
Монгол Улсын Зөвлөх инженер хэний “зөвлөлгөөгөөр” ийнхүү хариуцлагатай мэдээллийг жинтэйхэн өгсөн нь ойлгомжтой. Харин үүнээсээ болж буруутгагдан албан тушаалаа өгөхөд хүрнэ гэдгээ мэдээгүй л болов уу. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү түүнийг өнгөрсөн долдугаар сарын 1-ээс албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд дараагийн хүнийг томилоогүй байна. Одоогоор түүний ажлыг тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Доржханд хавсран гүйцэтгэж байгаа юм билээ. Ямартай ч ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд дотор “Төрийн албан тушаал, хариуцсан ажил үүргээ ашиглан, хувийн компанийн эрх ашигт нийцүүлэн үйлчилсэн” гэсэн утгатай донго багтсан аж. Эдүгээ тэрбээр нэгэн хувийн компанид ажиллаж байгаа сурагтай. Гэхдээ лав л “Blue Sky Tower”-т биш бололтой юм. Магадгүй Зөвлөх инженерийн хувиар “пи-ар”-ын ажил эрхэлж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ.
“Чоно”-ынхон ч шүүмжлэл гарах бүрт төрийн албан тушаалтныг “ашиглаад” байвал өнөөх төрийн албаны цомхотгол амархаан хийчих юм биш үү.Одоогоор тус корпорацийнхан өөрсдөө наймдугаар давхартаа тухалж, бусдыг ч урин дуудаж эхэлсэн. Гэвч албан ёсоор ашиглалтад орсон барилгуудын нэгэн адил гаднах хашаагаа буулгаагүй байхыг бодоход үйл ажиллагаагаа бүрэн эхэлсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Гаднаа машин тавих зайгүй байж, дотроо машины лифт суурилуулсан Монголын анхны барилга хэмээн хэвлэлээр магтуулж байсан нь саяхан. Дарвуулт хөлөг хэмээн гоёор чимэн сурталчилсан ч Монголд ямар тийм юм байх биш. “Амьдралд ойр”-оор нь заазуур, сүхийг л санагдуулах уг барилга Монголд хамгийн өндөр нь болохыг хичээсэн ч өндийж ядсаар байтал нь “дүү” барилгууд өрсөөд, хэдийнэ гүйцчихсэн. Тэгэхээр нь “Өндөр барилгын жагсаалтыг гаргахдаа метр барьж гүйгээд хийчихдэггүй юм. Хэн нэг нь шүдэнзний хайрцаг өрсөөр байгаад илүү өндөр болгочихыг үгүй гэх газаргүй. Хамгийн гол нь бат найдвартай аюулгүй байх сэтгэлийн амгаланг эдлүүлэх гэж байгаа юм” хэмээн “уран” нийтлэлээр хариу барьж байсан ч удаатай.
Ямартай ч ганжуулсан шил гэгчийг ашиглан хөхрөн харагдах дарвуулт хөлгийг санагдуулахуйцаар барьж байгуулсан энэ барилгад нийслэлчүүд “дурлаж” амжаагүй байна. Харин ч эмээж, хардаж сэрдэж явдаг. Тиймээс ч үл хөдлөх хөрөнгийн гол зарчим “Байршил, байршил, бас дахин байршил” нь байсаар байтал тойроод байдаг юм билээ. Уг нь анх барьж эхлэхээсээ л Арабын нэгдсэн Эмиратын “Бурж Халифа” цамхаг, “Шанхайн Дэлхийн санхүүгийн төв”, Хонгконгийн Олон улсын худалдааны төв, Куалан Лумпур дахь “Петронас” цамхаг зэрэгтэй адилтган мөрөөдөж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид уралдаад л орно гэж төсөөлж сурталчилсан ч эдүгээ эл хульхан л байна. “Цуутай хүүхэн хуримгүй” гэгч нь энэ юм болов уу даа.
"Улс төрийн тойм" сонин
