тайлбар өгсөн юм.
Х.Энхжаргал нь 2016 онд АТГ-ын даргаар томилогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу 2022 онд дуусна. АТГ-ын даргад тавигддаг шаардлага нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагатай гэсэн хуулийн заалттай. Г.Баасан 2009-2012 онд МУИС-д суралцаж, хуульч болсон. Тэгэхээр Г.Баасан АТГ-ын дарга болно гэдэг хуулиар бол мөрөөдөл болох нь. Нөгөө талаар түүнийг АТГ-ын дарга болгох асуудлыг олон нийт шийдэхгүй. Учир нь АТГ-ын даргад хэн нэгнийг санал болгох эрх Ерөнхийлөгчид байгаа бөгөөд УИХ-ын олонхын саналаар дэмжих эсэхийг шийддэг. Дур эзнээ голохгүй гэж.
Б.БАТ
Холбоотой мэдээ