-“Эх оронч” бондыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн арилжиж эхэллээ. Энэ талаар яриагаа эхлэе?
-Ерээд оны үед манай улсын төсөв бүхэлдээ 300 тэрбум орчим төгрөгт эргэлдэж байсан. Харин өнөөдөр Монгол Улс 300 тэрбум төгрөгийг зөвхөн нэг салбарт тэр дундаа түүний нэг жижиг хэсэгт зориулж гаргаж байна. Энэ бол сүүлийн 20 жилд улс хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг. Түүнээс гадна нэг гол зүйлийг энд дурдъя. Монголчууд яавал сайхан амьдрах вэ. Мэдээж ажлын байртай, тогтмол орлоготой байх шаардлагатай. Ажлын байр хэзээ бий болох вэ гэхээр түүхий эдээ түүхий чигээр нь гаргаж байгаа үед бол хэцүү шүү дээ. Тиймээс түүхий эдээ аль болох эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргавал аажмаар ажлын байр нь бий болно гэсэн үг. Ингэхийн тулд бид эхний ээлжинд үйлдвэрүүдээ хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол илэрхий зүйл. 300 тэрбум төгрөгийг бонд бол түүхий эдээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүдийг байгуулах, байгаа үйлдвэрүүдээ сайжруулах зорилготой бонд. Ийм учраас, ийм санхүүжилт хийх зориулалттай болохоор хамгийн “Эх оронч” бонд гэж нэрлээд байгаа.
-Бондууд нэлээд гүйлгээтэй байгаа юм билээ?
-Бид одоогоор 50 тэрбум төгрөгийн бонд борлуулаад байгаа. Долоо хоног болгон 25 тэрбум төгрөгийн бонд гаргаад явна.
-Бондоос мөнгө босгох нэг хэрэг. Харин түүний зарцуулалт, төлөвлөлтөд нэлээд ач холбогдол өгч байгаа байх. Тийм үү?
-Засгийн газар бонд гаргалаа. Арилжааны банкуудаасаа хугацаатай, хүүтэй мөнгө зээлээд авчихлаа гэсэн үг. Үүний зарцуулалт болох 150 тэрбум төгрөг нь жижиг дунд үйлдвэрлэлд, 100 тэрбум төгрөг нь ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд, үлдсэн 50 тэрбум төгрөгийнх нь 25 тэрбум нь ноосны үйлдвэрлэлд хөнгөлттэй зээл болж очино. Мөн 25 тэрбум төгрөг нь үндэсний үйлдвэрлэгчдэд ноосоо худалдаж буй хүмүүст зориулж олгох урамшуулал байх юм.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд энэ мөнгийг авснаар үйл ажиллагаа нь хэр дээшлэх бол?
-Өмнө нь хоёр жилийн хугацаанд явуулсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн 60 тэрбум төгрөгийг зарцуулахад ард, иргэдийн бизнес эрхлэх идэвхи сэргэсэн. “Энэ жил би зээл авч чадаагүй ч ирэх жил заавал авна” гэж хөөцөлддөг болсон. Анх 2009 онд бизнесийн төсөл гэж бичиж чадахгүй мөнгө хүссэн өргөдөл шиг юм бариад орж ирдэг байсан. Харин өнгөрсөн онд бизнесийн төсөл, төлөвлөлтүүд нь хамаагүй сайжирсан байгаа юм. Энэ хоёр жилд олгосон хоёр удаагийн 30 тэрбум төгрөг нэгдүгээрт эхлэл байсан. Хоёрдугаарт иргэдээ бэлтгэсэн, сургасан гэж харж байна. Ингэхээр одоо энэ 150 тэрбум төгрөгийн зээл бол одоо бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг арай дорвитой хөдлөх боломжийг олгож байгаа хэрэг. Нэг жилд олгож байсан мөнгийг тав дахин өсгөчихөөр том дэмжлэг болох биз. Харин ноолуурын үйлдвэрүүдийн хувьд анх 100 тэрбум төгрөгийг кг нь 50 мянган төгрөгт хүрээд байсан ноолуурыг худалдаж ав, ажлаа эхэл гэсэн үндэслэлтэйгээр энэ ажлыг төлөвлөсөн. Цаг хугацааны хувьд нэлээд удаан хөөцөлдөх зуур ноолуурын үнэ өсөж, эргээд буух үзэгдэл болоод байна. Ер нь эхний ээлжинд 1500- 2000 орчим бохир ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод зах зээлд гаргахад Монголын ноолуурын салбарынхны гадаад түншүүдийн өмнө хүлээх хариуцлага нь сайжирна. Хангалттай хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж чаддаг болно. Мөн итгэлийг нь авч чадна. Улмаар гадаад зах зээл өргөжих юм. Тиймээс энэ жил 1500-2000 тонн ноолуурыг боловсрууллаа гэхэд ирэх жил мөн энэ хэмжээнийхийг боловсруулна. Дараа, дараа жилүүдэд нь 2500 тонн, түүнээс илүү болгосон ч болно. Жил бүр хэмжээг нь нэмсээр байгаад Монголын бүх ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн боловсруулах зорилготой арга хэмжээ юм.
-Гэхдээ мэдээж шуудхан цамц, ороолт олноор нь үйлдвэрлээд байж чадахгүй байх аа. Тийм үү?
-Манай нэг ноолуурын салбарын бизнесмэн ярьж байсан юм. “Япон улсын “Тоёото” фирм жилдээ 10 сая машин үйлдвэрлэж дэлхийд нийлүүлж байхад Монголын ноолуурын үйлдвэрүүд яагаад 10 сая ноолууран ороолт үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргаж болохгүй вэ” гэж хэлсэн л дээ. Тэгэхээр яг үүнийг хийгээд эхэлбэл монгол ноолуур брэнд утгаараа олон улсын зах зээлд хүчтэй гарч ирэх боломжтой. Ноолуур өнөөдөр килограмм нь 50 мянган төгрөг. Бохирт нь шилжүүлвэл 100 мянган төгрөг болно. Ойролцоогоор 80 ам.доллар орчим байгаа. Тэгвэл нэг угаасан ноолуур ямар байх вэ. Дунджаар ганцхан грамм нь 20 цент, дунджаар килограмм нь 200 орчим ам.доллар байх юм билээ. Тэгэхээр 80 ам.доллараар ноолуураа зарах уу, угаасан хэмжээнд нь шилжүүлээд 200 болон түүнээс дээш ам.доллараар зарах уу гэдэгт асуудал байна. Угаагаад зарах юм бол 80 болон 200 ам.долларын хоорондох 120 ам,доллар нь монгол ажилчдад цалин болон очино шүү дээ. Мөн Монголын компанийн ашиг нэмэгдэнэ.
-Монгол ноолуурын чанар, ноолууран эдлэл хаана ч гологдохгүй гэх юм билээ?
-Ноолуурын технологийн хувьд би нарийн сайн хэлж чадахгүй. Ер нь дэлхийд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёр л улс байгаа. Тэдний нэг болох Хятад улсыг аваад үзье. Түүхий эдээ Өвөрмонголоос авдаг. Тэгэхээр ноолуур зөвхөн монгол үндэстэнд л байгаа гэсэн үг. Харин хятадууд үйлдвэрлэлдээ зориулж таван жилийн хугацаатай жилийн 3-5 хувийн зээл өгч үйлдвэрлэлээ явуулж байна. Бүр жилийн хоёр хувийн хүүтэй зээл өгдөг нь ч бий. Манай улсад жил эсвэл жил зургаан сарын хугацаатай зээлийн хүү 20 хувийн хүүтэй байдаг. Тэгэхээр Хятадын үйлдвэрлэгчидтэй манай үйлдвэрлэгчид өрсөлдөх ямар ч бололцоогүй байдалд оруулж байгаа юм. Үүнийг л сайжруулахын тулд ажиллаж байна.
-Манай ноолуурын компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэж сонссон?
-Олон дамжлага байдаг. Угаагаад, самнах тал дээр Монголынхоо ноолуурыг хэд дахин нугалж угаагаад, самнах хүчин чадалтай. Гэтэл угаасан ноолуураа утас болгож ээрэхэд асуудал бий. Утас болгож ээрсэний дараа түүнийгээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгоход амархан. Утас ээрдэг хүчин чадал Монголд бага байгаа. Одоогоор жилдээ 600-700 орчим тонн утас ээрэх хүчин чадал бий болж байна. Анхны үйлдвэрүүд маань жилд жилд 150 орчим тонн утас ээрэх хүчин чадалтай байсан. Тэгэхээр өргөжүүлэх шаардлага бий.
-Та сар гаруйн өмнө Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Тэндээс ургамлын тос импортлохоор боллоо гэж мэдээлсэн. АНУ-аас авчирхад хүндрэлтэй биш үү?
-Хүндрэлтэй биш. “Хүнс-Хөгжлийн төлөө” гээд АНУ-ын хөтөлбөр байдаг. Энэ улсын хувьд зарим оронд хүнсний тусламж үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд дээрх хөтөлбөрийн хүрээнд бид АНУ-аас тусламжийн улаанбуудай авдаг байсан. Харин “Атар-III” аяны хүрээнд бид улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангачихсан. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам/Department/-ынхантай бид уулзаад “Улаанбуудай импортлох шаардлагагүй. Манай улсын ургамалын тос 100 хувь импортынх байдаг” гэж хүсэлтээ илэрхийлсэн. Мөн энд ирээд АНУ-ын Mercycorp, USAID-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Ургамлын тос импортлох ажил бараг бүтэх болов уу гэж бодож байна. Гэхдээ байнга импортлох биш дотооддоо тариалдаг болъё гэсэн зорилгоор шар буурцаг тариалалт хөгжүүлэх талаар ярилцсан. Өмнө нь 1977 онд монголчууд орон даяар шар буурцаг тариалж байсан түүхтэй. Тухай үед Дорнод аймагт хамгийн амжилттай ургасан байдаг юм билээ. Тиймээс тус аймгийн Газар, тариалангийн хүрээлэнд бид шар буурцаг тариалах туршилтын төсөл хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. АНУ-ын тал ч энэ тал дээр нэлээд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа. Хэрвээ бид ямар сортын шар буурцаг тариалах вэ гэдгээ тохирвол орон даяар шар буурцаг тарьж, түүнээсээ ургамлын тос гаргаж авах, бордоо хийх бололцоотой болж байна. Үүнийг хийж чадвал хөдөө аж ахуйн салбарт шинэ хувьсгал хийсэн үйл явдал болох юм.
-Ургац хураах цаг ойртож байна. Ойрын өдрүүдэд бэлтгэл ажлууд нэлээд идэвхитэй өрнөж байгаа бололтой?
-Энэ жил бид 292 мянган га газарт тариалсан. Ургацын баланс гэж гаргадаг. Аймгууд ургацын балансаа энэ сарын 20-нд гаргах учиртай. Одоогийн байдлаар 13-174 центр ургацыг нэг га талбайгаас авах болов уу гэсэн таамаглалтай байна. Тэгвэл энэ жил нийт 400 мянган тонн орчим улаанбуудай хурааж авах болов уу. Энэ бол дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц.
-Жил, жилийнхээс үлдэгдэл гардаг гэсэн. Ингэхээр улаанбуудайн үнэ тогтвортой байх боломжтой гэсэн үг үү?
-Өнгөрсөн жилийн 60 мянган тонн улаанбуудайн үлдэгдэл байгаа. Бид үүнийгээ гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж эргээд нөхчих юм. Ер нь улаанбуудайн нөөц байнга гардаг. Үнийн хувьд гэвэл энэ жил ОХУ-ын ургац сайн байх төлөвтэй байна. Тэгэхээр манай гурилын үйлдвэрүүд ОХУ-аас улаанбуудай импортоор авах магадлалтай байна. Гэхдээ бид тариаланчдын гараас гарч байгаа улаанбуудайн үнийг өөрчлөх бодолгүй байна. Ойрын хэдэн жилдээ үнийг тогтвортой байлгах шаардлага бий. Ингэснээр тариаланчдыг хөл дээр нь зогсох боломжийг олгоно. Мөн гурилын үйлдвэрлэгчдэд ч тогтвортойгоор бизнесээ явуулаач гэж саналыг тавина. Олох ашиг, хийх үйлдэл нь ч тогтвортой байх ёстой гэдэг үүднээс ажиллаж байгаа.
-Худалдааны салбарын 90 жилийн ой болж байна. Энэ талаар?
-Гол ой нь ирэх арваннэгдүгээр сард болно. Том баярын хурал болох байх. Түнээс наана ирэх сараас арга хэмжээнүүд нь эхэлнэ. Гол нь ойд зориулж баярлахдаа биш Худалдааны тухай хуулийг Гадаад харилцааны яамтай хамтран өргөн барихаар боллоо.
-Хуулийнхаа талаар тодруулахгүй юү?
-Монгол Улсад худалдааг зохицуулдаг хууль байхгүй. Бүх худалдааг 50 гаруй хууль, 100 гаруй хууль эрхзүйн бичиг баримтад жижиг жижгээр нь шигтгээд оруулсан байдаг. Тухайлбал, эмийн худалдаа гэхэд л Эмийн тухай хуульд зүйлчлэгдсэн байх жишээтэй. Ерөнхийдөө худалдааг яаж зохицуулах уу, хаана хүнд суртал байна, юуг хөнгөвчлөх шаардлагатай вэ гэдэгт эдийн засгийн харилцааны хөгжил хамааралтай байдаг. Энэ удаад бид худалдааныхаа бүх зохицуулалтыг нэгтгэсэн байдлаар хуулийн төсөл гаргана. Мөн зарим зохицуулагдаагүй харилцаан дээр шаардлагатай зохицуулалтууд хийнэ. Жишээлбэл, манайд интернет худалдаа болон сүлжээний худалдаа байна. Энд ямар ч хуулийн зохицуулалтгүй. Зарим сүлжээний худалдаанаас болж маш олон хүнийг хохироох тохиолдол ч гарлаа. Ер нь ийм хууль байхгүйгээс үүдэн худалдаа хийгч гэдгээ ч бид тодорхойлж чадахгүй байна. Лангуун дээр зогсож байгаа худалдагч, бараа заруулж байгаа эзэн нь худалдаа хийгч юм уу. Аль аль нь ямар хариуцлага хүлээх юм гэдэгт зохицуулалт хийнэ. Гэхдээ бид эхний хуулиараа нарийн, том зохицуулсан хууль болгохоос илүү бүх харьцаагаа бүртгэж нэгтгэсэн, нэг талбар дээр гаргаад харж байдаг тийм хууль болгохоор ажиллаж байна.
-Тэгэхээр ирэх жил гэхэд Худалдааны тухай хуулиас эхлээд олон жил ярьж буй хөдөө аж ахуйн биржийн тухай ажил хүртэл эхлэх юм байна?
-Худалдааны зохицуулалтын хууль бол маш том хууль. Энэ дотор биржийн арилжаа гэх мэт зүйлсийг багтааж ойлгож болно. Улсын эдийн засагт нөлөөлөх утгаараа худалдаа зохицуулалт бол нэлээд том үүрэгтэй. Бизнесийн салбарт үзүүлэх нөлөө нь Иргэний хууль шиг том хууль байх юм.
-Улсын эдийн засаг гэж хэлэхээр тань асуумаар санагдлаа. Одоо манайхан уул уурхайн салбар руу хошуурах, түүнээс хараат болох үзэгдэл газар авч байна. Гэтэл Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар үүнээс ч дутахааргүй эдийн засгийн багтаамжтай гэж би ойлгодог. Та энэ талаар удирдах албаны хүний хувьд саналаа хэлээч?
-Уул уурхайн салбар хөгжихөд Монголын нийт иргэний 10 орчим хувь нь л ажилтай байх юм. Харин хүнс, хөдөө аж ахуйн салбар өнөөдөр нийт ард түмний 57 хувь нь ажиллаж амьдарч байна. Тэгэхээр энэ олон мянган хүн хэр зэрэг сайхан амьдрах нь манай салбараас хамаарч байгаа биз. Уул уурхай бол богино хугацаанд их мөнгө оруулж ирэх салбар. Харин манай салбарын хувьд энд идэх хоол, ажлын байрны талаар ярьж байгаа болохоор уул уурхайн хөрөнгөөс энд зориулах ёстой гэж хэлмээр байна. Бусад салбарт ч мэдээж зориулалгүй яахав.
"Улс төрийн тойм" сонин