ХАА-н салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

ХАА-н салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-“Эх оронч” бондыг өн­­гөр­сөн долоо хоногоос эх­лэн арил­жиж эхэллээ. Энэ талаар яриагаа эхлэе?

-Ерээд оны үед манай ул­сын төсөв бүхэлдээ 300 тэрбум орчим төгрөгт эргэлдэж бай­сан. Харин өнөөдөр Монгол Улс 300 тэрбум төгрөгийг зөв­хөн нэг салбарт тэр дун­даа түүний нэг жижиг хэсэгт зориулж гаргаж байна. Энэ бол сүүлийн 20 жилд улс хэр­хэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг. Түүнээс гадна нэг гол зүйлийг энд дурдъя. Мон­голчууд яавал сайхан амьд­рах вэ. Мэдээж ажлын байр­тай, тогтмол орлоготой байх шаард­лагатай. Ажлын байр хэзээ бий болох вэ гэхээр түүхий эдээ түүхий чигээр нь гаргаж байгаа үед бол хэцүү шүү дээ. Тиймээс түүхий эдээ аль болох эцсийн бүтээгдэхүүн бол­гож боловсруулаад эцсийн бү­тээгдэхүүн болгож гаргавал аажмаар ажлын байр нь бий болно гэсэн үг. Ингэхийн тулд бид эхний ээлжинд үйлд­вэрүүдээ хөгжүүлэх хэ­рэг­тэй байгаа юм. Энэ бол илэр­хий зүйл. 300 тэрбум төг­рөгийг бонд бол түүхий эдээ боловсруулаад эцсийн бү­тээгдэхүүн болгох үйлд­вэрүүдийг байгуулах, байгаа үйлдвэрүүдээ сайжруулах зо­рилготой бонд. Ийм уч­раас, ийм санхүүжилт хийх зо­риулалттай болохоор хамгийн “Эх оронч” бонд гэж нэрлээд байгаа.

-Бондууд нэлээд гүйл­гээтэй байгаа юм билээ?

-Бид одоогоор 50 тэрбум төгрөгийн бонд борлуулаад байгаа. Долоо хоног болгон 25 тэрбум төгрөгийн бонд гар­гаад явна.

-Бондоос мөнгө босгох нэг хэрэг. Харин түүний зар­цуулалт, төлөвлөлтөд нэлээд ач холбогдол өгч байгаа байх. Тийм үү?

-Засгийн газар бонд гар­галаа. Арилжааны банкуу­даа­саа хугацаатай, хүүтэй мөн­гө зээлээд авчихлаа гэ­сэн үг. Үүний зарцуулалт болох 150 тэрбум төгрөг нь жижиг дунд үйлдвэрлэлд, 100 тэр­бум төгрөг нь ноолуур бо­ловсруулах үйлдвэрүүдэд, үлд­сэн 50 тэрбум төгрөгийнх нь 25 тэрбум нь ноосны үйлд­вэрлэлд хөнгөлттэй зээл болж очино. Мөн 25 тэрбум төгрөг нь үн­дэс­ний үйлдвэрлэгчдэд ноосоо худалдаж буй хүмүүст зориулж ол­гох урамшуулал байх юм.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд энэ мөнгийг авснаар үйл ажиллагаа нь хэр дээшлэх бол?

-Өмнө нь хоёр жилийн хугацаанд явуулсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн 60 тэрбум төгрөгийг зар­цуулахад ард, иргэдийн бизнес эрх­лэх идэвхи сэргэсэн. “Энэ жил би зээл авч чадаагүй ч ирэх жил заавал авна” гэж хөөцөлддөг болсон. Анх 2009 онд бизнесийн төсөл гэж бичиж чадахгүй мөнгө хүссэн өргөдөл шиг юм бариад орж ирдэг байсан. Харин өнгөрсөн онд бизнесийн төсөл, төлөвлөлтүүд нь хамаагүй сайжирсан байгаа юм. Энэ хоёр жилд олгосон хоёр удаагийн 30 тэрбум төгрөг нэгдүгээрт эхлэл байсан. Хоёрдугаарт иргэдээ бэлтгэсэн, сургасан гэж харж байна. Ингэхээр одоо энэ 150 тэрбум төгрөгийн зээл бол одоо бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг арай дорвитой хөдлөх боломжийг ол­гож байгаа хэрэг. Нэг жилд ол­гож байсан мөнгийг тав дахин өс­гөчихөөр том дэмжлэг болох биз. Ха­рин ноолуурын үйлдвэрүүдийн хувьд анх 100 тэрбум төгрөгийг кг нь 50 мянган төгрөгт хүрээд байсан ноо­луурыг худалдаж ав, ажлаа эхэл гэсэн үндэслэлтэйгээр энэ аж­лыг төлөвлөсөн. Цаг хугацааны хувьд нэлээд удаан хөөцөлдөх зуур ноо­луурын үнэ өсөж, эргээд буух үзэгдэл болоод байна. Ер нь эхний ээл­жинд 1500- 2000 орчим бохир ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн бол­гоод зах зээлд гаргахад Монголын ноо­луурын салбарынхны гадаад түн­шүүдийн өмнө хүлээх хариуцлага нь сайжирна. Хангалттай хэмжээний бү­тээгдэхүүн нийлүүлж чаддаг болно. Мөн итгэлийг нь авч чадна. Улмаар гадаад зах зээл өргөжих юм. Тиймээс энэ жил 1500-2000 тонн ноолуурыг боловсрууллаа гэхэд ирэх жил мөн энэ хэмжээнийхийг боловсруулна. Дараа, дараа жилүүдэд нь 2500 тонн, түүнээс илүү болгосон ч болно. Жил бүр хэмжээг нь нэмсээр байгаад Монголын бүх ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зорилготой арга хэмжээ юм.

-Гэхдээ мэдээж шуудхан цамц, ороолт олноор нь үйлдвэрлээд байж чадахгүй байх аа. Тийм үү?

-Манай нэг ноолуурын салбарын бизнесмэн ярьж байсан юм. “Япон улсын “Тоёото” фирм жилдээ 10 сая машин үйлдвэрлэж дэлхийд ний­лүүлж байхад Монголын ноолуурын үйлд­вэрүүд яагаад 10 сая ноолууран ороолт үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргаж болохгүй вэ” гэж хэлсэн л дээ. Тэгэхээр яг үүнийг хийгээд эхэл­бэл монгол ноолуур брэнд ут­гаараа олон улсын зах зээлд хүчтэй гарч ирэх боломжтой. Ноолуур өнөө­дөр килограмм нь 50 мянган төгрөг. Бохирт нь шилжүүлвэл 100 мянган төг­рөг болно. Ойролцоогоор 80 ам.дол­лар орчим байгаа. Тэгвэл нэг угаасан ноолуур ямар байх вэ. Дунджаар ганцхан грамм нь 20 цент, дунджаар килограмм нь 200 орчим ам.доллар байх юм билээ. Тэгэхээр 80 ам.доллараар ноолуураа зарах уу, угаасан хэмжээнд нь шилжүүлээд 200 болон түүнээс дээш ам.доллараар зарах уу гэдэгт асуудал байна. Угаагаад зарах юм бол 80 болон 200 ам.долларын хоорондох 120 ам,доллар нь монгол ажилчдад цалин болон очино шүү дээ. Мөн Монголын компанийн ашиг нэмэгдэнэ.

-Монгол ноолуурын чанар, ноо­лууран эдлэл хаана ч гологдохгүй гэх юм билээ?

-Ноолуурын технологийн хувьд би нарийн сайн хэлж чадахгүй. Ер нь дэлхийд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр л улс байгаа. Тэдний нэг болох Хятад улсыг аваад үзье. Түүхий эдээ Өвөрмонголоос ав­даг. Тэгэхээр ноолуур зөвхөн монгол үндэстэнд л байгаа гэсэн үг. Харин хятадууд үйлдвэрлэлдээ зориулж та­ван жилийн хугацаатай жилийн 3-5 хувийн зээл өгч үйлдвэрлэлээ явуулж байна. Бүр жилийн хоёр ху­вийн хүүтэй зээл өгдөг нь ч бий.  Манай улсад жил эсвэл жил зургаан сарын хугацаатай зээлийн хүү 20 хувийн хүүтэй байдаг. Тэгэхээр Хятадын үйлдвэрлэгчидтэй манай үйлд­вэрлэгчид өрсөлдөх ямар ч бо­лол­цоогүй байдалд оруулж байгаа юм. Үүнийг л сайжруулахын тулд ажиллаж байна.

-Манай ноолуурын компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэж сонссон?

-Олон дамжлага байдаг. Угаагаад, самнах тал дээр Монголынхоо ноо­луурыг хэд дахин нугалж угаагаад, самнах хүчин чадалтай. Гэтэл угаасан ноолуураа утас болгож ээрэхэд асуу­дал бий. Утас болгож ээрсэний дараа түүнийгээ сүлжмэл, нэхмэл бү­тээгдэхүүн болгоход амархан. Утас ээрдэг хүчин чадал Монголд бага бай­гаа. Одоогоор жилдээ 600-700 ор­чим тонн утас ээрэх хүчин чадал бий болж байна.  Анхны үйлдвэрүүд маань жилд жилд 150 орчим тонн утас ээрэх хүчин чадалтай байсан. Тэ­гэ­хээр өргөжүүлэх шаардлага бий.

-Та сар гаруйн өмнө Ерөнхий­лөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын бү­рэлдэхүүнд багт­сан. Тэндээс ургамлын тос им­порт­­лохоор боллоо гэж мэдээлсэн. АНУ-аас авчирхад хүндрэлтэй биш үү?

-Хүндрэлтэй биш. “Хүнс-Хөгж­лийн төлөө” гээд АНУ-ын хөтөлбөр байдаг. Энэ улсын хувьд зарим оронд хүнсний тусламж үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд дээрх хөтөлбөрийн хү­рээнд бид АНУ-аас тусламжийн улаан­буудай авдаг байсан. Ха­рин “Атар-III” аяны хүрээнд бид улаанбуудайн хэрэгцээгээ дотоо­доосоо хангачихсан. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам/Department/-ынхантай бид уулзаад “Улаанбуудай импортлох шаардлагагүй. Манай улсын ургамалын тос 100 хувь импортынх байдаг” гэж хүсэлтээ илэрхийлсэн.  Мөн энд ирээд АНУ-ын Mercycorp, USAID-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Ургамлын тос импортлох ажил бараг бүтэх болов уу гэж бодож байна.  Гэхдээ байнга импортлох биш дотооддоо тариалдаг болъё гэсэн зорилгоор шар буурцаг тариалалт хөгжүүлэх талаар ярилцсан. Өмнө нь 1977 онд монголчууд орон даяар шар буурцаг тариалж байсан түүхтэй. Тухай үед Дорнод аймагт хамгийн амжилттай ургасан байдаг юм билээ. Тиймээс тус аймгийн Газар, тариалангийн хүрээлэнд бид шар буурцаг тариалах туршилтын төсөл хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. АНУ-ын тал ч энэ тал дээр нэлээд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа. Хэрвээ бид ямар сортын шар буурцаг тариалах вэ гэдгээ тохирвол орон даяар шар буурцаг тарьж, түүнээсээ ургамлын тос гаргаж авах, бордоо хийх бололцоотой болж байна. Үүнийг хийж чадвал хөдөө аж ахуйн салбарт шинэ хувьсгал хийсэн үйл явдал болох юм.

-Ургац хураах цаг ойртож бай­на. Ойрын өдрүүдэд бэлт­гэл ажлууд нэлээд идэвхитэй өр­нөж байгаа бололтой?

-Энэ жил бид 292 мянган га газарт тариалсан. Ургацын баланс гэж гаргадаг. Аймгууд ургацын балансаа энэ сарын 20-нд гаргах учиртай. Одоогийн байдлаар 13-174 центр ургацыг нэг га талбайгаас авах болов уу гэсэн таамаглалтай байна. Тэгвэл энэ жил нийт 400 мянган тонн орчим улаанбуудай хурааж авах болов уу. Энэ бол дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц.

-Жил, жилийнхээс үлдэгдэл гардаг гэсэн. Ингэхээр улаан­буу­дайн үнэ тогтвортой байх боломж­той гэсэн үг үү?

-Өнгөрсөн жилийн 60 мянган тонн улаанбуудайн үлдэгдэл байгаа. Бид үүнийгээ гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эргээд нөхчих юм. Ер нь улаанбуудайн нөөц байнга гардаг. Үнийн хувьд гэвэл энэ жил ОХУ-ын ургац сайн байх төлөвтэй байна. Тэгэхээр манай гурилын үйлдвэрүүд ОХУ-аас улаанбуудай импортоор авах магадлалтай байна. Гэхдээ бид тариаланчдын гараас гарч бай­гаа улаанбуудайн үнийг өөрчлөх бо­дол­гүй байна. Ойрын хэдэн жилдээ үнийг тогтвортой байлгах шаардлага бий. Ингэснээр тариаланчдыг хөл дээр нь зогсох боломжийг олгоно. Мөн гурилын үйлдвэрлэгчдэд ч тогт­вортойгоор бизнесээ явуулаач гэж саналыг тавина. Олох ашиг, хийх үйл­дэл нь ч тогтвортой байх ёстой гэ­дэг үүднээс ажиллаж байгаа.

-Худалдааны салбарын 90 жи­лийн ой болж байна. Энэ талаар?

-Гол ой нь ирэх арваннэгдүгээр сард бол­но. Том баярын хурал болох байх. Түнээс наана ирэх сараас ар­га хэм­жээнүүд нь эхэлнэ. Гол нь ойд зориулж баярлахдаа биш Худал­дааны тухай хуулийг Гадаад харил­цааны яамтай хамтран өргөн барихаар боллоо.

-Хуулийнхаа талаар тод­руу­лахгүй юү?

-Монгол Улсад худалдааг зохи­цуулдаг хууль байхгүй. Бүх худал­дааг 50 гаруй хууль, 100 гаруй хууль эрхзүйн бичиг баримтад жи­жиг жижгээр нь шигтгээд оруул­сан байдаг. Тухайлбал, эмийн худал­даа гэхэд л Эмийн тухай хуульд зүйлч­лэгдсэн байх жишээтэй. Ерөнхийдөө худалдааг яаж зохицуулах уу, хаа­на хүнд суртал байна, юуг хөн­гөвчлөх шаардлагатай вэ гэдэгт эдийн засгийн харилцааны хөгжил ха­мааралтай байдаг. Энэ удаад бид худалдааныхаа бүх зохицуулалтыг нэгтгэсэн байдлаар хуулийн төсөл гаргана. Мөн зарим зохицуулагдаагүй харилцаан дээр шаардлагатай зохи­цуулалтууд хийнэ. Жишээлбэл, ма­­найд интернет худалдаа болон сүл­­жээний худалдаа байна. Энд ямар ч хуулийн зохицуулалтгүй. За­рим сүлжээний худалдаанаас болж маш олон хүнийг хохироох то­хиолдол ч гарлаа. Ер нь ийм хууль байхгүйгээс үүдэн худалдаа хийгч гэдгээ ч бид тодорхойлж чадахгүй бай­на. Лангуун дээр зогсож байгаа ху­далдагч, бараа заруулж байгаа эзэн нь худалдаа хийгч юм уу. Аль аль нь ямар хариуцлага хүлээх юм гэдэгт зохицуулалт хийнэ. Гэхдээ бид эхний хуулиараа нарийн, том зохицуулсан хууль болгохоос илүү бүх харьцаагаа бүртгэж нэгтгэсэн, нэг талбар дээр гаргаад харж байдаг тийм хууль болгохоор ажиллаж байна.

-Тэгэхээр ирэх жил гэхэд Худал­дааны тухай хуулиас эхлээд олон жил ярьж буй хөдөө аж ахуйн биржийн тухай ажил хүр­тэл эхлэх юм байна?

-Худалдааны зохицуулалтын хууль бол маш том хууль. Энэ дотор биржийн арилжаа гэх мэт зүйлсийг багтааж ойлгож болно.  Улсын эдийн засагт нөлөөлөх утгаараа худалдаа зохицуулалт бол нэлээд том үүрэгтэй. Бизнесийн салбарт үзүүлэх нөлөө нь Иргэний хууль шиг том хууль байх юм.

-Улсын эдийн засаг гэж хэлэхээр тань асуумаар санагдлаа. Одоо ма­найхан уул уурхайн салбар руу хошуурах, түүнээс хараат болох үзэг­дэл газар авч байна. Гэтэл Хө­дөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сал­бар үүнээс ч дутахааргүй эдийн засгийн багтаамжтай гэж би ойл­годог. Та энэ талаар удирдах алба­ны хүний хувьд саналаа хэлээч?

 -Уул уурхайн салбар хөгжихөд Монголын нийт иргэний 10 орчим хувь нь л ажилтай байх юм. Харин хүнс, хөдөө аж ахуйн салбар өнөөдөр нийт ард түмний 57 хувь нь ажиллаж амьдарч байна. Тэгэхээр энэ олон мянган хүн хэр зэрэг сайхан амьдрах нь манай салбараас хамаарч байгаа биз. Уул уурхай бол богино хугацаанд их мөнгө оруулж ирэх салбар. Харин манай салбарын хувьд энд идэх хоол, ажлын байрны талаар ярьж байгаа болохоор уул уурхайн хөрөнгөөс энд зориулах ёстой гэж хэлмээр байна. Бусад салбарт ч мэдээж зориулалгүй яахав.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж