“Хөх тэнгэр” төрийн албан хаагчдыг хөлдөө чирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

“Хөх тэнгэр” төрийн албан хаагчдыг хөлдөө чирлээ

Н.Энхбаяраар цоллуулж, Т.Энхболдсодо­ноор овоглоод байгаа Төрийн ордныг таллан ху­вааж байрласан “Blue Sky Tower” буюу Хөх тэнгэр цамхаг цагаан захтнуудыг хөлдөө чирч эхэллээ. Тухайлбал уг байшингийн асуудлаас улбаалан өнөөдөр төрийн нэгэн чухал албаны даргын суудал эзгүйрчихээд байна.

Манай сонины 2011 оны зургадугаар сарын 13-ны ¹111 /0332/ дугаарт “Ашиглалтад орохоор зэхэж буй асуул­тын тэмдэг шиг  Blue Sky” нийтлэл нийт­лэгдсэн. Дээрх нийтлэл хэвлэгдэн олон нийтэд хүрснээс хойш  ердөө хоёр хо­ногийн дараа “Blue Sky Tower”-ын­хан өдөр тутмын за­рим хэвлэлд яг нэг командаар, яг нэг хэмжээтэй алга дарам зайг худалдан авч, Мэргэжлийн хянал­тын Ерөнхий газ­рын Барилга, бай­гуу­ламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дар­га, Монгол Ул­сын Зөвлөх инженер Ц.Ганбатын “Blue Sky Tower Монгол Улсад мөрлөгдөж буй барилгын бүхий л чанарын стандартыг хангасан” гэсэн гарчигтай тод­руулгаар “хучсан” юм.

Монгол Улсын Зөвлөх инженер хэний “зөвлөлгөөгөөр” ийнхүү хариуцлагатай мэдээл­лийг жинтэйхэн өгсөн нь ойлгомжтой. Харин үүнээсээ болж буруутгагдан албан тушаалаа өгөхөд хүрнэ гэдгээ мэдээгүй л болов уу. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү түүнийг өнгөрсөн долдугаар сарын 1-ээс албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд дараагийн хүнийг томилоогүй байна. Одоогоор түүний ажлыг тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Доржханд хавсран гүйцэтгэж байгаа юм билээ. Ямартай ч ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд дотор “Төрийн албан тушаал, хариуцсан ажил үүргээ ашиглан, хувийн компанийн эрх ашигт нийцүүлэн үйлчилсэн” гэсэн утгатай  донго багтсан аж. Эдүгээ тэрбээр нэгэн хувийн компанид ажил­лаж байгаа сурагтай. Гэхдээ лав л “Blue Sky Tower”-т биш бололтой юм. Магадгүй Зөвлөх инженерийн хувиар “пи-ар”-ын ажил эрхэлж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ.

“Чоно”-ынхон ч шүүмжлэл гарах бүрт төрийн албан тушаалтныг “ашиглаад” бай­вал өнөөх төрийн албаны цомхотгол амар­хаан хийчих юм биш үү.Одоогоор тус корпорацийнхан өөрсдөө наймдугаар давхартаа тухалж, бусдыг ч урин дуудаж эхэлсэн. Гэвч албан ёсоор ашиглалтад орсон барилгуудын нэгэн адил гаднах ха­шаагаа буулгаагүй байхыг бодоход үйл ажиллагаагаа бүрэн эхэлсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Гаднаа машин тавих зайгүй байж, дотроо машины лифт суурилуулсан Мон­голын анхны барилга хэмээн хэвлэлээр маг­туулж байсан нь саяхан. Дарвуулт хө­лөг хэмээн гоёор чимэн сурталчилсан ч Монголд ямар тийм юм байх биш. “Амьдралд ойр”-оор нь заазуур, сүхийг л санагдуулах уг барилга Монголд хамгийн өндөр нь  болохыг хичээсэн ч өндийж ядсаар байтал нь “дүү” барилгууд өрсөөд, хэдийнэ гүйцчихсэн. Тэгэхээр нь “Өндөр барилгын жагсаалтыг гаргахдаа метр барьж гүйгээд хийчихдэггүй юм. Хэн нэг нь шүдэнзний хайрцаг өрсөөр байгаад илүү өндөр болгочихыг үгүй гэх газаргүй. Хамгийн гол нь бат найдвартай аюулгүй байх сэтгэлийн амгаланг эдлүүлэх гэж байгаа юм” хэмээн “уран” нийтлэлээр хариу барьж байсан ч удаатай.

Ямартай ч ганжуулсан шил гэгчийг ашиг­лан хөхрөн харагдах дарвуулт хөлгийг санагдуулахуйцаар барьж байгуулсан энэ барилгад нийслэлчүүд “дурлаж” амжаагүй байна. Харин ч эмээж, хардаж сэрдэж явдаг. Тий­мээс ч үл хөдлөх хөрөнгийн гол зарчим “Байр­шил, байршил, бас дахин байршил” нь байсаар байтал тойроод байдаг юм билээ. Уг нь анх барьж эхлэхээсээ л Арабын нэгдсэн Эми­ратын “Бурж Халифа” цамхаг, “Шанхайн Дэлхийн санхүүгийн төв”, Хонгконгийн Олон улсын худалдааны төв, Куалан Лумпур дахь “Петронас” цамхаг зэрэгтэй адилтган мөрөөдөж, гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчид уралдаад л орно гэж төсөөлж суртал­чил­сан ч эдүгээ эл хульхан л байна. “Цуутай хүү­хэн хуримгүй” гэгч нь энэ юм болов уу даа.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж