Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас өгсөн зөвлөмжийн дагуу Монгол Улс ирэх аравдугаар сараас урьтаж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад буй.
Энэ асуудалтай холбоотойгоор банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавигдах хяналт ч чангарч байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын даргын тайлбарласнаар бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх ажиллагаатай тэмцэх тогтолцоо нь сул байгаа улс орнуудад бохир мөнгө ихээр орж ирдэг аж. Гэнэт их хэмжээний мөнгө орж ирэхэд санхүүгийн нөхцөл байдал нь сайжирч байгаа юм шиг харагддаг. Гэтэл тэр мөнгө, үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас нь тухайн улсад түр байршиж байна л гэсэн үг. Цаг нь болохоор зүсийг нь хувиргаад буцаагаад аваад явдаг. Ингэж тэр мөнгө, хөрөнгө, үнэт цаас нь зүсээ өөрчлөөд гэнэт гарахад тухайн орны эдийн засаг нь хүнд байдалд орж, сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм гэмт хэргийг зохион байгуулалттайгаар хийдэг. Ингэхдээ энэ чиглэлээр хяналт сул байдаг улс орнууд руу дамжуулан мөнгө угаагдаж, хууль ёсны болоод өөр улс орон руу шилждэг аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй дэлхий нийтээр нэг стандартаар, нэгэн зэрэг тэмцэж байж үр дүнд хүрдэг тул ФАТФ-аас Монгол Улсад хууль эрх зүйн орчноо чангатгахыг зөвлөсөн юм байна.
Г.ХОРОЛ