"Эмнэлгийн үйлчилгээг ил тод болгох нэгэн алхам хийгдлээ" | News.MN

"Эмнэлгийн үйлчилгээг ил тод болгох нэгэн алхам хийгдлээ"

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

"Эмнэлгийн үйлчилгээг ил тод болгох нэгэн алхам хийгдлээ"

"Эмнэлгийн үйлчилгээг ил тод болгох нэгэн алхам хийгдлээ"

Аливаа нийгэм хөгжин дэвжихийн нэг үндэс нь түүний бүрдэл хэсэг болох иргэд, олон нийтийн итгэл үнэмшил, идэвхи оролцоо, хамтын ажиллагаа мөнөөс мөн билээ. Үүнийг таньж мэдэн, бодит амьдрал дээр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн нийгмийн хөгжлийн олон төсөл, хөтөлбөр бий. Тэдгээрээс эрүүл мэндийн салбарт хэрэгжээд буй “Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төслийн талаар тус төслийн багийн гишүүн Д.Мөнгөнцацралтай ярилцлаа.

Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Д.Мөнгөнцацрал гэдэг. Би Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд Хүний нөөцийн албаны дарга, эдийн засагчаар ажилладаг. Эрүүл мэндийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.

“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг ямар шалтгааны улмаас хэрэгжүүлэх болсон бэ?

Өнөөдөр эмчилгээ, үйлчилгээний чанар болон бусад зүйлстэй холбоотой эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуудлын талаар иргэд ярьдаг. Манай Багануур дүүргийн эмнэлгийн тухайд иргэдээс хамгийн их гомдол санал ирдэг нь үзлэгийн цаг авах очер дараалал, ачаалал хэт их байгаа тухай байдаг. Үүнээс болоод эмнэлгийн байгууллагуудад хүнд суртал үүсч, тал тохой татах, доод түвшний авлига дэлгэрэх нөхцөл бүрдэж байна гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг. Гэвч нөгөө талаас ганц иргэд ч биш эмч, эмнэлгийн байгууллагад ажиллаж буй хүн бүр л үүнд санаа зовниж, шийдвэрлэх боломж, гарцыг хайсаар байгаа. Ингээд эхний ээлжинд эмнэлгийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд ойлгуулах, авлига авч, өгч аливаа ажлыг амжуулдаг гэх ойлголтыг бууруулахад анхаарч ажиллах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Гэхдээ үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх, яг ямар үйл ажиллагаа явуулах тал дээр эхэндээ тодорхой шийдэлд хүрээгүй байсан.

Төслийг хэрэгжүүлэх шийдэлд хэрхэн хүрсэн бэ?

2017 оны намар би АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон World Learning ТББ-ын хэрэгжүүлж буй “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ хөтөлбөрийн онцлог нь эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй залуучуудыг сонгон шалгаруулж, сургалтад хамруулаад, тодорхой бодлогын сэдвийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх боломжоор хангаж өгсөн. Миний хувьд “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” багт орж, энэ чиглэлээр салбар бүрт амжилттай ажиллаж яваа залуучуудын төлөөлөлтэй хамтран ажиллах болсон. Бид тал бүрээсээ өөрсдийн саналаа дэвшүүлж, нэлээн хэлэлцсэний эцэст эрүүл мэндийн салбарын ил тод байдлыг хангах, тэр дундаа иргэдэд ихээхэн бухимдал, чирэгдэл үүсгэдэг угтах үйлчилгээний буюу үзлэгийн цаг олгодог хэсгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд “Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төслийг 2017 оны 10 дугаар сараас эхлэн Багануур дүүрэгт хэрэгжүүлсэн.

 Төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

Юун түрүүнд угтах үйлчилгээний мэдээлэл буюу үзлэгийн цаг олголтын мэдээллийг ажлын 5 өдрөөр, үзлэгийн кабинет тус бүрээр ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар харуулдаг болсон. Ингэснээр иргэдэд цаг болон өдрийн сонголт хийх боломжийг бий болгож байгаа юм. Ийнхүү харуулдаг болоход ЭМЯ-ны захиалгаар “e-health” цахим системийг хөгжүүлсэн “Metro networks” компанийн инженерүүд тусалсаныг хэлэх нь зүйтэй.

 Мөн үзлэгийн танхимын үүдэнд үйлчлүүлж буй иргэдийн нэрсийн дараалал, цаг, үйлчлүүлсэн эсэх талаарх мэдээлэл бүхий дэлгэцийг байршуулсан. Энэ нь иргэдэд хуваарийн дагуу үйлчлүүлж буй эсэхийг хянах боломж олгож байгаа хэрэг бөгөөд өмнө нь хотын төвийн томоохон эмнэлгүүдэд тавигдсан, ашиглагдаж байгаа хэрэгсэл.

 Энэ үүдний дэлгэцийг өмнө нь ашиглаж байсан гэсэн үг үү?

Тийм ээ. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, Арьс судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд ашигладаг. Манай багийнхан үүнийг эмнэлгийн үйлчилгээний ил тод байдлыг хангахад тодорхой хэмжээний ач холбогдолтой гэж үзээд төслийнхөө нэг хэсэг болгохоор шийдсэн юм.

Гуравдугаарт, зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хангаад орхих биш эмч, ажилтнууддаа ил тод байдлын ач холбогдол, харилцааны ур чадвар, бүх нийтийн оролцоог хангах, мэдээллийг хэрхэн үр ашигтай, оновчтой түгээх вэ зэрэг сэдвээр мэргэжлийн багшаар хичээл заалгасан. Хэдийгээр эмч, ажилтнууд мэргэжлийн ёс зүйн хүрээнд үйлчлүүлэгчтэй харилцаж, тодорхой мэдээллээр хангах ёстой ч ажлын ачааллаас шалтгаалж энэ байдал алдагдахад хүрдэг. Тиймээс үүнийг сэргээх, шинэ мэдлэг, мэдээлэл өгөхөд чухал ач холбогдолтой зүйл болсон гэж үзэж байгаа. Цаашдаа ч зөвхөн энэ удаагийн сургалтаар хязгаарлаад өнгөрөхгүй, тодорхой хугацаанд, тодорхой давтамжтайгаар сургалт, үйл явдал зохиож байхаар эмнэлгийн удирдлагууд шийдээд байгаа.     

 Төслийн үйл ажиллагааны бас нэг хэсэг нь эмнэлгийн угтах үйлчилгээний үйл ажиллагаанд иргэдийн тавих үнэлгээний системийг оруулж өгсөн явдал. Өөрөөр хэлбэл, иргэн үйлчилгээгээ авмагцаа, үйлчилгээний талаарх сэтгэл ханамжаа үнэлгээний төхөөрөмжийн тусламжтайгаар илэрхийлэх юм. Маш сайн, сайн, дунд, муу гэсэн үнэлгээнээс сонгоно. Ингэснээр эргээд эмч ажилтнуудын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэхэд түлхэц болж өгч байгаа хэрэг.

Төсөл хэрэгжиж эхлээд бараг хагас жил өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үр дүн гарав?

Ямартай ч төслийн хүрээнд хэрэгжүүлсэн дээрх бүх үйл ажиллагааны эцсийн гол зорилго нь эмнэлгийн угтах үйлчилгээг их тод болгож хэвшүүлснээр дараалал, чирэгдлийг бууруулах, улмаар эмнэлгийн ажилтнууд доод түвшний авлигад өртөх эрсдлийг багасгахад чиглэгдэж байгаа. Энэ үр дүндээ алхам алхамаар хүрч байна гэж бид нар харж байна. Эмчийн өрөөний үүдэнд дэлгэц байрлуулснаар хэзээ, хэд дэх хүн орж байгааг мэдэх боломжтой болж, эмчийг таньдаг хэн нэгэн цаг аваагүй иргэн урдуур нь орох тохиолдлыг үгүй болгосон байна гэж үйлчлүүлэгчид талархалтай хандах болсон. Мөн угтах үйлчилгээний танхим дахь үзлэгийн цагийн хуваарь бүхий том дэлгэцээс авах боломжтой цагуудаа харсанаар зөвхөн Даваа, Мягмар гаригт ирж дараалал үүсгэх биш долоо хоногийн сүүлийн өдрүүдээр, хүн сийрэг үед үйлчлүүлэх боломжтойг иргэд ойлгож, ачааллыг жигд хуваарилахад ахиц гараад байгаа. Үзлэгийн цаг олгодог ажилтнуудад өгсөн иргэдийн үнэлгээг бид сар бүр дотооддоо хэлэлцэж, илүү сайжруулах ямар арга хэмжээг авч болох талаар харилцан ярилцаад явж байна. Эдгээр нь эцсийн дүндээ нөгөө л бидний зориод байгаа эмнэлгийн үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох, ойлгуулах, үүсээд буй чирэгдэл, дарааллыг багасгахад зориулан авч буй эхний шатны арга хэмжээ амжилттай хэрэгжсэнийг харуулж байна.

Энэ төсөл цаашид хэрэгжих үү? Эсвэл нэг удаа туршиж үзээд дуусч байгаа юу?

“LEAD Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн энэ төслийн хугацаа дуусч байгаа. Гэхдээ манай эмнэлгийн зүгээс төслийн хүрээнд хийгдсэн ажлыг цаашид үргэлжлүүлэн авч явахаар шийдвэрлэсэн. Үнэхээр хэрэгцээ, шаардлагатай нь саяын туршилтын хугацаанд харагдсан. Энэ онд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид бүхэн ойгоо угтан дүүргийн болон хил залгаа Хэнтий, Төв аймгийн сумдын ард иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хийсэн. Иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсож явахад төслийн хүрээнд хийсэн ажлууд үнэхээр ач холбогдолтой болохыг зарим хүмүүс дурдаж байсан. Манай байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнууд ч сэтгэл хангалуун хүлээж авсан.

Түүнчлэн уг төсөл ганц манай Багануурын эмнэлэгт биш Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжихээр болсон. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын болон эмнэлгийн төлөөлөл манай дээр ирж төслийн үйл явцтай танилцаад, хэрэгцээ, шаардлагыг нь үнэлж үзээд, бэлтгэл ажилдаа орсон. Манай байгууллага энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн, нээлттэй хүлээж авч байгаа.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж