Бөхийн өргөөний гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч одоогоор Цагдаагийн хамгаалалтад аваад байгаа билээ. Баасан гаригийн шөнөөс эхлэн дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөний гадаа хонож, үймээн гарсан байдаг.
Одоогийн холбооны удирдлагууд болох дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаяр нар дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат нартай ярилцаж, тайван байдлаар асуудлыг шийдэхийг хүссэн. Гэвч тэд ойлголцолд хүрч чадаагүй аж.
Тэгвэл бямба гаригт УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байх үед улсын начин Б.Одхүү тэргүүтэй бөхчүүд бүлэглэн зодож, түүний биед халджээ. Мөн А.Сүхбат гишүүнийг гадагш гаргахын тулд чирж, гэмтэл учруулсан тул тэрбээр шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Мөн уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Эх сурвалж ‘Бөхийн өргөөний гадна байгаа цагдаагийн хамгаалагч нар Улсын начин Б.Одхүү нарын 10 гаруй залуусыг дотогш нэвтрүүлээгүй бол ийм асуудал гарахгүй байсан’ гэж хэллээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдсан Улсын начин Б.Одхүү одоогийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнийн бие хамгаалагч аж. Тиймээс түүнийг дотогш нэвтрүүлсэн нь УИХ-ын гишүүний биед халдах боломжийг гаргасан гэж үзэж байгаа юм байна.