“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Зуун арван гуравдугаар бүлэг
ХУРААСАН НҮГЛЭЭ ГЭМШИН ФӨН ЖЕ ХӨДӨӨГИЙН ХӨГШНИЙГ ЦАРАЙЧИЛЖ, ХУУЧИН ГОМДЛОО ТАЙЛЖ УРИН ШИВЭГЧИН ШУНАЛТ АГИЙГ ӨРӨВДӨВ
Өгүүлэх нь: сүм дээр Жао бага эхнэр өвчилж, хүн цөөрөх тусам солиорсонд хүмүүс айцгаав. Хоёр эхнэр түүнийг түшиж, сөгдөн аргадав. Тэгтэл бага эхнэр гэнэт газар хэвтээд “Намайг цохиод алаатах. Улаан сахалт Лаое минь, би дахиж аашлахгүй” гэснээ гэнэт алгаа хавсарч ёолон хашгирч үсээ сэгсийлгэн, нүдээ бөлцийлгөж цусаар тургисанд хүн ойртож чадахгүй болов.
Оройхон хэрд бага эхнэрийн хоолой сөөнгөтөж чөтгөр хяхнан хашгирах мэт болоод дэргэд нь хүн байх аргагүй болсонд хэдэн эрчүүлийг аваачиж харуулав. Бага эхнэр нэг хэсэг солиорч, нэг хэсэг сэргэсээр шөнө дөл болгов.
Маргааш нь үг дуугүй, гэмгүй боохой царайлж хүн ирвэл хага татах янзтай байснаа өмссөн хувцсаа урж өвчүү цээжээ дэлгэв. Хөөрхий энэ бага эхнэр үг хэлж чадахгүй боловч өвдөхийн ихээр өвдөж, өр зүрхээ маажин айхавтар их зовж байв. Үхлийн даваан дээр ийнхүү тэлчилж байхад нь эмч ирээд судсыг нь ч барьсангүй. “Хойтын явдлыг нь бэлтгээ” гээд босоход нь зарц нар “Лаое та судсыг нь барьж үзвэл, би эзэнд мэдүүлэх үгтэй болохсон” гэж дахин давтан гуйв. Эмч судсыг нь барьж үзвэл хэдийн лугшихаа больжээ. Хүү нь энэ үгийг сонсоод дуу тавин орилов. Бүгдээр түүнийг аргадав. Ханзан дээр нөмгөн нүцгэн, гэзэг үсээ сэгсийлгэн үхсэн бага эхнэрийг хүмүүс тоохгүй байлаа. Тэнд байгаа Жөү бага эхнэр дотроо, инж, татвар бологсод ингэж л төгсөх учиртай ажээ. Энэ чинь хүүтэй шүү. Хожим би яаж үхэх бол доо гэж бодоод баахан гунихрав.
Хүн явуулж Жя Жөнд мэдүүлсэнд, даруй эндээс хүн томилж очуулна гээд Хуань Эрд гурван хоног хань болж нэг тийш болгоод буцаж ир гэж хэлүүлэв. Энэ үед Жао бага эхнэр хүн хорлох гэсээр байгаад үхэж эрлэг рүү явлаа гэсэн яриа ам дамжсаар бүх хүн мэдэв. Бас “Лянь Эр нанай ч горьгүй болж байгаа байх. Яагаад түүнтэй заргалдахгүй байгаа юм бол” гэж ярилцана. Энэ үг Пин Эрийн чихэнд хүрсэнд сандарч Фөн Жегийн бие засрах төлөвгүй байгаад бүр ч зовов. Ойрноос Жя Лянь ч түүнийг хайхрахаа болив. Хэрэг явдал гээд түүнд хамаагүй юм шиг явна. Пин Эр хэдийгээр Фөн Жег аргадан тайтгаруулах боловч Шин, Ван хоёр Фүрэнь биеэр ирсэнгүй, зөвхөн хүн явуулж асуулгажээ. Үүнд нь Фөн Же гуниглана. Жя Лянь гэртээ хаяа орж ирэвч халуун бүлээн үг хэлсэнгүй.
Энэ зуур Фөн Же түргэн үхье гэж бодож байтал зуурдын чөтгөр хүрч ирэв. Ёу Эр Же гэрийн араас гарч орны дэргэд хүрч: “Эгчтэй уулзсангүй удлаа. Дүү нь мөрөөдөн санах боловч уулзаж чадахгүй байсаар сая дөнгөж орж ирлээ. Эгч маань чадлаа шавхжээ. Манай Эр Еэ эргүү тул эгчийн сэтгэлийг мэдэхгүйгээр үл барам эгчийг хэтэрхий харгислалаар, албаны явдлыг нь алдуулж, хүний нүүр харах аргагүй болгов гэж буруушааж байна. Би эгчийн тулд уурсан төвдөхгүй байна” гэсэнд Фөн Же: “Би одоо хэтэрхий атгаг сэтгэл гаргасандаа гэмшиж байна. Дүү минь хуучин өшөөгөө бодолгүй, намайг эргэж иржээ” гэж хэлэх мэт болжээ. Дэргэд нь байсан Пин Эр “Найнай юү гэж хэлэв” гэсэнд Фөн Же гэнэт сэрж, Ёу Эр жегийн үхсэнийг санаж, лав амиа нэхэж ирлээ гэж боджээ. Фөн Же Пин Эрд дуудуулж сэрээд айсан боловч түүнээ хэлж чадахгүй биеэ бариад: “Миний дотор нэг юм бүүр түүрхэн байгааг бодвол зүүдлээд ярьсан байхаа. Алив чи нуруу жаахан дараатах гэв. Пин Эр нурууг нь дарж байтал бяцхан инж ирж: Лю Лаолао эмгэн ирээд найнайтай уулзъя гэж байна гэв. Пин Эр яаран бууж: “Хаана байна” гэсэнд бяцхан инж: “Найнайгийн зөвшөөрөлгүй тэр орж ирж чадахгүй байна” гэв. Пин Эр толгой дохиж, Фөн Же өвчтэй тул уулзахаас төвөгшөөнө гэж бодоод: “Найнай унтаж амарч байна. Түүний ямар хэрэгтэй ирснийг асуугаад хүлээлгэж бай” гэв. Бяцхан охин явж ирээд: “Тэд гойдын явдалгүй гэнээ. Лао тайтайгийн бие барсныг мэдээгүй тул оройтжээ гэж байна” гэв. Охины үгийг Фөн Жед хэлбэл: “Пин Эрээ, хүний санаж ирсэн сэтгэлийг хөргөж болохгүй. Лю эмгэнийг бушуу залж оруул. Би түүнтэй ярих үг байна” гэв. Пин Эр аргагүйдэн хөдөөний эмгэнийг залахаар явав. Фөн Же нүдээ аньж байтал эр эм хоёр ханзны зүг мацна. Айгаад Пин Эрийг дуудаж: “Юун хоёр хүн энд хүрч ирэв” гэж бархирсанд Фөн Эр, Шяо Хун нар хүрч ирж “Найнаа юу авах вэ” гэж асуув. Фөн Же нүдээ нээгээд харвал юу ч харагдсангүй тул учрыг мэдэвч дуугарч чадалгүй Фөн Эрээс “Пин Эр гайхал хаачив” гэсэнд цаадах нь:
-Та Лю Лаолаог залж ир гэж явуулсан бишүү” гэсэнд Фөн Же жаахан бодлогошроод дуугарсангүй. Төдөлгүй хөдөөний эмгэн нэг бяцхан охин дагуулсаар орж ирэв. Тэрбээр:
-Манай аниа хаана байна гэсэнд Пин Эр дагуулж орны дэргэд аваачив. Эмгэн найрсгаар мэндлэв. Фөн Же нүдээ нээнгүүт элэг нь эмтэрч:
-Лю Лаолао сайн уу. Одоо л ирж байгаа юм уу. Зээ охин чинь ийм их болоо юу гэв. Эмгэн, Фөн Жегийн арьс яс болтол турж ухаан нь бүр түүр болсныг үзээд бас зовж:
-Аниа минь, энэ хэдхэн сарын дотор яагаад ийм болчихов оо. Би ч мангуурч гүйцжээ. Юунд эртхэн ирж аниагийн амрыг эрсэнгүй вэ… гээд охиноо, аниагийнхаа амрыг эр гэв. Чинь Эр охин инээгээд дуугарсангүй. Фөн Жегийн нүдэнд дулаан харагдсан тул Шяо Хунийг дуудаж охиныг наадуул гэв. Эмгэн:
-Манай хөдөөгийн хүн өвдөхгүй ээ. Өвдвөл бурхан тэнгэрт тахил тавиг өргөхөөс биш, эм тан уухыг мэдэхгүй ээ. Аниа ийм тийм юманд өртсөн биш бизээ… гэсэнд Пин Эр энэ дэмий асуулт гэж бодонгуут хормойноос нь татсанд дуугүй болов. Тэгтэл түүний үг Фөн Жегийн санаанд нийлсэн юм байж.
-Та бол настай хүн болохоор үзсэн, дуулсан юм их. Таны уулзаж байсан Жао бага эхнэр үхсэнийг дуулсан уу гэж арай гэж хэлсэнд эмгэн гайхаж, ум ма ни бад мэ хум гээд:
-Зүв зүгээр байсан хүн яагаад үхчих вэ. Тэр бас нэг жаахан агьтай. Одоо яах билээ гэхэд нь Пин Эр:
-Тэр юунд зовох вэ. Бас Лаое, тайтай нар байна гэсэнд эмгэн:
-Ээ охин чи яаж мэднээ. Тэр хэдий муу байгаад үхсэн ч төрсөн эх нь шүү. Тэлсэнтэй яаж адил байхав гэв. Түүний энэ үг Фөн Жегийн сэтгэлийг хөндөхөөр гэнэт уйлав. Тэд аргадав. Чяо Же охин, эхийгээ уйлахаар ханзны дэргэд ирж эхийнхээ гараас бариад уйлав. Фөн Же:
-Чи энэ Лю Лаолаотайгаа мэндлэв үү гэсэнд охин:
-Үгүй гэв. Эх нь:
-Чиний нэрийг энэ хүн өгсөн юм шүү. Чи хуурай ээжтэйгээ адил болно. Түүний амрыг эртүгэй гэв.
Охин, эмгэний дэргэд очив. Эмгэн хориглож:
-Миний буяныг барах хэрэггүй. Би энд жил гаруй хугацаанд ирсэнгүй. Чяо охин намайг таньж байгаа юм уу гэж асуув. Чяо охин:
-Яагаад танихгүй гэж? Тэр жил хүрээн дунд уулзахад би арай бага байжээ. Уржнан таныг ирэхэд би танаас жил өнжсөн голио авах гэсэнд та өгөөгүй. Лав мартсан байхаа гэсэнд эмгэн,
-Охин минь, би үнэхээр зөнөжээ. Голио бол манай тэнд даанч олон байна. Чи манай тэнд очоогүй болохоор мэдэхгүй. Очвол тэргээр тээсэн ч болно гэв. Фөн Же,
-Тэгвэл та үүнийг дагуулаад яв гэсэнд эмгэн
-Торго дурдан дээр өнхөрч, сайныг идэж өссөн алт сувд мэт охиныг би аваачаад юү идүүлж, юугаар саатуулах юм бэ. Намайг зовоож үхүүлэх бишүү гэсээр инээв. Тэгснээ, “Би охинд зууч болъё”. Манай тэр хөдөө газар хэдий эндэх адил алт сувд ихгүй боловч хэдэн мянган цин тариатай, хэдэн зуун малтай. Тэнд мөнгө зоос ихтэй баян айл ч бас бий. Аниа ийм айлыг лав тоохгүй. Мань мэтийн хөдөөгийн ард тийм баян айлыг тэнгэр бурхан мэт үзнэ… гэсэнд Фөн Же:
-Та зуучлагтун! Би үзээд тоовол өгнө гэв. Эмгэн:
-Энэ бол тоглоомын үг болой. Аниа том ноён, түшмэдийн хүүд ч өгөхгүй байж мэдэх тул хөдөөгийн айлд яалаа гэж өгч болох вэ. Аниа өгье гэсэн ч дээд тайтай нар өгөхгүй гэв. Энэ үгийг сонсоход эвгүй санагдсан тул Чяо Же явж, эмгэний зээ охинтой танилцаж төдөлгүй дасжээ. Пин Эр эмгэний үг олдож Фөн Жег алхаагуузай гэж болгоомжлон түүнийг сэм татаж:
-Та тайтайтай учраагүй байгаа. Би хүн олоод таныг аваачиж уулзуулъя. Таны нааш цааш явах хэцүү шүү гэв. Эмгэн явахыг завдтал Фөн Же:
-Юунд яараав. Та суу, суу. Чамаас юм асууя. Орлого чинь болж байна уу гэсэнд эмгэн түмэнтээ бишрэн талархаад:
-Аниа энэрэл хайрлаагүй бол… гээд Чинь Элээ зааж, үүний эцэг эх аль хэдийн турж үхэх байсан. Хөдөөгийн хүний орлого баахан зүдгүүртэй ч гэсэн бас нилээн хэдэн му тариатай болж, бас нэг худаг малтаад… ногоо цагаа гуа, жимс тарьж түүнээ худалдаж хувилгаад жилийн хоол хүнс дутахгүй болсон. Энэ хоёр жил аниа бас дээл хувцас, эд бараа өгч байсан тул хөдөө нутагтаа зүгээр амь зууж байна. Эртийд үүний эцэг хотод ирээд аниагийн гэрийг талжээ гэж сонсоод харьсаан. Бурхан минь, би үхэтлээ айлаа. Бас нэг хүн, эндэхийг талаагүй гэхэд нь санаа амарч л байлаа. Сайн юм сонсох ч бас сайхан. Лаоег зэрэг дэвшлээ гэж сонсоод их баярлалаа. Ирж баярт мөргөх гэтэл тал дүүрэн тариандаа татагдаад чадсангүй. Өчигдөр би буурцаг цохьж байтал гэнэт Лао тайтайгийн нас болсныг сонсоод барьж байгаа юмаа ч даахгүй болж дэмий л уйллаа. Би хүргэндээ, над та нарыг бодох зав алга боллоо. Худал ч болсон, үнэн ч болсон би хот орж нүдээр үзье гэсэнд охин хүргэн хоёр минь жаахан уйлж байгаад намайг үүр цаймагц хот руу явууллаа. Би ч яахав, тэгж ингэж явсаар арын хаалганд хүрээд ирлээ. Үүдний шүтээнийг цаасаар наасныг үзээд бас л айлаа. Орж ирээд Жөү бэргэнийг олохгүй байтал нэг бяцхан охин учирч “Жөү бэргэн, хэрэг буруудаад хэдийн хөөгдсөн” гэв. Тэнд баахан хүлээж байтал танил хүн таарч түүгээр заалган ирвэл, аниагийн бие ийм болжээ гэдгийг сая л мэдлээ гэсээр нулимс унагав. Пин Эр сандарч түүний үгийг тасалж: “Та их юм яриад хоолой чинь хатлаа. Явж цай ууя” гээд эмгэнийг аваад доош буув. Хоёр охин тоглоод хоцров. Эмгэн: “За охин минь цай уухаа больё. Чи тайтайтай уулзуулаач. Би тайтайгийн мэндийг мэдэж, Лао тайтайд гашуудал илэрхийлье” гэв. Пин Эр: “Та яарах хэрэггүй. Өнөөдөр хотоос гарахаас өнгөрчээ. Би чамайг ярьсаар, найнайгийн сэтгэлийг зовоохоос айгаад гаргаж ирлээ. Юм бодох хэрэггүй’ гэв. Эмгэн бурхан минь! гээд:
-Охин сэжиглэжээ. Би бас мэднэ. Одоо аниагийн өвчнийг чухам яах вэ гэсэнд цаадах нь:
-Ер нь таныг харахад ямар байна вэ гэж асуув. Эмгэн:
-Хэлбэл нүгэл болно. Тун барагтайхан байна гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Фөн Же дуудав. Пин Эр сандран очвол дуугүй болчихов. Энэ үед Жя Лянь орж ирүүт ханз руу харснаа дотор өрөөнд орж ууртай суув. Чю Тун хойноос нь орж цай ус өгч шивэр авир ярина. Жя Лянь Пин Эрийг дуудаж: “Найнай чинь эм уухгүй байна уу” гэсэнд цаадах нь: “Эм уухгүй бол яах вэ “гэв. Жя Лянь “Би мэдэх юм уу? Авдрын түлхүүр аваад ир” гэхэд нь ууртайг нь мэдээд юм асуусангүй. Гараад Фөн Жегийн чихэнд шивнэсэнд цаадах нь дуугарсангүй. Пин Эр нэг хайрцагийг Жя Ляний өмнө тавиад гарах гэтэл “Чөтгөр чамайг дуудаад байна уу. Энд тавиад хэнээр авахуулах юм бэ” гэв. Пин Эр уурласан ч биеэ барьж түлхүүр гарган авдар нээж “Юу авах вэ” гэсэнд цаадах нь: “Бидэнд юу байна вэ” гэв. Пин Эр бухимдан уйлж: “Үгээ ил хэлбэл, үхсэн ч гомдолгүй” гэлээ. Жя Лянь “Үүнийг хэлэх хэрэг юү байна. Тэр удаагийн хэргийг та нар өджээ. Одоо Лао тайтайгийн ажил явдалд дөрөв таван мянган лан мөнгө дутлаа. Лаое намайг ордны газар тариалангаар мөнгө ол гэлээ. Тэр хаана байна вэ. Гаднах өрийг төлөхгүй байж болох уу. Хэн намайг энэ ажлыг эрхэл гэв. Тийнхүү Лао тайтайгийн над өгсөн юмыг аваачиж барьцаалан зээлдүүлэхэд тавихаас өөр аргагүй боллоо. Чи зөвшөөрөхгүй юү” гэв.
Пин Эр үг дуугүй авдар доторх юмыг гаргав. Шяо Хун ирж: “Пин эгч хурдан очоорой. Фөн эгч муудлаа” гэсэнд цаадах нь яаран очив. Фөн Же гараараа хий самардаж байхаар нь очиж гарыг нь бариад уйлан бархирав. Түүний дуугаар Жя Лянь ирээд: “Ийм бол миний зүрхийг сугалахад хүрнэ” гэсээр хөлөө дэвсэлж нулимс унагав. Фөн Эр ирж “Эр Еэг гадаа асууж байна” гэсэнд арга буюу гарав. Фөн Же улам муудсанд Пин Эр нар дуу тавин уйлалдав. Чяо Же хүрч ирэв. Лю эмгэн орны нь дэргэд очоод дом хийсэнд Фөн Же үнэхээр аядав. Ван Фүрэнь ирээд гайгүй болсныг нь үзээд тайвшрав. Лю эмгэнтэй уулзаад мэндэлж хэзээ ирсэнийг асуусны дараа Фөн Жегийн тухай ярилцав. Энэ үед Цай Юнь ирж “Лаое, тайтайг залж байна” гэв. Тэрбээр Пин Эрд хэдэн үг хэлээд гарав.
Фөн Же хэсэг зуур сандраад гайгүй болов. Лю эмгэн энд байгааг үзээд, түүний бурханд даатгахыг итгэсэн тул Фөн Эр нарыг гаргаж, эмгэнийг дэргэдээ суулгаад, чөтгөр шулмастай учирсан юм шиг сэтгэл тайван байхаа больсныг ярив. Эмгэн: “Өөр тэндхийн ямар бурхан амьтанд тустай, ямар сүм нь аврал ихтэйг ярьсанд Фөн Же:
-Та намайг даатгаж өгөөрэй. Өргөл барьцны мөнгө надад байгаа шүү гэсээр алтан бугуйвчаа мулталж аваад эмгэнд өгөв. Эмгэн:
-Аниа минь, энэ хэрэггүй ээ. Манай тэндхийнхэн мөргөж даатгаад сайн бол хэдэн зуун зоос барих төдий. Юунд ийм юм хэрэглэх вэ. Би найнайгийн орноос очиж даатгавч буян амлах төдий бөгөөд харин аниа сайн болсон хойноо очиж дуртай барьцаа өөрөө баривал дээр гэв. Фөн Же, эмгэний сайхан сэтгэлийг мэдээд шалж шаардахаа болиод: “Би танд энэ амиа тушаая. Миний охин Чяо Жег өвчин зовлон ороох дуртай тул мөн танд тушаая” гэв. Эмгэн зөнгөөрөө “За” гээд хүлээн аваад, “Одоо ингэе. Нар эрт байна. Хотоос гарч амжих тул би явъя. Сүүлд аниа сайн болоод өглөг буянаа хийтүгэй” гэж хэлэв.
Зуурд, хилсийн чөтгөрүүд Фөн Жегээс зуурах тул айгаад Лю Лаолаогоос салж ядан “Та хэрэв намайг санаж нэг шөнө амар унтуулбал би их баярлана. Зээ охиноо энд орхиод явагтун” гэсэнд эмгэн: “Хөдөөгийн хүүхэд юм үзээгүй. Энд илүүдээд нүүрээ барна. Би аваад харина” гэсэнд Фөн Же: “Ийнхүү завсартай бодож яаж болно. Төрөл зуураа ямар хамаа байна” гэв. Эмгэн, түүний үнэн сэтгэлийг мэдээд Чин Эрийг үлдээвэл, гэрт бас хэдэн өдрийн хоол хэмнэж болно гэж баярласан боловч хүүхэд хоцрохгүй болов уу гэж болгоомжлон дэргэдээ дуудан авчирч асуувал цаадах нь эдний охинтой тоглож дасаад, бас ч энд үлдье гэж өөрөө хэлсэн тул эмгэн хэдэн үг захиад Пин Эртэй салах ёс хийгээд санд мэнд хотоос гарч одсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Лун Цүй Ань сүм бол угийн Жя Фү ордны газарт байх тул хатны төрхөмчлөх хүрээлэн байгуулах үед сүмийг хүрээнд багтаасан ажээ. Идэш ууш, зул хүжний зардалд ордон мөнгө өгдөггүй. Эдүгээ Мяо Юйг алдсанаас хойш эндэх эмгэд хулгайчийг бариулахаар яаманд мэдүүлээд Мяо Юйгийн орон суурийг хэвээр байлгахын тулд салж бутралгүй үлдэн суусан боловч дээш ордонд тодорхойлон мэдүүлсэн байжээ. Энэ хэр ордны хүмүүс цөм мэдэж байсан боловч Жя Жөн бэлэвсэрч санаа сэтгэл хүнд байх тул ийм саар юмыг мэдүүлж чадаагүй байжээ. Ши Чүнь ганцаар энэ учрыг мэдээд өдөр шөнөгүй зовж байлаа. Тэр явдал улмаар Бао Юйгийн чихэнд хүрч “Мяо Юйг хулгайлжээ” гэх буюу бас “Мяо Юйд эгэл хүний сэтгэл үүсч хүн даган явжээ” гэх сонсогдов. Бао Юй сонсоод ихэд гайхан “Тэр лав хүчинд автагдаж булаагдаад, аяыг нь дагахгүй гүжирмэглэж байгаад алагдсан байх” гэж бодсон боловч сураг ажиггүй алга болсон тул бодлоос нь ер гарахгүй байв. Тэрбээр санаа алдан: “Тэр биеэ “Хашлаганы гаднах хүн” гэдэг байсан. Тийм байтлаа яагаад ийм юмтай учрав. Тэр үед хүрээлэнд хэдий найртай байв! Хоёрдугаар эгчийг харьд мордсоноос хойш үхэх нь үхэж, явах нь яваад, тэр ганцаараа буртаггүй ариун үлдэж чадлаа гэж бодож байтал гэнэт газар дороос гай дэгдэж Линь дүүгээс ч этгээд сониноор үхжээ гэж бодов. Бас энэ тэртэй наалдуулж ийш тийш ургуулж бодсоор “Жуанз” бичигт элэр балар хоосон ертөнцөд хүний төрлийг олбол эрхбиш утаа май болон арилж дуусна” гэснийг санаад ихэд уйлав. Шин Фүрэнь нар бас солио өвчин нь хөдөллөө гэж сандран эевэргүү үг эвлүүлэн аргадав. Бао Чай учир шалтгааныг нь ололгүй ятгаж тайтгаруулаад ч тус болсонгүй. Сүүлдээ ухаан нь бүүр түүр болов. Бао Чай ухаан санааг нь мэдэхгүй, олонтаа асуун сураглаж, Мяо Юйгийн мөр сураггүй алга болсныг мэдээд бас санаа нь зовов. Одоо бол Бао Юйгийн төлөө санаа зовж, түүнийг төв чигч үгээр ятгаж, “Лань Эр шарилын тэндээс эргэж ирээд, сургуульдаа яваагүй боловч өдөр шөнөгүй шамдан чармайж байна гэнэ. Тэр бол Лао тайтайгийн жич нь юм. Чамайг Лао тайтай ямагт эрдэм бичигтэй хүн болоосой гэж хүсэж, Лаое чиний төлөө өдөр шөнөгүй зовж байхад чи харин саваагүй юманд сэтгэлээ шаналгаж биеэ үгүй хийнэ. Бид чамайг харсаар хожим юу болохыг чинь мэдэхгүй” гэсэнд хэлэх үггүй баахан дуугүй байж байгаад.
-Хүний саваагүй явдал над ямар хамаа байна. Манай гэрийн улирал буурсанд зовж байна гэв. Бао Чай
-Бас тэр, тэрийг гэнэ үү. Лаое, тайтай хоёр чамайг өөдтэй хүн болгож, өвгөд дээдсийн өвийг залгамжлуулах гэж хүсэж байтал чи ер ухаарч өгөхгүйг яах вэ гэсэнд цаадах нь дуугарах шинжгүй байснаа ширээгээ элгэдэн унтав. Бао Чай, Шө Юэ нарт хэлчихээд явж унтав.
Бао Юй гэрт хүн цөөрснийг үзээд дотроо: “Зы Жюань энд ирснээс хойш би түүнтэй сэтгэлийн үгээ ярьж чадсангүй. Тэр бүү хэл мэнд ч үгүй байгаа тул дотор үнэхээр төвдөхгүй байна. Түүнийг би Шө Юэ, Чю Вэнь мэтээр зөнд нь хаяж болохгүй. Дээр намайг өвдөхөд нилээд өдөр хань болж асарсан юм. Тэр бяцхан толь нь миний энд байсаар тул түүний сэтгэл бас багагүй. Одоо намайг харвал хүйтэн царай гаргана. Манай энэ хүний учраас болов уу гэхээр, энэ бас Линь дүүтэй их сайн. Зы Жюаньтай бас сайн байна. Намайг гэртээ байхгүй бол энэ хүнтэй ярьж инээлцээд байх мөртөө намайг ирэхээр л явчихна. Бодвол, Линь дүү үгүй болоод, миний гэрлэсний учирт байхаа. Ай халаг, Зы Жюань чи ийм сэргэлэн хүүхэн байж юунд миний энээхэн зовлонг хүртэл мэдэхгүй байна” гэхчилэн бодсоноо ахиулан, өнөөдөр орой тэдний унтах нь унтаж, оёж хатгах нь хийж байх заваар түүнийг олж ярилцъя. Түүнийг гомдоосон газар байвал буруугаа хүлээсэн ч болно гэж бодоод сэмээрхэн гарч Зы Жюанийг эрж очив. Тэрбээр баруун талын гэрийн дотор тасалгаанд сууж байв. Бао Юй цонхны нь дор очоод, зулын гэрэл сүүмэлзэхийг хараад цонхны цаасыг хэлээрээ норгож цоолоод дотогш шагайгаад “Зы Жюань эгч унтаагүй л байна уу” гэсэнд цаадах нь цочиж удтал мэлрээд сая “Хэн бэ” гэв. Бао Юй: “Би байна” гэсэнд дууг нь таниад “Бао Эр Еэ мөн үү” гэхэд нь хоолой засав. Зы Жюань: “Чи энд ирж юу хийнээ” гэв.
-Чи үүдээ нээчих. Би чамд нэг гол үгээ хэлье.
-Эр Еэ юү хэлэх юм бэ. Орой болсон тул хариад маргааш хэл гэв. Бао Юй урамгүй болж, оръё гэхээр үүдээ нээхгүй. Буцъя гэхээр энэ их сэтгэлийн зовлонг нь түүний энэ үг хөнджээ. Аргагүйдээд “Би олон юм хэлэхгүй. Нэг л үг асууя” гэсэнд цаадах нь: “Нэг юм бол асуу” гэв. Харин Бао Юй дуугарахаа больчихов. Түүнийг дуугарахгүй болохоор Зы Жюань, мангуу өвчин нь хөдлөх вэ гэж бодоод, чагнав. Тэгээд “Буцав уу. Эсвэл мунгинан зогсож байна уу. Хэлэх юмаа хэлэхгүй хүнийг шаналгаж яана даа. Нэгийг шаналгаж үхүүлчихээд, одоо бас нэгийг үхүүлэх санаа байна уу. Хүнээр оролдож яана даа” гэсээр түүний цоолсон нүхээр шагайвал тэнд мэлрэн зогсож байв. Зы Жюань дахиж хэлэхэд эвгүй гэж бодоод эргэж зулын бадмыг хайчлан засав. Бао Юй гэнэт санаа алдаж:
-Зы Жюань эгчээ, чи хад чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн биш байтлаа ойрд яагаад нэг ч сайхан үг над хэлэхгүй болчихвоо. Би хэдий та нартай зэрэгцэх аргагүй мангуу амьтан боловч миний осол эндлийг эгч над хэлж өгөөд энэ насандаа намайг тоохгүй явсан ч би үхэхдээ санаа амар тонилно гэв. Цаадах нь сонсоод хүйтнээр инээж:
-Эр Еэгийн үг энүү? Өөр юм байхгүй юү! Энэ л үг бол би авхайг байхад олон удаа сонсчээ. Бидэнд эндүү буруу зүйл байвал намайг тайтай ирүүлсэн тул тайтайд очиж мэдүүл. Инж, шивэгчин болсон бид нэн юу болно гэсээр хоолой нь ээдэрч хамар нь битүүрэв. Гадаа Бао Юй түүнийг зовнин уйлж байгааг мэдээд сандарч хөлөө дэвслэн “Юу гэж байгаа юм бэ. Чи энд хэдэн сар болоод миний учрыг мэдэхгүй байна уу. Миний өмнөөс чамд хэлж өгөх хүн үгүй болохул чи хүртэл надаар хэлүүлэхгүй намайг бүтээж ална уу” гэсээр мэгшин уйлав.
Энд Бао Юйг ийнхүү зовниж байтал гэнэт араас нь нэг хүн “Чи хэнээр үг хэлүүлэх гэнээ. Хэн нь, хэний юу болно. Өөрөө хүнийг гомдоосон бол өөрөө аргадах хэрэгтэй. Нүүр өгөх өгөхгүйг хүн өөрөө мэднэ. Учир ч үгүй бидэнд уураа гаргаж юу хийнэ” гэсэнд доторх гаднах хоёр зэрэг цочив. Энэ чинь хэн бэ гээд эргэж харвал Шө Юэ байв. Бао Юй эрхгүй ширвээдэв. Шө Юэ,
-Нэг нь буруугаа хүлээж байхад нэг нь тоохгүй бол яах юм бэ?Чи харин хурдан аргадах хэрэгтэй. Ээдээ манай Зы Жюань эгч тийм өр зөөлөн биш шүү. Үдшийн сэрүүнд хүн гадаа зогсоод өдий удаан гуйж байхад ялимгүй уясах байдал ч мэдэгдэхгүй байна уу гээд Бао Юйд, сая эр найнай чамайг өдий орой хаачив гэж байна. Тэгтэл чи харин ганцаар саравчин дор зогсоод юү хийж байгаа юм бэ гэж асуув. Зы Жюань дотроос:
-Чухам ямар санаатай юм бэ? Эр Еэг буцаатугай. Ярих юм байвал маргааш ярь гэж аль түрүүнд хэлсэн шүү. Ийм авир гаргаж юу хийнэ вэ гэв. Бао Юй хэдэн юм хэлэх санаа байвч Шө Юэ дэргэд нь байгаа болохоор хэлж болсонгүй. Тэгээд Шө Юэгийн хамт буцахдаа: “Болтугай, болтугай! Энэ насандаа би сэтгэлээ цагаатгах аргагүй боллоо. Түмэн нүдэт тэнгэрээс өөр хэн ч мэдэхгүй болой” гэсээр нулимсаа асгаруулав. Шө Юэ:
-Эр Еэ, би таныг тэр горио таслагтүн гэж захья. Хайран ч нулимс бол гэв.
Бао Юй юү ч дуугаралгүй гэртээ орвол Бао Чай унтжээ. Түүнийг унтаж байхыг мэхэлж байгаа гэж мэдэв. Гэтэл Ши Рэнь: “Хэлэх юм байдал маргааш хэлж болохгүй юү. Тэнд зориглон хүрч аашилсаар… гээд дуугүй болсноо, “Бие чинь ямар байна” гэж асуув. Бао Юй үг дуугаралгүй, толгойгоо сэгсэрсэнд, түүний хувцсыг нь тайлаад хэвтүүлэв. Тэгэвч нойр нь хулжаад унтсангүй. Бао Юй шөнө Зы Жюанийг нэг дуудаад, сэтгэл нь улам зовж, уйлав. Өнгөрсөн явдлыг эргэцүүлэн бодоод дотроо: “Бао Юйг өвчтэй, ухаан нь ээдэрч байх үед хүмүүс бурхан чөтгөр гэж элдэвлэсээр албаар барьж холбосныг тодорхой мэднэ. Бао Юй сүүлээр нь мэдээд хуучин өвчин нь дахиж үргэлж уйлан гашуудаж байснаар үзвэл, янаг хайрыг мартсан журамгүй этгээд биш болой. Энэ өдрийн ийнхүү өр зөөлөн аашлахыг үзээд улам ч зовжээ. Хөөрхий манай тэр Линь охин үнэхээр энэ жаргалыг эдлэх буянгүй ажээ. Үүгээр үзвэл, хувь ерөөл гэгч урьдын тавьсан тавилан мөн болой. Эхэндээ бүгдээр дэмий л шунан эрэмцсээр. Эцэстээ, арга ядан мухардах үед эргүү нэг нь ажиг ч үгүй явж, элбэрэл журам ихтэй нь энэлэн гасалж уйлан гиншихээс өөр аргагүй дуусах ажээ. Хөөрхий тэр үхсэн нэг нь үүнийг яахин олж мэднэ. Үлдсэн энэ нэг нь үнэхээр гашуудлын харанхуй мананд эргэшгүй төөрчээ. Хад чулуу, хагд өвс мэт ухаан мэдрэлгүй болсон аваас харин үнэхээр санаа амар болой” гэж бодтол уяран эмгэнэж байсан сэтгэл нь харин мөс мэт хүйтэн болов. Ороо засаад унтахыг завдтал зүүн хүрээнд үймэлдэх чимээ гарав. Ямар учир болсныг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ