Д.Хаянхярваа: Оюутолгой төслөөс болж монголчууд ядуу болоогүй

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Оюутолгой төслөөс болж монголчууд ядуу болоогүй

Д.Хаянхярваа: Оюутолгой төслөөс  болж монголчууд ядуу болоогүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.04.16/ хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж, бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгсөн байна.

Засгийн газраас өгсөн тайлангаар 35-40  хувийн хэрэгжилттэй байна гэж танилцуулжээ. Гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад юу болохгүй байгаа талаар гишүүд асууж, тодруулсан байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Энэ өгөөж нь бодитойгоор иргэн, айл бүрт хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт гишүүд анхаарал хандуулж ярилцсан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар хотын удирдлагуудыг үдээс хойших бүлгийн хуралдаанд суулгахаар болсон” гэлээ.

Бүлгийн хуралдаанаар агаарын бохирдлыг  бууруулах асуудлыг дулааны улиралд орхигдуулдаг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар утааныхаа асуудлаар авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх, тодорхой асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн бүлгийн гишүүдийн зүгээс орон нутагт ажиллаж байх хугацаанд иргэдээс ирсэн зарим шүүмжлэлийн талаар танилцуулж, ярилцсан байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудал аж. Төрийн дээд, доод албан тушаалтнууд авлига авдаг үзэгдэл их байна гэжээ.

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг халах, халаа сэлгээ их байгаа талаар иргэдийн зүгээс маш их шүүмжлэл хэлсэн байна. Тиймээс МАН-ын бүлэг ирэх долоо хоногт төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах тал дээр асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ, Засгийн газрын түвшинд сахилга хариуцлага, УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг бүлэг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн санал гарсан учраас намын дотоод асуудлын хүрээнд тодорхой бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулах нь зүйтэй гэж санал нэгджээ.

Намын бүлгийн хуралдаан үдээс хойш хуралдаж, хүүхдийн мөнгийг 100 хувь эсвэл 80 хувь олгох төсөл болон УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсох юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь хүүхэд бүрт олгох төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан. Мөн Засгийн газраас өргөн барьсан. Ер нь хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох нь зөв гэж бүлэг үзэж байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлт 5,1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан улсын өр авлага барагдуулах чиглэлд тодорхой зарлага гарч байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор байсныг 80 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газар гаргаж чадсан. Энэ чиглэлээ баримталж ажиллах болов уу гэж бодож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад нийт хүүхдийн 90 хувь л авдаг байсан гэсэн судалгаа байсан. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд олгох нь зүйтэй гэж бодож байна.

-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгойтой холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгүүд дүнгээ хэзээ гаргаж, дүнгээ танилцуулах вэ?

-Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Ажлын хэсгүүд дүнгээ шаардлагатай гэж үзвэл  байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулах байх.

-Оюутолгойтой холбоотой хоёр ч Ерөнхий сайдыг баривчилсан. Бүлэг энэ талаар ярилцсан уу. Та мөн Оюутолгой төслийг дэмжсэн хүний нэг ч би гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Ер нь энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлсэн үү?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бол бодит үнэн. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, залруулах зүйл байгаа байх. Ер нь Оюутолгойн гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон гэдгийг бас асуумаар байгаа юм. Оюутолгой зурагдсанаар эдийн засга хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ажилгүй болсон юм биш гэж бодож байна. Цаашид бид олон зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр бид бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна, ганцхан та нар дотооддоо зүг чигээ гаргаж, бодлогоо зөв тодорхойл гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Тэгэхээр бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ дэлхийн хэмжээний том компанитай анх удаа түүхэн гэрээ хийж чадсан. Энэ гэрээнд алдаа оноо гарсан зүйл бий. Энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой түвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байгаа.

-Гишүүдээс Засгийн газрын хариуцлага, гишүүдийн ёс зүйн асуудлыг ярилцах ёстой гэсэн санал гарсан гэлээ. ТОдорхой тавьсан асуудлууд байна уу?

-Ер нь сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг ярих ёстой гэдгийг хэлсэн. Хэн нэгэн гишүүн гэхээс илүү ёс зүй, хариуцлагаа сайжруулах чиглэлээр бид цаашид юун дээр анхаарч ажиллах ёстой вэ гэдгээ ярилцсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж