Уг нь Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 18-ны хуралдаанаар “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажилд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх, олборлолтыг товлосон цагт эхлэхэд дэмжлэг үзүүлэн цахилгаан станц барих ажлыг ирэх зургадугаар сард багтаан эхлэх даалгаврыг салбар хариуцсан сайдад өгсөн юм.
Мэдээж ганцхан сарын хугацаанд шийдэж чадах эсэх нь төрийн байгууллагын хурд, зохион байгуулалтын асуудал байв. Гэтэл үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад цахилгаан станцаа хаана барихаа нарийвчлан шийдэж чадаагүй л байна. Барилгын ажлаа гүйцэтгэх хугацаанд шаардлагатай эрчим хүчээ БНХАУ-аас авахаас өөр аргагүй. Үүний тулд Монгол, Хятадын хил хүртэл 220 квт-ын хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих зөвшөөрлийг салбарын яамнаас хүссээр байж авсан. Энд нэг сайшаалтай тал ажиглагдсан нь уул уурхай, эрчим хүч гэдэг хоёр салбарыг нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэгчийг байгуулснаар асуудлыг шийдэж чадсан нь Засгийн газрын хувьд зөв алхам байжээ. Тэгээгүй бол хоёр яамны хооронд бичиг цаас барин гүйсээр ажил цалгардах байсан ч байж мэднэ. Харин цаашид яах вэ.
Оюутолгой, Тавантолгой болон бусад ордын хувьд дэд бүтцийн асуудал онцгой ач холбогдолтой. Ордуудын үр өгөөж ч үүнтэй шууд холбоотой байгаа юм. Тиймээс ч Монголын Засгийн газар урьдчилгаа төлбөрийн сүүлчийнхийг хүлээж авсаныхаа маргааш нь хуралдаж, Оюутолгойн эрчим хүчний дэд станцыг байгуулах газар өгсөн билээ. Ингээд Засгийн газар мөнгөө авч, “Хүний хөгжил сан”-аа арвижуулан, Оюутолгой дэд бүтцээ хөгжүүлэх газартай болсон. Засгийн газрын тэрхүү хуралдааны шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумын нутгийн 263 730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болж, хилийн заагийг баталсан. Энд Оюутолгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барина. Гэхдээ бүтээн байгуулалтын энэ том ажлыг хийж гүйцэтгэхэд Монголын Засгийн газрын зүгээс хүлээх үүрэг, хийх ажил олон бий. Наад зах нь тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмчилж буй газартай холбоотой элдэв маргаан гаргахгүй байх, тэднийг хохироохгүйгээр нөхөн олговрыг тооцох үүргийг зүй ёсоор бүрэн хүлээнэ. Харин нөхөн олговрын зардлыг “Оюутолгой” ХК-иас гаргахаар болсонд нь баярлах хэрэгтэй.
Мөн Оюутолгойн дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ямар өөрчлөлт оруулсан тухайгаа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар Засгийн газа¬рт танилцуулах үүрэг хүлээгээд байгаа билээ.
Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд гол нь эрчим хүчний асуудал чухал байгаа. Гэрээнд зааснаар Оюутолгой төслийг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа буюу 2016, 2018 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар байсан. Гэвч хөрөнгө оруулагчид ч, Засгийн газар ч энэ хугацааг урагшлуулах шаардлагатай тулгарсан. Учир нь 2012 оны эцэст Оюутолгой төслийн анхны олборлолт эхэлж, бүтээгдэхүүн гаргана гэсэн тооцоо байгаа. Энэ үе шаттай нь уялдуулан эрчим хүчний хэрэгцээг нь хангахгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн ажил гацаанд орно. Ямартай ч говийн бүсийн эрчим хүчний системийн амин сүнс нь болох цахилгаан станцыг “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компаниудын оролцоотойгоор барих бөгөөд ирэх жилийн эцэс гэхэд эхний үе шат нь эхэлсэн байх ёстой. Тиймээс дээрх хоёр компани хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа аж. Зөвхөн “Оюутолгой” ХК л гэхэд цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд судалж, хэд, хэдэн хувилбар боловсруулчихаад байгаа юм билээ.
Дашрамд дурдахад, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл нэг үеэ бодвол урагштай байгаа гэж хэлж болно. Тухайлбал, нийслэлээс Тавантолгой, Оюутолгой орд газарт 220 кВ-ын шугам татах тендер зарлаж, “M-Cи-Эс Интернэйшнл” ХХК гүйцэтгэхээр болсон. Мөн Ухаа худагийн орд дээр 62 МВт-ын хүчин чадалтай станц барих ажил амжилттай хэрэгжиж байна. Цагаан суваргын ордыг Багануураас Чойроор дамжуулан цахилгаанаар хангах ажил зураг төсөл бэлэн болчихсон гэхчлэн өнгөрсөн хугацаанд чамлахааргүй ажлыг амжуулжээ. Салбарын яамныхны төлөвлөснөөр бол говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах зорилготой бөгөөд дээрх төслүүд хэрэгжсэн тохиолдолд цаашдаа эрчим хүчээ экспортлох боломж ч бүрдэх гэнэ. Бусдад өгөх ч яамай. Ямар ч байсан энэ том төслийн ажлыг эрчим хүчний асуудлаа шийдэж чадахгүйгээс болж цалгардуулсан хэмээн дэлхий нийтийн өмнө нүүр улайхгүй л байхсан. Мөн дахин энэ асуудлаар сайд нь бадар барьж, гуйлгын чанартай хэлэлцээр хийхгүй шиг өөрсдийн гэсэн гэрэл, дулаантай болбол барав.
Эрчим хүчнээс дутуугүй бэрхшээл дагуулсан асуудал бол яах аргагүй усны хангамж. Үүнийг шийдвэрлэхэд газар, усны шугамын газрын болон цахилгааны шугамын асуудалтай тулгарч байсан. Одоо тэрхүү асуудлыг шийдвэрлэж чадсан учраас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болж байна. Гэхдээ үүнд орон нутгийн байгууллагууд маш хөшүүн ханддаг. Үүнд Засгийн газраас хяналт тавьж, их бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажилд учрах саад бэрхшээлийг урьдчилан арилгах үүрэг хүлээж буй.
"Улс төрийн тойм" сонин